Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дуучин Х.Энх-оюун, Охин Т.Анаргоо: Охин бид хоёрыг ихэр үү,

Дуучин Х.Энх-оюун, Охин Т.Анаргоо: Охин бид хоёрыг ихэр үү, эгч дүүс үү гэдэг?

АНХЛАН ХАРАХ НЬ ЭЭ, НАЙЗ ОХИД ШИГ ХАРАГДАХ ТЭД БОЛ ЭЭЖ, ОХИН ХОЁР. ИХЭР ҮҮ Ч ГЭЖ СОНИРХОН АСУУХ ТОХИОЛДОЛ БАЙДАГ ГЭНЭ. ЭНЭ УДААГИЙН ШИНЭ ДУГААРЫНХАА ХҮНДТЭЙ ЗОЧДООР МОНГОЛЫН АНХНЫ ФОТО МОДЕЛИУДЫН НЭГ ХАЙДАВЫН ЭНХ-ОЮУНЫГ, ОХИН ТАМИРЫН АНАРГООГИЙН ХАМТ УРИЛАА.

TV ZONE: ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. ЮУНЫ ӨМНӨ УНШИГЧИДТАЙ МЭНДЧИЛЖ, ӨӨРСДИЙГӨӨ ТАНИЛЦУУЛНА УУ?

Х.ЭНХ-ОЮУН: Намайг Х.Энх-Оюун гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. 1999 онд анх зохион байгуулагдаж байсан “Монголын фото мисс” шалгаруулах тэмцээний нэгэн оролцогч нь болж байлаа. Энэ бол миний амьдралын гайхалтай дурсамжийн нэгээхэн хэсэг яахын аргагүй мөн. Би багаасаа Монголын Хүүхдийн ордны Найрал дууны ангид суралцдаг, дуулдаг охин байлаа. Энэ нь намайг дуучин болох замын эх байсан юм. Хүүхдийн ордонд суралцаж байхдаа хамтлагт дуулдаг, мөн түүний дараагаар 3 хөвгүүнтэй нийлж “Урсгал” хамтлагийг байгуулан хамтдаа поп чиглэлээр дуулж явсан сайхан цаг үеэ эргэн дурсахад таатай байна. Ингээд 2004 онд аав минь дүү бид хоёрыг Сингапур улс руу сургуульд сургахаар явуулснаас хойш 11 жилийн дараа эх орондоо ирлээ. Ирээд удаагүй байхдаа TV ZONE сэтгүүлийн зочноор уригдаж байгаадаа баяртай байна. UBS телевиз надад хэзээнээс дотно санагддаг. Учир нь “Фото мисс” тэмцээнд оролцож байхдаа Мобикомын анхны рекламд тоглох боломж олдсон юм. Үүний зураг авалт нь UBS телевиз дээр болж байсан болохоор ийн сэтгэлд тод байдаг.

Т.АНАРГОО: Миний нэрийг Т.Анаргоо гэдэг. Энэ жилийн 10 дугаар сарын 04-20-ны хооронд Тайваньд зохион байгуулагдсан “Face of beauty” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Миний хувьд фото моделийн чиглэлээр ажиллах сонирхолтой. Энэ хүсэл сонирхолд минь аз тохиосон нь энэ юм.

TV ZONE: “ FACE OF BEAUTY” ТЭМЦЭЭНД ХЭЧНЭЭН ОРНЫ ГОО БҮСГҮЙ ӨРСӨЛДӨВ? ТЭМЦЭЭНИЙ ЗОРИЛГО, ЧАНСААНЫ ХУВЬД МЭДЭЭЛЭЛ ӨГВӨЛ?

Т.АНАРГОО: 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа юм билээ. 70 гаруй орны 15-26 насны бүсгүйчүүд оролцдог энэ тэмцээнд монгол охид анхны тэмцээнээс нь л оролцож байсан бөгөөд миний хувьд 3 дахь оролцогч нь болж байна. Ирэх жил Монголд зохион байгуулагдахаар ярилцаж байгаа гэсэн. Хэдий “Face of beauty” нэртэй боловч гадаад дүр төрхөөс гадна дотоод гоо үзэсгэлэнг зорилгоо болгодог юм билээ.

Х.ЭНХ-ОЮУН: Англиар чөлөөтэй ярьдаг охин эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцоно гэдэг бас ховор тохиол болов уу. Тиймээс охиноороо бахархаж байгаагаа илэрхийлье.

TV ZONE: ТА СИНГАПУРТ ЯМАР МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАН ТӨГССӨН БЭ?

Х.ЭНХ-ОЮУН: Би Сингапурт нүүр будагчийн /make-up artist/ чиглэлээр төгссөн, мөн Малайзд оффис менежерээр төгссөн. Эх орондоо 2 жил тутам ирдэг байсан бол одоо бол бүр ирсэндээ баяртай байна.

TV ZONE: АНАРГОО ХААНА СУРДАГ ВЭ?

Т.АНАРГОО: Би Монгол Улсын Боловсролын Их сургуулийн гадаад хэлний ангид суралцдаг. Сургуулиасаа жилийн хугацаанд чөлөө авчихсан байгаа.

TV ZONE: СЭТГЭЛ ЗҮЙЧИД ЭЦЭГ, ЭХИЙГ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХАРЬЦАХДАА НАЙЗ МЭТ БАЙХЫГ ЗӨВЛӨДӨГ Л ДӨӨ. ТА ХОЁР Ч НАЙЗ ОХИД ШИГ ХАРАГДСАН?

Х.ЭНХ-ОЮУН: Охин, хүү хоёроосоо хол байсан болоод ч тэр үү энэ хоёртоо хатуу хандаж, загнаж чаддаггүй. Ер нь тийм шаардлага ч байдаггүй дээ. Охин бид хоёр яг л найзууд шиг, хүү охин хоёр маань ч хоорондоо яг найз шиг харьцдаг. Гэхдээ түүний цаана мэдээж хүндлэл бий. Миний хоёр хүүхэд ээжийнхээ үгийг сайн сонсож, хүлээцтэй байдаг. Амьдрал хойно санал зөрөлдөх үе гаралгүй л яахав. Тэр үед бие биеийнхээ үзэл бодлыг тайван хүлээн авна, гомдоовол уучлалт гуйж, уучилж чаддаг харьцааны асуудал дээр их нээлттэй, уян хатан байдаг шүү. Энэ бүхэн бидний итгэгч болсонтой минь ч холбоотой болов уу. Би Тайландад байхдаа итгэгч болсон. Итгэгч болсон минь миний амьдралын хамгийн зөв шийдвэр байлаа. Хүний нутагт сэтгэл тайван сурч боловсрох боломж олгосон хүн бол ээж минь. Хоёр хүүхдийг минь өдий зэрэгт өсгөн хүмүүжүүлсэн ээждээ хязгааргүй их баярлаж явдгаа илэрхийлье. Хүүг маань Э.Есүхэй гэдэг. Одоо 12 настай. Миний хүү youtube-чин болно гэдэг юм. Англиар мөн чөлөөтэй ярьж, ойлгодог.

TV ZONE: ЭЭЖ, ОХИДЫН ХАРЬЦААГ ЯМАР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Х.ЭНХ-ОЮУН: Миний охин бол бараг л өсвөр насны охин шүү дээ. Энэ насны охид ээжтэйгээ найз шигээ үй зайгүй, цаг үргэлж хамт явах нь ховор. Тиймээс охинтойгоо найз шиг нь байх шиг сайхан зүйл гэж үгүй.

Т.АНАРГОО: Үнэхээр ээж бид хоёр найзуудаасаа илүү дотны найзууд шиг байдаг.

TV ZONE: ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ТУХАЙ ЯРИХДАА ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙГ ОНЦГОЙЛООД БАЙНА, МЭДЭЭЖ БОЛОВСРОЛД НЬ ИХ АНХААРДАГ УУ?

Х.ЭНХ-ОЮУН: Мэдлэг боловсрол хүнд чухал. Гэхдээ би хоёр хүүхдээ сайн л хүн болоосой гэж хүсдэг. Түүнээс бус хоёр, гурван их сургууль төгсөөд, ийм тийм дипломтой болох ёстой гэж боддоггүй. Хүнд хүний мөн чанараас илүү чухал мэдлэг гэж байхгүй. Хүнд хэрэгтэй, хүний төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс л болоосой гэж хүсдэг дээ.

TV ZONE: АМЬДРАЛЫН ЮУНААС СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ МЭДЭРДЭГ ВЭ?

Х.ЭНХ-ОЮУН: Олон зүйлээс сэтгэлийн сайхан мэдрэмжийг авдаг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, инээд хөөр, аз жаргалтай мөчүүдээс, итгэгч хүмүүс илүү мэдэрч, ойлгох бурханы оршихуйгаас сэтгэл ханамжийг мэдэрдэг. Мөн би үнэнч, шударга зүйлд их дуртай. Өөрөө хүнд худлаа ярьдаггүй болохоор худалч занд дургүй.

TV ZONE: ОХИНТОЙГОО ДЭРСХЭН МЭТ ХАРАГДАХ ГОО САЙХНЫ ТАНЬ НУУЦ ЮУ ВЭ?

Х.ЭНХ-ОЮУН: Баярлалаа. Надад тусгай нууц жор гэж байхгүй ээ. Гадаа нартай, бороотой, үүлэрхэг байсан ч би нарны хамгаалалтын тосыг хэрэглэдэг. Магадгүй энэ миний тос нууц жор байж болох юм. Түүнээс бус үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгө зарахыг хүсдэггүй. Бид хоёр гар доорх материалаар гуужуулагч, уруулын будаг зэргээ хийж хэрэглэх дуртай. Охин маань “DIY with Goo” гээд фейсбүүк хуудас хөтөлдөг.

Т.АНАРГОО: Өөрсдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ аль болох өөрийн гараар, гар доорх материал ашиглан хийж хэрэглэх дуртай. Бусдад ч гэсэн энэ цахим хуудсаараа дамжуулан хүргэдэг.

TV ZONE: СОНИРХОЛТОЙ ЮМ, НЭГ ЗӨВЛӨГӨӨ СОНСМООР БАЙНА?

Т.АНАРГОО: Бололгүй яахав. Скраб яаж хийг зааж өгье. Жамц давс, бор элсэн чихэр, кокосны тос эсвэл оливын тосыг адил хэмжээтэй хийж холиод нүүр болон биеийн арьсандаа гуужуулагч болон хэрэглэнэ. Усанд орох бүртээ биеэ үрж, хэрэглэхэд арьс яг л жаахан хүүхдийнх шиг зөөлхөн болдог шүү. Энэхүү скрабыг нүүрэндээ зөөлөн түрхэх хэрэгтэй. Хэт ширүүн үрвэл арьс эмзэгшиж, улайх эрсдэлтэй.

Х.ЭНХ-ОЮУН: Скраб арьсны үхсэн эд эсийг гуужуулдаг болохоор гоо сайхандаа хэрэглэх шаардлагатай байдаг. Янз бүрийн скрабууд гадуур худалдаалагддаг л даа. Гэхдээ энэ нь илүү чанартай, хямд өртгөөр бүтдэг юм шүү. Мөн хүнсний содыг олон зүйлд ашиглаж болдог. Энэ бас охины маань нээлт байгаа юм.

Т.АНАРГОО: Хүнсний сод нь арьс цайруулах, зөөлрүүлэх, шүд цагааруулах зэргээр олон зүйлд ашиглагддаг. Шүдээ цагааруулъя гэвэл хэрэглэдэг шүдний оондоо жаахан сод асгаад энгийн угаалтаар угааж болно. Мөн нимбэгний шүүсэнд бага зэргийн сод хийгээд шүдээ угаахад маш үр дүнтэй. Ваннтай усанд орохдоо сод хийж болдог. Арьс их зөөлөрнө.

TV ZONE: ГАДНААСАА АРЬСАА ИНГЭЭД АРЧИЛЛАА. ТҮҮНИЙ ХАЖУУГААР ДОТРООСОО ЗӨВ ХООЛЛОЖ БАЙЖ АРЬС ЭРҮҮЛ БАЙДАГ. ЗӨВ ХООЛЛОЛТЫН ХУВЬД ЮУГ БАРИМТАЛДАГ ВЭ?

Х.ЭНХ-ОЮУН: Тэгэлгүй яахав. Миний хувьд өглөө сэрэнгүүтээ ус ууна. Ингээд 30-40 минутын дараа тараг ууна. Түүний дараа өглөөний цайгаа уудаг. Мөн хооллолтынхоо хажуугаар биеийн хор гадагшлуулах цай ууж, биеэ эрүүлжүүлдэг. Орой 20:00 цагаас хойш хоол идэхгүй. Идмээр бол тараг ууна.

Т.АНАРГОО: Хэчнээн арьсандаа чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэсэн ч дотроосоо ус уухгүй бол арьс үрчлээ суух шалтгаан болдог. Тиймээс усыг сайн хэрэглэдэг.

TV ZONE: ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДОТООД ГОО САЙХАН ГЭЖ ОЛОНТАА СОНСОЖ БАЙЛАА? ЭНЭ ЧУХАМ ЮУ ЮМ БОЛ?

Т.АНАРГОО: Эмэгтэй хүн бол маш уужуу байх ёстой гэж боддог. Аливаа зүйл дээр хэт сэтгэл хөдлөлдөө автан хөнгөн хуумгай хандах нь тийм ч таатай харагддаггүй.

Х.ЭНХ-ОЮУН: Охинтойгоо санал нэг байна. Дөлгөөхөн, тайван, уужуу байх нь эмэгтэй хүний мөн чанар юм болов уу. Хүнийг уучилж чаддаг, уучлалт гуйж чаддаг, хэн нэгэнд хэлэх үгээ бодож хэлдэг, хаана хэнтэй юу ярихаа мэддэг зэрэг олон шинж чанар эмэгтэй хүнд байх хэрэгтэй. Ер нь эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай хов жив, хэл амнаас хол яваа хүн л дотоод сэтгэлийн оршихуйтай харагддаг.

TV ZONE: ЭХ ОРОНДОО БҮРМӨСӨН ИРСЭН ЮМ ЧИНЬ УРАН БҮТЭЭЛДЭЭ ОРОХ БАЙХ?

Х.ЭНХ-ОЮУН: Тиймээ, би ирэх 12 дугаар сараас шинэ уран бүтээлүүдээ сонсогчиддоо хүргэж эхэлнэ. Үүнд, мэдээж хоолойны бэлтгэл чухал. Тиймээс сайн бэлтгэлээ базааж, чанартай, сайхан уран бүтээлүүдийг хүргэхээ амалъя.

TV ZONE: УНШИГЧИДДАА САЙХАН ЗҮЙЛИЙГ УРИАЛААД ЯРИЛЦЛАГАА ӨНДӨРЛӨЕ!

Х.ЭНХ-ОЮУН: Монголчууд бие биеэ хүндэтгэж, зөв боловсон, соёлтой харьцдаг байгаасай гэж хүсдэг. Мөн хүний сайн сайхан талыг олж хардаг байгаасай.

Т.АНАРГОО: Хийж чадаж байгаа нэгнээ шүүмжлэгсэд их болчихжээ. Хүн сэтгэлийн амьтан. Тэгэхээр нэгэндээ урам, дэм өгөхгүй юм гэхэд шүүмжилж, доромжилдог тэр хандлагыг үгүй хийхийг хүсдэг. Тиймээс үеийнхнийгээ, залуусаа бие биедээ сөрөг хандлагаар бус эерэг сэтгэлээр хандаж байгаасай гэж уриалах байна.

Х.ЭНХ-ОЮУН: Нэг нэгнээ шүүмжлээд цөөхөн хэдэн монголчууд юуг хийж бүтээж, аль зүгт харах билээ дээ. Шүүмжлэл байх хэрэгтэй. Гэхдээ зөв зүйл дээр нь ухаалгаар шүүмжилдэг байвал хэн хүн алдаа дутагдлаа засаад амжилттай явах болов уу гэж боддог. Түүнээс гадна хамгийн чухал нь амьдрал хайр дээр тогтдог. Харин хариу нэхдэггүй хайрыг төгс хайр гэдэг. Тиймээс нэг нэгэндээ төгс хайрыг бэлэглэж байгаарай.

TV ZONE: МАШ ИХ БАЯРЛАЛАА. ГЭР БҮЛД НЬ ТӨГС ХАЙРЫГ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

Ярилцсан: Б.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зурагчин: В.ЦЭНД-АЮУШ

Стилист: Г.ГАНЧИМЭГ