Сайн иргэн ба хотын соёл
Та өөрийгөө сайн иргэн гэж хэлж чадах уу? Хүрээлэн буй орчноо цэвэр цэмцгэр байлгаж, хууль дүрэм зөрчихгүй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явж, сонгуулиа өгдөг гээд тоочвол би сайн иргэний тоонд орох болов уу?
Хотын соёл, хотын хүмүүжил зэргийн талаар сүүлийн үед нэлээд яригдаж, бичигдэх болж. Бид хотын соёл л гэж яриад байхаас биш чухамдаа хотын соёл гэж яг юу байх ёстой болон ямар байдгийг үнэндээ сайн мэдэхгүй. Миний бяцхан ойлголтоор хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтийн төлөө хийж бүтээж, их хотоо цэвэр цэмцгэр байлгахаас эхлээд олон зүйл энэ ойлголтод багтдаг гэж боддог. Хотын соёл тун ялихгүй зүйлээс эхлэх байх л даа. Ядаж л гудамжинд зажилж байсан бохио хаяхгүй, машиныхаа цонхоор татаж дууссан тамхины ишээ хаяхгүй гэх мэтээс эхэлмээр санагддаг юм. Яахав хогийн савнаас эхлээд нийтийн бие засах газар зэрэг нь үнэхээр дутагдалтай ч зүтгэл байвал зүүгээр худаг ухдаг шүү дээ.
Хэрхэн сайн иргэн болох вэ?
Нийслэл хот маань монголын нүүр царай, дүр төрх. Хотоо хотын дайтай болгож хүн бүр хичээвэл хотын соёл хүссэн хүсээгүй хүмүүсийн толгойд суух болов уу. Зарим нэг байгууллага хувь хүн хотын соёл, суурин иргэншлийн талаар хэлж, ярьдаг болоод байгаа нь талархууштай. Залуус бид, ер нь энэ хотод амьдардаг хэн бүхэн хотын соёлыг чадах хэрээрээ түгээн дэлгэрүүлэх нь иргэний үүрэг гэж биш гэж үү. Их хотынхоо цэцэглэн дэвших, хотын соёлыг бий болгохын төлөө хичээцгээе!
