Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Цусны даралт ямар хор уршигтай вэ?

Цусны даралт ямар хор уршигтай вэ?

ЦУСНЫ ДАРАЛТ ГЭДЭГ НЬ АРТЕРИЙН СУДАСНЫ ХАНАНД ҮЗҮҮЛЖ БУЙ ЦУСНЫ УРСГАЛЫН ХҮЧИЙГ ХЭЛДЭГ БӨГӨӨД ЭНЭ НЬ ӨДӨРТ ИХСЭХ, БАГАСАХ БАЙДЛААР БАЙНГА ХЭЛБЭЛЗДЭГ ГЭДГИЙГ UB MED ЭМНЭЛГИЙН ЗҮРХ СУДАСНЫ ЭМЧ /АХЛАХ ЗЭРЭГТЭЙ/ С.БОТА ХЭЛСЭН ЮМ. ТЭГВЭЛ ҮҮНЭЭС ҮҮДЭН ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР СӨРӨГ НӨЛӨӨ УЧИРЧ БОЛОХЫГ ЭМЧ АНХААРУУЛЖ, ЗӨВЛӨЛӨӨ. ТА МЭДДЭГ МЭТ МЭДДЭГГҮЙ СЭДВЭЭ ДАХИН НЭГ ТОГТОН УНШИНА УУ.

TV ZONE: ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧЛӨЛ ЯМАР ХОР УРШИГТАЙ ВЭ?

С.БОТА: Монголд нас баралтад хүргэх өвчлөлүүдийн дотор зүрхний өвчнөөс нас баралт өндөр хувьтай байдаг. Харин зүрхний өвчин дотроо янз бүрийн өвчлөлд нэрвэгдэх нөхцлийг судасны хатуурал, даралт ихсэлт хамгийн ихээр бүрдүүлдэг. Нөгөө талаар даралт ихсэлт нь хүндрээд бөөр, зүрхнээс болж нас барах зэрэг бусад өвчинтэй хавсран хүндрэх магадлал өндөр. Гэтэл энэ бүхэн манай улсад элбэг тохиолдох болсон. Учир нь даралт ихсэх хүчин зүйлийн нэг таргалалт. Хоёр жилийн өмнө Финландын эмч нар Монголд судалгаа хийсэн юм. Энэ судалгаагаар Монголын хүн амын 80 хувь нь таргалалттай, тэр дундаа төвийн таргалалттай гэсэн дүн шинжилгээ гарсан. Төвийн таргалалт гэдэг нь хэвлийгээрээ тарган, гэдэс, гүзээтэй байхыг хэлнэ. Хэвлийн тойрог нь эмэгтэй хүний хувьд 80 см-ээс дээш, эрэгтэй хүнийх 95 см-ээс дээш бол та төвийн таргалалттай байна гэсэн үг. Энэ нь зүрх судасны өвчин хүндрэх эрсдлийг 5 дахин ихэсгэдэг сөрөг талтай юм.

Даралт ихсэх өвчин нь дотроо бие дааж даралт ихсэх болон шинж тэмдгийн гаралтай буюу хоёрдогч өвчлөлөөр даралт ихсэлт гэж хоёр хуваагддаг. Бие даасан даралт ихсэх өвчин нь энэ төрлийн нийт өвчлөлийн 90 хувийг эзэлдэг.

TV ZONE: ТЭГВЭЛ БИД ГАРЧ БОЛОХ ЭРСДЛЭЭС ӨӨРСДИЙГӨӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

С.БОТА: Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлнө. Тиймээс тэрхүү эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулж байж, даралт ихсэх өвчинтэй тэмцэж чадах юм. Эрсдэлт хүчин зүйл дотроо засч болох, болохгүй гэсэн хоёр ангилал бий. Засч болохгүй гэдэгт удамшил, хүйс /эр/, нас. Харин засч болох хүчин зүйл нь таргалалт, хөдөлгөөний хомсдол, зохисгүй хооллолт, архи, тамхины хорт зуршил, сахарын өвчлөл зэрэг орно. Тиймээс эдгээр засч болох хүчин зүйлийг анхаарч байж, даралт ихсэх өвчнөөс өөрсдийгөө хамгаалж, сэргийлж чадах юм.

TV ZONE: ДАРАЛТ ИХСЭЖ, БАГАСЛАА ГЭХЭД ХЭН НЭГНИЙ САЙН ГЭЖ ЗӨВЛӨСӨН ЭМИЙГ ДУР МЭДЭН УУЖ ХЭРЭГЛЭХ ХАНДЛАГА ИХ БАЙДАГ. ҮҮНИЙ СӨРӨГ ТАЛ?

С.БОТА: Даралт бууруулах эм 4-5 төрлийн шатлалтай. Нөгөө талаар даралт ихсэлт нь дотроо 3 үед хуваагддаг. Тэр бүхэнд тохирох эм, тун гэж бий. Тиймээс хүн бүхэн адилгүй учир эмчид үзүүлж байж ямар эмийг хэрхэн уухаа мэдэх учиртай. Ингээд насан туршдаа тогтмол уух ёстой. Ингэж байж л харвалт, зүрхний шигдээс, бөөрний дутагдал, бусад захын судасны гэмтлээс сэргийлэх юм.

TV ZONE: ДАРАЛТ ИХСЭЛТ, БАГАСАЛТ ГЭЖ БИЙ. АЛЬ НЬ ИЛҮҮ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ВЭ?

С.БОТА: Даралт багасах шалтгаан нь харьцангуй бага. Угийн даралт багатай хүн байж болно. Энэ бол хэвийн. Харин даралт өндөртэй хүн гэнэт багасах нь муу. Түүнээс бус даралт ихсэлт өвчнийг илүү авч үзнэ. Учир нь түүний хор хөнөөл нь их.

TV ZONE: ЭНЭ ХОЁРЫН ХҮНИЙ БИЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ НЬ АДИЛ УУ? ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМЧИД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

С.БОТА: Толгой өвдөх, дайвалзах, шилэн хүзүү хөших, нүд бүрэлзэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Гэхдээ энэ мэт шинж тэмдэг илэрдэггүй хүн ч бий. Сахарын өвчин шиг чимээгүй тахал ч гэж нэрийддэг. 200-тай даралттай хүн өөрийгөө даралт ихсэх өвчтэйгөө мэдээгүй явах тохиолдол байна. Тиймээс даралт ихсэх өвчнийг илрүүлэх чухал арга хэмжээ нь эмчид хандах явдал. 55-аас дээш насанд даралт ихсэх магадлал өндөр болдог. Тиймээс энэ насны хүмүүс ямар ч эмчид даралтаа хянуулж байх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд тайван байхад таны даралт хэдтэй байна вэ гэдэг чухал. Ямар нэг ачаалал аваагүй байхад 130, 90-ээс дээш бол ихсэж байна гэсэн үг. Эмнэлэгт ирэхээр “Цагаан халадны даралт” гэж байдаг. Эмч хараад сэтгэл зүйгээрээ даралт ихсэх хандлага бий. Тиймээс гэрийн нөхцөлд даралтаа хэмжүүлэх нь илүү бодит үзүүлэлт юм. Насанд хүрсэн хүний хэвийн даралт 120, 80 байна. Үүнээс гадна зааг даралт гэж бий. Даралт ихсэхээс өмнөх, урьтал даралтын хэмжээ нь 139, 89-ээс дотогш байх ёстой. Үүнээс дээш бол даралт ихсэж байна гэж оношилно.

TV ZONE: ИХ ЗАЛУУЖИЖ БАЙГАА ГЭЖ СОНССОН ЮМ. ҮНЭН ҮҮ?

С.БОТА: Тийм шүү. Хөдөлгөөний дутагдал, таргалалт, удамшлын хүчин зүйл, стресс энэ өвчинд нэрвэгдэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Даралт ихэслээ гэдгийг мэдэнгүүтээ эм уудаггүй. Эхлээд даралт ихсэлтэд нөлөөлж буй засч болох хүчин зүйлийг засах учиртай. Үүнд хөдөлгөөн, давсны хэрэглээ, жин нэмэхгүй байх зэрэг амьдралын зөв хэвшлийг бий болгох хэрэгтэй. Жингээ хаслаа гэхэд л даралт 10 хувиар буудаг гэж үздэг. Энэ бүх арга хэмжээг аваад байхад, эсвэл тухайн хүн амьдралын зөв хэвшилд орж чадахгүй байвал эм уух дараагийн алхмыг хийх ёстой. Зөв хэвшилд давс, өөх тос, хөдөлгөөн гурав чухал.

TV ZONE: ЭНЭ ГУРВЫГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ЁСТОЙ ВЭ?

С.БОТА: Давс өөртөө ус татна. Ингэснээр эргэлдэх цусны хэмжээ их болж, зүрхэнд шахаж буй цусны хэмжээ ихэснэ. Үүнээс үүдэн даралт ихэсдэг. Манай улс дэлхийн бусад улс оронтой харьцуулахад давсны хэрэглээ маш өндөр. Манайхан би давсгүй цай уудаг, хоолондоо бага хэрэглэдэг гэдэг. Үүгээр түүний хэрэглээ хязгаарлагдахгүй. Учир нь нөөшилсөн бүх бүтээгдэхүүн, хиам, мах махан бүтээгдэхүүн, гурилан болон талх, нарийн боовонд давс ихээр агуулагддаг. Энэ бүхний хэмжээг тооцоолдоггүй. Насанд хүрсэн эрүүл хүний өдөрт хэрэглэх давсны хэрэглээ 5 гр-аас бага байх ёстой. Дараагийн асуудал нь өөх тос. Өөх, тосыг хэрэглэх хэрэгтэй. Энэ нь уураг тархинд тэжээл болдог. Өөх тос нь ханасан, ханаагүй гэж бий. Амьтны гаралтай өөх бол ханасан. Энэ нь шингэлт муутай, удаан задралттай. Харин ургамлын гаралтай өөх тос нь ханаагүй хэлбэр нь. Ханасан өөхийг бага, ханаагүйг нь их хэрэглэж, хэмжээг нь зохистой барих ёстой. Өөх тосоо шатааж, хайлуулахгүй бол өөх тос судасны хананд сууж, гэмтээгээд, нарийсган бусад гэмтэл, хүндрэл гарах эрсдэлийг үүсгэдэг. Хүн долоо хоногийн 5-аас доошгүй өдөр, нэг удаад 30 минутаас дээш идэвхтэй хөдөлгөөн хийж байж, хөдөлгөөний дутагдал, таргалалтаас сэргийлэх боломжтой.

Ярилцсан: Б.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ