Зөвхөн эмэгтэй хүнд л байх айдас
~ ЭМЭГТЭЙ ХҮН Ч ГЭСЭН БИЕ ХҮН ~
“Оргүйгээс охинтой нь дээр”, “Эм хүний үс нь урт, ухаан нь богино”, “Эр муу ч эмийн дээр, эмээл муу ч морины дээр”, “Төрийн ажлыг эрчүүд цэгцэлж, гэрийн ажлыг эмэгтэйчүүд хийдэг”… Хүн бүр тэгш эрхтэй хэмээн тунхаглах энэ цаг үед хүйсээр ялгаварлан гадуурхах энэ мэт үеэ өнгөрөөсөн хэлц үг хэрэглэгдсээр байгаа нь юуг илтгэнэ вэ? Эдгээр хэлц үг бүхэн “Эмэгтэй чи түүхийн аль ч үед эрэгтэй хүнээс дор байсан, байгаа, байсаар ч байх болно!!!” гэдгийг алхам тутамд нийгэмд мэдрүүлэх шиг. Яг энд л энэ нийгэмд хүн бүрийн эдлэх ёстой тэгш эрх эмэгтэйчүүдийн хувьд илүүтэй зөрчигдөөд байгаа санагдана…
Эрх чөлөөт нийгэмд төрсөндөө өөрийгөө азтайд тооцож, чадалтай нэгэнд нь боломж нээлттэй байдаг ардчилсан оронд төрсөндөө баярлаж явдаг би бол эмэгтэй хүн. “Оргүйгээс охинтой нь дээр” гэдэг шиг нэгэн үе эмэгтэй хүн төрийн хэрэг барьж, жолоодох хэмжээний эрх мэдэлгүй үе байсаан, гэхдээ түүхэнд бичигдэж үлдсэн. Тэр үед биш хэн нэг эрийн гарыг харан царайчилж суулгүй хүсэх л юм бол тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, амжилтын төлөө өрсөлдөж, өрсөлдөөнөө шударгаар үнэлүүлэх боломжтой цаг үед амьдарч буйдаа би өөрийгөө азтайд тооцдог. Зөвхөн би ч биш, хүн амын тал хувийг эзлэх 1 сая 500 мянган эмэгтэй бүгд азтай хүмүүс. Гэвч… Шударгаар өрсөлдөж, чадвараа шударгаар үнэлүүлэхэд утга учир нь орших ардчилсан нийгэм бодит байдал дээрээ манайд хараахан бүрэлдэн тогтоогүй байгааг олон зүйл харуулаад, мэдрүүлээд байна. Эр хүнийг эмэгтэйчүүдээс ямагт илүүд үзэж, эмэгтэй хүнийг чадварлаг бие хүн гэхээсээ илүүтэй гэрийн эзэгтэй хэмээх цаг үеэ өнгөрөөсөн өнцгөөс харж, дүгнэж, боломжуудыг нь хязгаарлан, мөн хувь хүнийх нь үүднээс эрхээ зөрчүүлсээр байгаа хандлага ардчилсан нийгэмтэй хэмээвч энэ цагийн үнэн төрх аж.
Эмэгтэй хүн болж төрсөндөө олон зүйлд хүчин мөхөстсөөр, үүндээ дасан зохицсоор өдийг хүрчээ. Гэхдээ зөвхөн сэтгэл дотроо. Эмэгтэйчүүд нийгмийн амьдралд идэвхтэй оролцохынхоо хажуугаар нөхрийнхөө үр удмыг нь төрүүлж, өсгөн хүмүүжүүлж, ажлаас ирэхэд нь халуун хоол цайг нь бэлтгэж, хувцас хунарыг нь угааж цэвэрлэх гээд ажил, амьдралаа аль алинийг нь амжуулсаар явдаг ч угаасаа л хийх ёстой ажил нь юм хойно гэсээр эмэгтэйчүүд бас л нэргүй хоцорно. Шуудхан чи эмэгтэй учраас хэмээн нийгмийн амьдралаас тусгаарладаггүй ч хэлж буй үг, хийж буй үйлдлүүдээс нь энэ санаа цухалзсаар байдаг. Тиймээс ч хэрвээ би эр хүн байсан бол гэж хүчин мөхөстөх бүртээ боддог юм. Мэдээ орсон цагаасаа эхлэн эмэгтэй хүн байх ухаанд суралцаж, бүхний түрүүнд эр хүн байх ёстой гэсэн ойлголтыг ой тоондоо суулгуулсаар энэ хүрчээ. Эр хүнийг хүндэтгэн дээдлэх нь өөдөө өсөн дэвжихийн үндэс хэмээн үе уламжлан ирсэн энэ үзэл баримтлал одоо ч бидний амьдралаас бэлхнээ харагддаг. Хэдийгээр нас, хүйс, боловсролын түвшин, шашин шүтлэг зэргээс үл хамаарах хүн бүр тэгш эрхтэй нийгэмд амьдарч буй ч эцгийн эрхт ёсон бидний ахуй амьдралд нэвт шингэсэн байна.
ХЭРВЭЭ БИ ЭР ХҮН БАЙСАН БОЛ…
Харуй бүрийд би ганцаараа хотын гудмаар явахдаа айдаг. Хаанаас хэн гарч ирээд биед минь халдах бол гэж эмээсэндээ тэр. Хэчнээн таалагдавч богино банзалтай олны дунд явахаас айдаг, бас ичдэг. Эрчүүдийг өдсөн болчих вий дээ гэсэндээ тэр. Ажилд орохдоо царай зүс, бие галбирыг минь голох вий дээ гэж айдаг. Эсвэл гоо үзэсгэлэн маань бусдын өгөөш болох вий гэж айдаг. Ихэнхдээ эмэгтэй хүнийг ажлын ур чадварыг нь биш гадаад үзэмжийг нь илүү харгалзан ажилд авдаг учраас тэр. Ажилд дөнгөж ороод ар гэрийн асуудлаасаа болоод бас л айдастай ажилладаг. Арай гэж дуртай ажилдаа орсон ч хүүхэд төрүүлэх, хүүхдээ асрах шалтгаанаас болоод халагдчих вий дээ, туршлага хуримтлуулах жил алдчих вий дээ гэсэндээ тэр. Ингээд бодсон чинь ямар олон айдас, түгшүүр миний сэтгэлд хурсан байдаг юм бэ? Эмэгтэй таны дотор ч ийм айдас нуугдан байна уу? Эмэгтэйчүүд бид суугаад ярьдаг юм. Эрт хүүхэд гаргасан найзууд маань гэрийн хүн болж, хүүхэдтэй ч ажилтай найзууд маань ар гэр гэж гүйсээр амжилт гаргалгүй нэгэн хэвэндээ, хүүхэдгүй ч ажилтай найзуудад маань ажлын эрчүүдээс ирэх дарамт, дарга цэргээс нь эхлээд өдөж, өдөлтөнд нь хариу өгөхгүй байвал дарамтлах тухай ихэнхдээ яриа өрнөнө. Үнэхээр чадвартай, мэдлэгтэй байсан ч эмэгтэй хүн л бол энэ бүх зовлонтой нүүр тулна, эцэсдээ үүндээ эвлэрнэ. Хэзээ нэг энэ айдаснаасаа салах юм бол…
Үүнээс хүн бүр тэгш эрхтэй гэх энэ нийгэмд хүйсийн тэгш эрх хангагдахгүй байгаа нь тодоос тод харагдана. 2012 оны олон улсын жендерийн тэгш эрхийн ялгааг харуулсан жагсаалтанд (The Global Gender Gap Index 2012) манай улс 135 орноос 44 дүгээр байранд орсон нь ч үүний нэгэн баталгаа. Хүйсийн тэгш эрх алдагдаж буйг тодорхойлохдоо ерөнхийд нь эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төр гэсэн 4 гол үзүүлэлтээр дүгнэдэг төдийгүй тус бүрт нь мөн харьцуулан жишдэг аж.
Эдийн засгийн хувьд эмэгтэйчүүд эрчүүдтэй адил боломж, бололцоогоор хангагдаж, чадвараа адилхан үнэлүүлж чадаж байна уу? Эмэгтэй хүнийг жинхэнэ удирдагч, чадварлаг боловсон хүчин гэдгийг нь үнэлэх бус сул дорой, ардаа үр хүүхэд гэсэн татлаа түтлээтэй зэрэг шалтгаанаар эр хүнээс доогуур тавих үзэл санаа байсаар л байна. Гэхдээ нэг үеэ бодвол өөрийнхөө чадварыг салбартаа батлан харуулж, үүнийг шударгаар үнэлдэг болжээ. Бизнес эрхлэгчдийн 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа буюу бид үүнийг эрчүүдтэй мөр зэрэгцэн зүтгэж яваа чадварлаг бизнес эмэгтэйчүүдээс харж болно. Тиймээс ч бид энэ онд эдийн засгийн салбарт хүйсийн тэгш эрхээрээ 135 орноос нэгдүгээр байранд багтаж чадсан байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт эр, эм гэсэн биологийн хүйсийг үл харгалзан бие хүн гэсэн үүднээс хоёуланд нь эрх тэгш үйлчилж буй.
Боловсролын салбарын хувьд эмэгтэйчүүд сурч боловсорч, энэ салбарт амжилт үзүүлж чадаж байна уу гэвэл мэдээж тийм гэж хэлнэ. Их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудын 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзлээд зогсохгүй, дээд боловсролтой болон нийт багш нарын 70 гаруй хувийг ч мөн эмэгтэйчүүд эзэлж байна. Гэхдээ нүдэнд харагдахад эмэгтэйчүүд илүүтэй сураад байгаа мэт боловч хөдөө, орон нутгийн эмэгтэйчүүдийн ихэнх нь ахуй амьдралаасаа шалтгаалан сурч боловсорч чадахгүй л явна. Тэгвэл бид энэ салбарын хүрээнд 135 орноос 50 дугаар байранд жагссан байна.
Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Мэдээж асарч сувилах ажилд улс үндэстэн үл хамааран түүхийн аль ч үед эмэгтэйчүүд байсан шиг одоо ч тогтсон хэв маяг алдагдаагүй. Хэдийгээр тогтоод ирсэн заншил хэдий ч энд мөн л хүйсийн ялгаа харагдана. Гэхдээ бид 135 орноос нэгдүгээр байранд оржээ.
Улс төрийн салбарт бид дэлхийд 127-д жагсч явна. 135 орноос буюу сүүлээсээ 8 дугаарт явна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах дээд түвшний энэ салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо манайд дутаж буйн илэрхийлэл байх. Хүйсийн тэгш эрх ярихаар хүн бүр л улс төр дэх эмэгтэйчүүдээ ярьдаг, одоо ч ярьсаар буй. Тийм ээ, энэ бол эмэгтэйчүүд энэ нийгэмд эрхээ тэгш эдэлж байна уу гэдгийг тодорхойлох хамгийн чухал хэмжүүр. Төрөөс нэг хууль, бодлого гаргалаа гээд шийдчих асуудал бол энэ биш. Үеэс үед уламжлагдан ирсэн хэв маяг, үзэл санаа бидний амьдралд дэндүү нэвт шингэсэн болохоор мэдээж тийм ч амархан үгүй болчихгүй асуудал. Гэхдээ бид нэгэнт л хүний тэгш эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллыг сонгосон учраас нийгэмд буй хүйсийн ялгааг ул үндсээс нь арилгаж хэрэгтэй. Ингэж гэмээ нь хүйсээс үл хамааран хүн бүр эрхээ эдэлж, ардчилал жинхэнэ утгаар цэцэглэх нь гарцаагүй. Хүйсийн ялгааг арилгахын тулд юуны өмнө улс төр дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэх нь зүйтэй. 2012 оны сонгуулиар өмнө нь байгаагүйгээр эмэгтэйчүүдээ ард олон сонгосонд нь дотроо эмэгтэй хүнийхээ хувьд ихэд баярласан. Гэхдээ л 76 гишүүний ердөө 9 нь буюу 7,8 хувийг л эмэгтэйчүүд эзэлж байна. 10 хувь ч хүрэхгүй байна шүү дээ. Ядаж 40 орчим хувьтай байсан бол өнөөдөр нийгэм дэх эмэгтэйчүүдийн ялгаа ийм түвшинд байгаа ч үү, үгүй ч үү. Шийдвэр гаргах түвшинд бодит байдал ийм байгаа учраас л “Эм хүний үс нь урт, ухаан нь богино”, “Төрийн ажлыг эрчүүд цэгцэлж, гэрийн ажлыг эмэгтэйчүүд хийдэг” зэрэг цаг үетэйгээ үл нийцэх муйхар хэлцүүд амь бөхтэй оршсоор байгаа биз.
Энэ жил “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн 101 жилийн ой тохиож байгаа аж. Дэлхий нийтэд энэ өдрийг эмэгтэйчүүдийн тэгш эрхээ хамгаалах өдөр болгож, дуу хоолойгоо нэгтгэн эрхийнхээ төлөө тэмцэж өнгөрөөдөг. Харин манай улсын хувьд энэ өдрийг амралтын өдөр болгож, баярлаж найрлаж өнгөрөөх буруу хандлагатай. Сүүлийн жилүүдэд энэ талаар илүү дуугарч, эмэгтэйчүүдийн эрх хаана хамгийн ихээр зөрчигдөж байгаа талаар энэ өдөр олон нийтэд тайлагнах хандлагатай болж байна.
~ АСУУДАЛ БҮХЭНД ГАРЦ БИЙ ~
Энэ бүгдээс дүгнээд үзвэл, асарч сувилах, хүмүүжүүлэх зэрэг туслах ажлуудад нь эмэгтэйчүүд илүү ажиллаж, харин шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд ноёлсон хэвээр байна. Нийгмийн сэтгэл зүйд эмэгтэйчүүдийн байгалийн мөн чанар нь эрчүүдээс ухааны болоод биеийн хүч чадлаар дулимаг, төрийн ажил нь ухааны болоод биеийн хүч чадал шаарддаг тул эрчүүд л хийж чадна. Харин эмэгтэйчүүд ар гэр, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх уламжлалаа хадгалан үлдэх ёстой гэсэн үзэл санаа нийгэмд байсан, байсаар л байна. Гэхдээ ирээдүйд эр, эм гэлгүй хувь хүнийх нь чадварыг харж, эрх тэгш алхаж, ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө өнөөдөр, яг одооноос дуу хоолойгоо нэгтгэе.
Өнөөдөр эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн хүйсийн тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Мэдээж тэд ямар нийгэмд амьдарч буйгаа дэндүү сайн ухамсарласных юм. Нийгэмд эмэгтэйчүүд зөвхөн хүүхэд гаргаж, нөхрийнхөө олж ирсэн мөнгөөр амьдралаа залгуулж амьдрах нь тэдний үүрэг гэсэн үзэл санааг арилгах хэрэгтэй. Үүний тулд эмэгтэй хүнийг биологийн чадавх талаас нь бус нийгмийн нэгэн бие хүн гэдгээр нь хандаж, үнэлэхээс эхэлнэ. Өөрийгөө XXI зууны ардчилсан нийгэмд амьдарч буй ухамсар өндөрт бие хүн гэж бодож л байгаа бол эхний алхмаасаа л наад захын энэ хандлагаасаа л эхлэе. Энэ эмэгтэй яг л надтай адилхан чадалтай бие хүн гэдэг үүднээс.
“Эр хүн эр хүндээ хайртай байдаг юм” гэж ярьдаг. Тэд энэ үгнээсээ омогшиж, хүчтэй ч байж чаддаг. Тэгвэл яагаад “Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай байдаг юм” гэж болохгүй гэж. Эмэгтэйчүүд бид нэг нэгэндээ хайртай, нэгнийхээ санаа бодлыг үргэлж дэмжье. Хүнийг үл тоомсорлуулахгүйн төлөө мэдлэг боловсролдоо анхаарч, бид ч гэсэн хүч чадалтай гэдгээ хэлэх биш, үйлдлээрээ харуулж мэдрүүлье. Гэхдээ ар гэр, ажил албаа хоёуланг нь өв тэгш авч явах ухаантай, чадвартай гэдгээ харуулъя. Эмэгтэй хүн хүч дорой үе байсан, гэхдээ ард үлдсэн.
Нөгөө талаас, эр хүн түүхэндээ ч, мөн энэ цаг үед ч хэтэрхий их ачааллыг нуруундаа үүрдэг гэсэн нийгмийн нэгэн хандлага бий. Энд эрэгтэйчүүдийн хүйсийн ялгаа илүү мэдрэгддэг. Зөвхөн эмэгтэй хүнд л хүйсийн ялгаа байдаг гэвэл том эндүүрэл шүү. “Эр хүн л юм чинь тэс, хатуужилтай, зоригтой бай” гэдгийг эрчүүдэд мэдээ орсон цагаас нь л эхлэн сургадаг. Тиймээс хатуу хөтүү бүхэнд эрчүүд зогсож, харин эрсдэлгүй бүхэн эмэгтэйчүүд зогсдог гэсэн жинхэнэ жендерийн ялгаа энд байгаа юм. Яг эндээс л эхлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эр хүн хатуу, эмэгтэй хүн зөөлөн байдаг гэдэг утгаар нь харьцах биш надтай адилхан ухамсартай, мэдлэг боловсролтой бие хүн гэдгээр нь л хандаад эхэлчих. Чи эрэгтэй, эмэгтэй учраас гэж хүйсэнд нь тааруулж дүгнэхгүй байхаас л жендерийн тэгш эрх хангагдаад эхэлнэ. Ингээд нийгэм ийм байна гээд эвлэрэх бус айдасгүй нийгэмд амьдрахын тулд эр, эм гэлтгүй яг өөрөөсөө л шинэчлэлийг авчирья.
Эмэгтэйчүүд бид айдас түгшүүргүй, хэн нэгнээс хараат бус, мэргэжлээрээ ур чадвараа үнэлүүлмээр байна. Бид уг нь хүний эрхийг дээдлэн тунхагласан ардчилсан нийгэмд амьдарч байгаа юмсан…
