ХОРВООГООР АЯЛАХУЙ:Алсын АРГЕНТИН
Хэдийгээр Бразилийг “Хөлбөмбөгийн эх орон” гэдэг ч Аргентины багачууд хэл ороогүй байхдаа л хөлбөмбөг тоглож сурдаг гэнэ. Ингээд энэ цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгч Л.Месси,өнөөх цуут Марадона нарын өлгий нутаг Аргентин улсаар энэ удаад уншигч таныг аялуулахаар зэхлээ.
Хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх Бүгд найрамдах Аргентин улс нь баруун талаараа Андын нуруу , зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг.Өмнөд Америктаа газар нутгаараа хоёрт орох энэ улс Парагвай , Боливи , Бразил , Уругвай , Чили улсуудтай хиллэнэ. Аргентины Антарктид, Фолклендийн арлууд , Өмнөд Жоржиа гээд өнөө хэр нь газар нутгийн маргаантай зарим нутаг дэвсгэрийг Аргентин улс өөрийн бүрэлдэхүүн гэж үздэг.Уур амьсгалын хувьд халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн хойд хэсэг нь зундаа нэлээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл тохиодог. Харин өмнөд хэсгээр зун нь дулаахан ч , уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна.
Аргентины хүн амын 85% нь европ гаралтай, 15% нь уугуул нутгийнхан. Өөрсдийгөө голцуу итали,испани гаралтай гэж үздэг аргентинчуудын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь сүүлийн үеийн судалгаагаар тогтоогдоод байгаа.Өөрөөр хэлбэл цагаан арьст аргентинчуудын талаас илүүд нь индиан цус гүйж байна гэсэн үг юм.
“Сайхан салхитай” Буэнос-Айрес
13 сая хүн амтай энэ хот бие даасан автономит эрхтэй. Европын хийц маягтай байшин барилга,цэвэр цэмцгэр байдлаараа Буэнос-Айрес хот заримдаа Парисыг санагдуулна.Жуулчдын хамгийн ихээр сонирхон үздэг хотын захиргааны байр, Сан-Игнасио болон Эль Пилар сүмүүд 18-р зууны үед баригдсан бол нийслэл хотын бүхий л томоохон худалдааны төв,ресторанууд байрлах “Долдугаарын сарын 9-ний өргөн чөлөө” дэлхийн хамгийн өргөн гудамжинд тооцогддог.Үндэсний тусгаар тогтнолын өдрөөрөө овоглосон уг гудамж 140 метрийн өргөнтэй ажээ.
Хотын бас нэгэн онцлох байгууламж бол 1936 онд Буэнос-Айресын 400 жилийн ойгоор шаваа тавьсан 67 метрийн өндөртэй баганат хөшөө юм.
Үндэсний түүхийн музей,Тавдугаарын сарын хувьсгалын музей,Испаний дарангуйллын үеийн урлагийн түүхийг хадгалсан “Фернандес Бланко”-гийн музей гээд нүд хужирлаж,сэтгэл баясгах ховор үзмэр баялагтай олон газар Буэнос-Айрест бий.
Өмнөд Америкийн сонгодог урлагийн төв болсон Колон театрт л гэхэд жилдээ 200 шахам балет,дуурь тавигддаг ажээ. Гарын урлалын зүйл шохоорхон цуглуулдаг жуулчид энэ хотын “Матадерос” хэмээх захаар заавал ордог.Чанартай, үндэсний хэв шинжийг агуулсан гар урлалын зүйлс худалдаалдаг энэ захад хүний хар нүднээс бусад нь байдаг гэх.
Гэхдээ Буэнос-Айрес хотын нэрийн хуудас бол байшин барилга,хөшөө дурсгалаас илүүтэй танго бүжиг юм. Хайрын бүжиг танго Буэнос-Айресын ядуусын хороололд анх мэндэлж дэлхий дахинаа тархсан түүхтэй.Халуун цустай аргентинчууд тангодоо үнэхээр л дуртай болохыг хотын гудамнаа өрнөх элдэв наадмаас та харж болно.
Буэнос-Айрест жил бүрийн 12-р сарын 11-нд Танго бүжгийн өдрийг тэмдэглэхийн зэрэгцээ энэ бүжигтэй холбоотой элдэв хөшөө,дурсгалыг бараг л жил болгон нэмж байгуулсаар байна. Уг нь Буэнос-Айрес хотын нэр “Сайхан салхи” гэсэн утгатай. Гэхдээ байгалийн сайхнаас илүүтэй хүсэл тачаал,хайр дурлал, үзэн ядалт, үхэл хагацал бүгдийг нь өөртөө багтаасан танго бүжгийн аялгуу хэмнэл энэ хотыг “сайхан салхитай” болгодог биз ээ.
Их усан-Игуасу
1984 онд Хүн төрөлхтний өвд бүртгэгдсэн Игуасугийн хүрхрээ Бразил,Аргентины хилийн зааг болдог. Атлантын далайн эрэг орчмоос эх авдаг Игуасу гол нь Парана голын зүүн цутгалан болохдоо 275 гишгүүр дамжин буух 3600 метрийн өргөн усан хөшиг бүхий хүрхрээ үүсгэдэг байна. Эдгээр 275 цутгалангаас гол 28 хүрхрээ нь илүү алдартай бас “Адам Ева”, “Шадар гурван цэрэг” гэх зэрэг өвөрмөц нэршилтэй. 72-86 метрийн өндрөөс цутгах энэ гайхамшигт хүрхрээ ганцхан цагт 40 сая куб метр усыг буулгана. Өөрөөр хэлбэл хөлбөмбөгийн томоохон цэнгэлдэх хүрээлэнг ганцхан минутын дотор усаар дүүргэнэ гэсэн үг юм. Хуурай улиралд урсан өнгөрч буй усны хэмжээ бараг 10 дахин багасдаг. Хамгийн сүүлд 1978 онд их ган болж Игуасу хүрхрээн ус бүрэн тасарч байжээ.Хүрхрэн шуугих их усыг бүтнээр нь нисдэг тэрэг болон онгоцны цонхоор л бүхэлд нь харах боломжтой.Гэхдээ болгоомжтой байхад илүүдэхгүй,их ус нисдэг тэргийг ч “залгих” хүчтэй болохоор хэтэрхий ойртохыг хориглодог.
Халуун орны үзэсгэлэнт ой, пекар хэмээх зэрлэг гахайнуудын үргэн давхилдах, капуцина сармагчин болон олон өнгөт том хошуутай туканууд хэмээх шувуудыг үзэх гэж жил тутам олон мянган жуулчид энэ нутгийг зорин ирцгээдэг.
Оцон шувууны нутаг- Патагони
Патагони бол байгаль эхийн мөсөн урлан. Тоо томшгүй мөсөн уул,арал,тэнгисийн тохойноос бүрдэх энэ нутаг манай гаригийн хамгийн бага судлагдсан газар нутаг. Патагоний “Галын нутаг” гэдэг олтриг 40 мянган гаруй арлаас бүрдэнэ.
Чухам энд л ертөнцийн хамгийн өмнөд хязгаар дахь хот Ушуайя сүндэрлэнэ.Эндээс 1000 хүрэхгүй км яваад л өмнөд туйлд хөл тавих болохоор Антарктидыг зорих гатлага онгоцууд Ушуайягаас зангуугаа татдаг.Оцон шувуу,далайн хав,хар галуу гээд сэрүүн бүсийн олон амьтныг Ушуайягийн эрэгт амьтны хүрээлэнд бус унаган байгальдаа байгаагаар нь харж болно.Ертөнцийн өмнөд зах хязгаар Ушуайя хотод өдгөө 50 мянган хүн байнга оршин сууж байна.
Энэ мэтчилэн халуун орны ширэнгэн ойгоос мөсөн уулын гялалзах орой хүртэл өргөн уудам нутгийг Аргентин хэмээдэг.Вальдесын хойгоос халим, далайн арслан гээд ховор чухаг олон төрлийн далайн амьтныг үзэх боломжтой бол Мендос муж өвлийн аялал жуулчлал хөгжсөн байдлаараа Өмнөд Америктаа л толгой цохино.Аргентины өмнөд хэсэгт Андын нурууны бэлд цэлэлзэх Науэль-Уапи нуур өвөл зунгүй жуулчдын хөлд дарагддаг газар.Эндээс холгүй 3500 метрийн өндөртэй Тронадор хэмээх сөнөсөн галт уул бий. Галт уулын орчмын онгон байгаль,үржил шимт хөндий,олон тооны нуур,хүрхрээгээрээ Лос-Алерсесын үндэсний парк ч бас жуулчдын заавал очих маршрутад багтдаг.
Аяллынхаа төгсгөлд Аргентины хөлбөмбөгийн талаар сонирхуулахад Дэлхийн хоёр удаагийн аварга,Олимпийн хоёр алтан медальтай, Америк тивийн 14 удаагийн аварга энэ улсад 2 сая 600 мянган гаруй хөлбөмбөгч байдаг гэнэ. Эдгээрээс 330 мянга гаруй нь мэргэжлийн хөлбөмбөгчид тооцогдоно.Одоогоор 1000 шахам аргентин хөлбөмбөгч эх орноосоо гадна,Европын томоохон клубуудад тоглож байна.
