Б.Билгүүн: Би ямар ч нот мэдэхгүй
Тэрээр " Би дуу хуурын өлгийн нутаг Дундговь аймагт, яг Норовбанзад гуайн төрсөн нутагт таван настайгаасаа хойш гуравдугаар анги хүртлээ амьдарч, өссөн. Тэнд л би дуунд дурлаж, дуунд уярч эхэлсэн гэж боддог " хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Эгшиг зогсоц бүрийг өөрийн уянгалаг хоолойгоороо чамбай гэгч нь илэрхийлэн харуулж, үзэгч олныг байлдан дагуулж буй энэ залууг хараад байтугай цээлхэн хоолойг нь сонсоод л мэддэг болчихсон биз. Өөрт заяасан авьяас чадварыг бусдад харуулж, тэмцээн уралдаанд оролцон мэдлэг чадвараа сорих нь зүйн хэрэг юм. МУУГЗ, хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн урын сангаас сонгон уралдах “My Voiсe” дуулаачдын уралдаанд орж, гайхалтай хоолойгоороо олны хайрыг татаад буй энэ хүүгийн нэрийг Б.Билгүүн гэдэг. 17-хон настай, дунд сургуулийн сурагч хүү өмнө нь “Universe best songs” наадмын гранпри шагналын эзэн болж байсан амжилттай. Та дуу хөгжмөөр оролдохгүй бол тэр таныг оролдох болно гэсэн үг бий. Б.Билгүүн дуулахдаа нүдээ аниад, духаа үрчийлгээд л төгөлдөр хуураа сэтгэл зүрхнээсээ дарах нь хэн хүнд таалагддаг болжээ. Тэрээр " Нээрэн, би ямар ч нот мэддэггүй. Дандаа сонсголоороо хөгжмөө тоглодог. Хэдийгээр хүмүүс заагаад өгье гэж хэлдэг ч төдийлөн боломж олдохгүй байна. Дуу сонсоод аяыг нь өөрөө тоглох нь надад илүү кайфтай байдаг. Гэхдээ мэргэжлийн хүн болохын тулд заавал нот сурах ёстой " гэсэн юм. Сурагчдын амралт тохиосон энэ өдрүүдэд хөгжмийн зохиолч Н.Халиуны тоглолтод вокал дуучнаар оролцохоор бэлтгэлээ хийж буй гэнэ. Дуу хуураар олон түмнээ баясган хөгөлж яваарай. Амжилт хүсье.
