Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Өнөөдөр Үндэсний өгөх өдөр

Өнөөдөр Үндэсний өгөх өдөр

Нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх, мөн нийгэмд тэр дундаа хүүхэд залуучуудад бие биедээ туслаж дэмжиж, зөвхөн эд материалын бус чин сэтгэлийн сайхан үгс, урам зоригийн өглөгийг өдөр бүр түгээж үүнийгээ дадал зуршил болгоосой гэсэн зорилготойгоор "Өгөх Өдөр" хөдөлгөөний санаачлан, хэрэгжүүлсэн “Үндэсний Өгөх Өдөр” 6 дахь жилтэй золгоод байна.

"Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн энэ жилийг хөдөлгөөний сааталд орсон боловч оюун ухааны хувьд эрүүл тархины саажилттай хүүхдүүдийг нийгэмд зөвөөр ойлгуулахад чиглүүлж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 мянга гаруй саажилт өвчтэй хүүхэд байдаг ба тэднийг эмчлэх эмнэлэг бараг байхгүйтэй адил, эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх шаардлагатай байгаа юм. Дээрхтэй холбогдуулан “Өгөх Өдөр Хөдөлгөөн”ийхөн дэлхийн ихэнх оронд өргөн ашиглагддаг тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээ сувилгаанд нэн шаардлагатай, өндөр үр нөлөө үзүүлэхүйц, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж аалзны тор/spider cage/-ийг Сэргээн Засах Хөгжлийн “Таны Инээмсэглэл” төвд хандивлах аяныг өрнүүлээд байна. Энэхүү төхөөрөмж нь 12000 долларын үнэтэй бөгөөд сайн санаат хүн бүрийг хандивын аян нэгдэхийг уриалж байна.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй!

Дансны дугаар: ХХБ 499180209 “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ

Холбоо барих утас: 99101851, 99362228

Аяны хүрээнд өчигдөр Занабазрын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Энэ бол би” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд тархины саажилттай залуусын өөрийн оюун ухаанаар бүтээсэн, цуглуулсан эд зүйлс, уран зургуудыг дэлгэн тавьжээ. Үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм.

-11.00-12.00 цагийн хооронд Чингисийн талбайд “Бид бүгд адилхан” уриатай чөлөөт тэврэлт, уулзалт бүхий бүх нийтийн цуглаан болно.

-Мөн "Дижитал" дент шүдний эмнэлэг тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж угаалга, цэвэрлэгээ хийж үйлчилнэ.