Галбираа чимэх гайхалтай аргаас
Биеийн галбираа буруу тодотгосон хувцаслалт нь таныг сэтгэл татам харагдуулж чадахгүй. Үнэтэй дэгжин, хээнцэр хувцас өмссөн хүн бүр гоё харагдахгүй. Хамгийн гол нь хувцсаа өөрийн бие галбир, царай болон үс засалтандаа тохируулах нь чухал. Тиймээс уншигч танд хувцас өмсөх хэм хэмжээнээс илүү хээнцэрлэлгүйгээр бие галбираа хэрхэн чимж болох аргыг толилуулж байна.
1. Цүнх ташааны хэлбэрт нөлөөлдөг Бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг учраас цүнх сонгох амаргүй. Ялангуяа эмэгтэйчүүдэд цүнхний өргөн сонголт байдаг ч нэг цүнхнээс салах дургүй болох үе ч бий. Цүнхийг хаана хэзээ хэрэглэхээс шалтгаалан таны бие галбирт нийцэж нөгөө талаар чимэг, гоёл болдог. Зарим цүнхний хувьд ташааг нарийн, хөлийг богино харагдуулдаг. Тухайлбал та цамцныхаа эсгүүр, өнгө, хээ чимгийг харгалзах нь чухал. Хар бараан хувцас өмсөөд дээр нь хар цүнх үүрвэл таны ташааг 10-см өргөн харагдуулдаг. Мөн гар цүнх худалдан авахдаа ташаа болон бэлхүүсний түвшинд ямар нөлөө үзүүлэхийг тооцвол зохино. Тор мэт том загвартай цүнх хэт жижиг хүмүүст тохиромжгүй.
2. Бүсний сонголт өндөр намд хамаатай Бүсгүйчүүд нарийн бүсийг өөрсдийн байнгын сонголт болгосоор ирсэн. Харин өргөн бүсний хувьд цулгуй хувцсыг амь оруулдаг. Юуны өмнө бүс сонгохдоо өөрийн цээжин биеийн уртыг бодолцох нь чухал. Хэрвээ та өндөр бөгөөд урт цээжтэй бол өргөн бүс, намхан буюу богино цээжтэй бол нарийн бүс зүүгээрэй.
3. Гутал гоолиг харагдахад тусална Харин одоо бүсгүйчүүдийг сайхан харагдахад хамгийн их тус болдог гуталны тухай зөвлөе. Юуны өмнө та шагай хүрсэн өргөн түрийтэй гуталнаас зайлсхийгээрэй. Ийм гутал хөлийг богино харагдуулдаг. Хэрвээ та жижиг, туранхай биетэй бол платформ гутал болон UGG өмсөх нь зохимжгүй. Махлаг бүсгүйчүүдийн хувьд хүний анхаарал татахуйц, тод туфльнээс татгалзан энгийн классик өсгийтэй, намхан ултай, янз бүрийн тоног чимэггүй арьсан гутал өмсвөл биеийн тань доод хэсэг нарийхан, харагдана. Түүнчлэн гуталны хэмжээг зөв сонгох хэрэгтэй. Учир нь өөрт таараагүй гутал хүний алхаа гишгээг эвддэг. Тиймээс яг өөрт тань таарсан размертай гутал дур булаам харагдуулах эхний алхам юм.
4. Ээмэг хөхийг том харагдуулахад тусална Ээмэг бөгж зэрэг гоёл чимэглэлүүдээ тохируулж чадвал биеийн тань галбир илүү дур булаам харагдах боломжтой. Том ээмэг зүүгээд, гурвалжин захтай цамц өмсвөл хөх чинь илүү том харагдах болно. Харин хэтэрхий дүүрэн цээжээ хүний хараанаас хол байлгахыг хүсвэл урт нарийн кулонтой гинж зүүж, том чулуун шигтгээнээс зайлсхийгээрэй.
5. Өмд таны хөлийг сайхан харагдуулна Богино өмд шилбийг тань барихгүй учраас хүмүүсийн анхаарлыг хөлнөөс хол байлгана. Богино өмднийхөө доогуур сулавтар түрийтэй гутал өмсөөд, дээгүүр нь дэгжин майк, пиджак өмсөж болно. Мөн хар хөх өнгийн жийнс шилбэ болон гуяны доод хэсгийг гоолиг харагдуулдаг. Тиймээс урт цамц өмсөж гуяа далдлаад, доогуур нь өндөр өсгийтэй гутал өмсвөл таны хөл урт нарийн, дэгжин харагдах болно. Харин өмдний хээ зурагны сонголт ямар байх ёстой вэ? Энэ асуултанд хариулахын тулд юуны түрүүнд хээнд ач холбогдол өгөх хэрэгтэй. Том дөрвөлжин хээ нь гуяыг улам өргөн харагдуулна. Мөн бүдэг босоо шугамтай оффис өмд өмсөж болно. Зураас нь хэтэрхий тод байвал хүмүүсийн анхаарал хөлөнд татагдана. Харин бүдэг, босоо зураас нь хөлийг нарийхан өндөр “болгоно”.
6. Таны галбирыг чимэх тодотгол нь “Бугуйн цаг” Таны цаг гарт тань таарч байгааг мэдэхэд амархан. Та гараа хөдөлгөхөд урагш хойш холхихгүй байх ёстой. Мөн цаг тань өмссөн хувцас болон барьсан цүнхтэй тохирч байх нь чухал. Тухайлбал мөнгөн цаг нь хар, саарал, цэнхэр хувцсанд тохирох ба орой, үдшийн цагаар илүү тансаг харагдуулдаг. Харин алтлаг цаг бор өнгөн дээр болон арьсан эдлэл дээр гоё харагдана. Дижитал цагийг энгийн үед зүүж болох ба албан уулзалтанд таарамжгүй гэдгийг санаарай.
