Гэр бүлийн үнэ цэнэ: Уртын дуучин,Үндэсний бөхийн манлай засуул Б.Батболд
Эхийн хэвлийгээр унаж, эцгийн гэрт дуугаа хадаах тэр мөчөөс л хүн ээжийн аялсан бүүвэйн дуутай хамт эх хэлээ, эх оронтойгоо хайрлаж эхэлдэг. Нарт хорвоод төрсөний бахархал, насан туршид дээдлэх зүйлийн нэг бол яахын аргагүй гэр бүл байдаг аа. Монгол Улсын Уртын дуучин,Үндэсний бөхийн манлай засуул Баасанхүүгийн Батболдын гэр бүлийг урилаа. Түүний гэр бүлийн ертөнцөд хэсэг саатна уу?
УНАСАН ГАЗАР УГААСАН УС МИНЬ.... Монгол орны баруун өмнөд хязгаар хангай говь хосолсон үзэсгэлэнт сайхан нутаг болох Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг. Хуучнаар Засагт хан аймаг, Дайчин вангийн хошуу, Усан зүйлийн хүрээ. Энэ сайхан нутаг усанд төрж, Алтайн Тонхил нутагт төрж өссөн гэдгээрэй бахархах дуртай.Үзэсгэлэн төгөлдөр байгаль, өндөр сүрлэг уул, Мөнхцаст Сутайн уулын өвөрт оршдог. Усан зүйлийн голын хөвөө туйран дээр түүний бага нас өнгөрчээ. Бага насыг дурсахаас өмнө уншигч танд амжиж энэ эрхэмийг алдаршуулая. Н.Баасанхүүгийн Батболд.1972оны 06 сарын 04нд төрсөн.Тонхил сумын иргэд угаас дууч, найрч,эвсэг хүмүүс байдаг. Эцэг Н.Баасанхүү Жолооч мэргэжилтэй.Нутаг усандаа найр наадам удирддаг, монгол ёс заншлаа дээдлэн, түгээн дэлгэрүүлдэг, найранд гурван дугараа, наадамд гурван даваатай хүн юм. Ээж Д.Батнасан.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат.Ээжийн талд олон сайхан авьяастай хүмүүс их байж . Барилддаг, дуулдаг, ерөөл магтаал хэлдэг гээд бидний хэлж заншсанаар дээр үеийн хүмүүсийн тал бүрийн авьяас үнэхээр гайхалтай байлаа.
УРЛАГ СПОРТ ТҮҮХ СОЁЛД ДУРТАЙ ЖААЛ … 1979 онд 7 настай хүү нэгдүгээр ангид элсэн орж, 1987 онд 8-р ангиа төгсөв. Ардын урлаг, морин хуур, ерөөл магтаалд их дуртай. Бага балчир наснаасаа дууч ард түмний дунд өссөн нь түүнд маш их нөлөөлсөн юм.”Эрдэмт хүн даруу Их мөрөн дөлгөөн”гэдэг.Их даруухан,харин урлаг спортоор бусад нөхөдөө түүчээлэн явдаг. Батболд хүүг сурлагандаа ямар байсан талаар сонирхлоо.Түүүх,монгол хэл уран зохиолын хичээлд чин сэтгэлээсээ дуртайгаас гадна,мундаг ч байлаа. Математик, Геометрийн хичээлдээ тийм ч муу биш, эх орны алтан гурав авчихдаг. Сурлага хөдөлмөрөөр сайн сурдаггүй хэдий ч сахилга бат, хүмүүжлээрэй хамт олон, найз нөхөддөө үлгэр дуурайлалтай хүү байсан. Ийнхүү 15 настай хүүгийн өмнө Улаанбаатар хот өндөр үүдээ нээж, хүүгийн өмнө цоо шинэ ертөнц нээгдэх шиг болов.Тухайн үеийн Соёл гэгээрлийн дунд сургууль ,одоогийн хүүхэд бүрийн мөрөөдөл СУИС- Соёлын боловсролын сургуульд “дуу хөгжмийн багш”-ийн мэргэжил эзэмшсэн юм. Эрдэмд оройгүй гэдэг. Б.Батболд үргэлжлүүлэн 1991 онд СУИС-д “хөгжмийн багш”-ийн анги дүүргэжээ. 1996 онд СУИС-ийн Уртын дуу дуулаачын анги төгссөн юм. Үүний дараагаар үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучин болж байсан түүх бий. Урлагийн ертөнцөд хал тавьсан үеийн Анхны Теле концерт бол “Тэнгэрийн доорхи аялгуу ”нэртэй концерт юм. Гараа сайн бол бариа сайн гэдэг. Анхны Концерт нь хүмүүсийн таашаалд ихэд нийцэн, залуу уран бүтээлч хүнд хилийн дээс алхах хувь тохиол таарав. Морин хуур,уртын дуу, ардын дуу, нийтийн дуу,гээд цөмийг нь мэргэжлийн түвшинд дуулчихдаг байсан учраас их амжилтын үүд хаалга нээгдэв.1997 онд Швейцарь улсад аялан тоглолт хийсэн нь, залуу хүний хувьд ховор тохиох боломж. Түүний амжилт амьдралд нэгэн шинэ хуудсыг нээгээд зогсоогүй нэгэн сайхан бүсгүйтэй танилцах боломжийг нээсэн юм.
“Мандах наран зүгт нутаг минь байдаг юм Мартахын аргагүй тэнд дулаахан байдаг юмаа” гэж үе үехэн дуулмаар санагддаг шүү. Тиймээ Мандах наран зүгт... Нутагаасаа гарахдаа “Ижийнхээ хайрыг өвөртлөөд, аавынхаа хатыг тэврээд ижилгүй бас баян нутагаасаа тулам цэнгэг агаар, зүсэм тэнгэр авъя” гэж шүүрс алдан шунан дурлаж билээ...
ГЭРГИЙ Б.ЦЭРЭННАДМИД Нутгийн тухай бодол сэтгэлийг минь хазаарлаж хөтлөөд үзэгний үзүүр цаасанд шүргүүлж ийнхүү бичихэд минь жолоодох болов. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат.Бат-Очирын Цэрэннадмид.Тогооч мэргэжилтэй нэгэн.Амьдралынхаа ихэнхи цаг хугацаанд хамт байж, жаргал зовлонгоо хуваалцаж суугаа эгэл эмэгтэй. Хазайхад нь түшиж, хальтрахад нь босгодог сайхан бүсгүйд Б.Батболд сэтгэл татагдсан аа нуугаагүй юм... Швейцарь Улсад тус тусын ажил мэргэжлийн сайхныг гайхуулж явахдаа, бие биенийхээ сайхан чанарт татагдан танилцсан юм. 1999 онд Гэр бүлийн амьдралдаа эхлэл тавьсан.Залуу хүмүүс өөрийн хүч хөдөлмөр,хөлсөө дуслаан байж анхны гал голомтоо бадраах сайхан байртай боллоо.Хэн нэгэн /эцэг,эх, ах дүүгээсээ /тусламж авахыг урьтал болгосонгүй. Хүн л болсон хойно амьдрахад шаардагдах, хүний хэрэгцээний юм бүхэн дутаж л таараа. Нэг муухан халдаг пилетка, цайны данх, хоёр ширхэг аяга, ганц зурагт аваад л мөнгөгүй болж билээ хэмээн дурсаж суусан нь санагдлаа. Цаг хугацаа биднээс асуулгүй дэндүү хурдан явчихаж. Энэ хугацаанд шантрах, халшрах саад бэрхшээл олон байсан хэдий ч бие биедээ нөмөртэй, хамгийн гол нь зөв явахад хүний амьдрал дээшлэн дэвждэг гэдгийн тод жишээ болж байна.
Ажил амралт, аялал зугаалга гээд амьдралын бүхий л цаг хугацааг хамт өнгөрөөнө.Өдгөө ханилан суусан он жил аль хэдийн арван дөрвөн жил болсон байна. Гэр бүлийн хоёртой ярилцан суухад их л энгийн, хэрнээ илүү дуутуу зан байхгүй. ёстой л нэг хөдөлмөрч, өнөөгийн нийгэмдээ сайн сайхны үрийг суулгачих юмсан гэсэн дүр төрх нүднээ илхэн байсныг нуух юуун.2004 онд анхны үрийн зулайг үнэрлэсэн юм. Том хүү Б.Өнөболд. гоц авьяастаны сургууль буюу 93-р сургуулийн з-р ангийн сурагч. Аавыгаа дуурайсан уу эвэл төрөлхийн ардын урлагт элэгтэй хүүхэд шиг байна лээ. “морин хуур тоглодог, монгол ардын ерөөл магтаал, ардын дууг хөөрхөн дуулчихдаг мундаг хүү дээ” гэх аавын урмын үг том шагнал, урам болж, илүү ихийг сурах, мэдэх ертөнцийг нь нээгээд ч байх шиг. Жирийн монгол эцгийн сурган хүмүүжүүлэх арга байж ч мэдэх. 2010 онд хоёр дахь хүү Б.Мөнхболд төрсөн. Одоо гурван настай.
Б.БАТБОЛД ХАНИЙН ТУХАЙ /Д.ЦЭРЭННАДМИД/ Би гэрийн бараа цөөхөн харна.Гэхдээ гэртээ байсан үедээ хөлөө жийгээд зүгээр нэг хэвтээд байдаггүй, хоол цайгаа хйилцэнэ, гэр орноо цэвэрлэх ажилд ч оролцдог . Ер нь гэрийн ажил, тэр тусмаа хүүхэд өсгөн хүмүүжүүлнэ гэдэг нь өөрөө маш өндөр үүрэг хариуцлага шаардсан нэргүй ажил юм. Нэг өдөр эхнэртэйгээ солигдож, гэр цэвэрлэж, хүүхэд харж, хоол цайгаа хийж, хүүхдүүдээ хичээл номонд нь хүргэж өгөх ажлыг биелүүлэхээр үлдсэн юм. Хэлэх ч юм биш.Боловсрол хүмүүжил хариуцна маш өндөр хариуцлага. Маш их ажил юм байна лээ. Ханидаа маш их баярладаг. Хүүхдийн хүмүүжил тал дээр заавал аавынхаа, мэргэжлийг өвлө гэж хэлэхгүй. Монгол хүнд үндэсний үзэл гэж заавал байх ёстой. Математикч байх албагүй ч үндэсний өв соёл, монгол ахуйг ерөөсөө ч мартаж болохгүй. Гэрийн баруун талд суухдаа аль өвдгөө хашиж суух ёстой юм, ахмад хүнтэй мэнд усаа мэдэлцэхдээ яах ёстой вэ? гэх мэтчилэн монгол ахуйтай холбоотой зүйлийг мэдэж байх ёстой.
АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ДЭНДҮҮ ХОРХОЙССОН НЭГЭН… Уртын дуу нь олон зууны тэртээгээс өвлөгдөж ирэхдээ, найр наадам,шавь сургалт,гэх мэтээр өвлөгдөн ирсэн. Ингэхдээ монголчуудын цусанд, сэтгэлд зүрхэнд, оршдог. Үл мартагдах аялгуу, хамгийн том соёл, гайхамшигт сонгодог урлаг юм. Уртын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг дэндүү сайхан зүйл. Уртын дууг ухаарч, ойлгож хэмээн дуулах ёстой байдаг.Дууулаачын урлаг амьсгааны урлаг, хамгийн гол амин сүнс нь “эгшиг тонолт” гэж дахин дахин хэлэх ээс харвал, өөрийн хийж байгаа ажил хэргийг бусад хүмүүст ойлгуулчих юмсан гэсэн бодолтой байгаа болов гэж таамагласан юм. МУИС-Монгол хэл соёлийн сургуульд “Монгол уртын дууны эгшиг томолт ,түүнийг заах арга зүйн асуудал” сэдэвээр магистр хамгаалав. Үргэлжлүүлэн Докторын зэрэг горилохоор судалгаа, шинжилгээ хийж байгаа нь түүний нөр хөдөлмөрч занг илтгэх биз ээ. “Эрдэмд оройгүй” гэдэг байхаа. Үндэсний Их баяр Наадамд зориулан,түмэн олондоо уянгат хоолойгоо гайхуулах 999 уртын дуучидыг бэлдэж байна.
ЧӨЛӨӨТ ЦАГ ХОББИ Хөдөө гадаа явж найз нөхөдийн гэрт очин, хонь мал маллаж, хариулж өгөх нь түүний хобби ажээ. Нэг эхэлсэн ажилаа дуустал хийх нь түүнээс салгаж боломгүй ойлголт.Аливаа зүйлийг хүнд хэцүү талаас нь биш, амар хялбар өөрт хэрэг болох үүднээс харж, ханддаг байсан нь хожим түүнд шаргуу, тууштай байдалыг хэвшүүлсэн гэдэг. Нэг үгээр хэлбэл өөрт дарамттай байдлаар аливаа ажил хөдөлмөрийг хийхийг хүсдэггүй байж. Хурим найр, баяр ёслол хөтлөх тохиолдол маш их байдаг. Ерөөл унших , морин хуур тоглох, уртын дуу дуулах, бөх өө засах зэргээс ахуулаад ажил мундахгүй ээ. Хааяа хааяа хобби нь болдог гэнэ шүү. СУРАЛЦАХЫН ХАЖУУГААР БАГШ ХҮН СУИС-ийн Уртын дуучин мэргэжлээр багшлаад 7 жил болжээ.Ардын дуучин СТА Д.Бурмаа,А.Мөнх-бат,УДЭТ Д.Ганцэцэг, ҮДБЭЧ Г.Отгонзул, Б.Батцэцэглэн гээд нилээдгүй олон.Уртын дуугаа суръя, сонирхоё, судлая гэсэн хүн бүхэнд нээлттэй гэх юм билээ. Монгол Улсын Үндэсний бөхийн манлай,зүүн талын тэргүүн магнайн засуул. 2011онд зүүн талын тэргүүн магнайд зогссон жил нь залуу аварга С.Мөнхбат аварга төрсөн нь их бэлгэшээлтэй хэмээн дурсах дуртай юм билээ.1995 Н.Баянмөнх аваргийн цолыг дуудаж байсан. Цол дуудах улсын уралдаан тэмцээнд удаа дараалан амжилттай оролцож байсан. 1999 түрүүлсэн.2003,2006 оны Үндэсний их баяр наадмаар шилдэг бөх цоллооч болж байсан.Н.Баянмөнх аваргаас хойшхи аварга арслангуудын цолыг наадмын талбайд алдаршуулж байсан эрхэм хүндтэй, хийморлог нэгэн. 1994 оноос эхлэн Монгол бөхийн цол дуудсан юм. Бөхийн цол дуудна гэдэг нь хэн нэгний хийчих амар хялбар ажил биш юм. Ямар нэгэн дуучны хийдэг ажил ч биш.Гэхдээ би энэ ажилдаа маш их дуртай.
ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ Б.БАТБОЛД Эрүүл энх сайн сайхан байх, эвтэй найртай, эрдэм мэдлэг боловсрол эзэмшээд, эрхэлсэн ажил хөдөлмөртөө амжилт гаргаж ард олон түмэнтэйгээ нийцтэй. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун. Илүү харж, билүү долоохгүй. Сэтгэл тайван амьдрах нь хамгийн сайхан үнэ цэнэ шүү. Ах дүү хамт олондоо үлгэр жишээ байхын төлөө эрмэлзэж явдаг. ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ Д.ЦЭРЭНАДМИД Гэр бүлийн аж жаргал, сайн сайхан баяр баясал нь, эрүүл саруул байх явдал. Хоёр хүү минь эрдэм номтой. Ханийн минь уран бүтээл олз омогоор дүүрэн, хамгийн гол нь өвчин зовлонгүй байх нь сайхан даа. “Хүчирхэг хүмүүс хүчирхэг эрүүл мэндээр гоёдог”гэдэг. Миний хань дэндүү шударга зантай, жинхэнэ монгол эр хүн. Худал хуурмаг төрх хэзээ ч гаргаж байгаагүй, байгаагаараа л байдаг. Ус шиг урсаж явахад уул шиг нөмөрлөж түшдэг ханьдаа хайртай.
Сэтгүүлч: Б.Хонгорсайхан
Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш
