Зэрлэг амьтадтай өссөн хүүхдүүдийн үнэн бодит түүх
Германы гэрэл зурагчин Julia Fullerton-Batten зэрлэг амьтадтай өссөн хүүхдүүдийн бодит түүхийг өгүүлсэн Feral Children фото төслийг санаачилжээ. Энэ төслөө тэрээр хоёр жилийн өмнө The Girl With No Name номыг уншиж байхдаа олсон юмсанж. Энэ номонд 5 настайдаа хулгайлагдсан Marina Chapman-ийн сармагчинтай өнгөрүүлсэн амьдралын бодит түүхийг өгүүлсэн байдаг. Тэрээр " Зэрлэгшсэн хүүхдүүдийн бодит түүхийг гэрэл зурагжуулсан энэ төсөлдөө би маш олон сарыг зарцууллаа. Энэ хооронд тэдэнтэй ижил тавилантай хүмүүсийн түүхийг судалсан BBC-ийн нэвтрүүлэгч-антропологич Mary Ann Ochota-тай хамтарч ажилласан юм. Тэрээр Фижи, Уганда мөн Украинаар аялж араатан амьтадтай өссөн гурван хүнтэй уулзсан байлаа. Мөн би дээрх номыг бичсэн хүний охин Vanessa James-тэй холбогдож чадсан нь үнэхээр гайхалтай төдийгүй тэрээр төслийн минь зөвлөхөөр ажилласанд баяртай байна. Миний сонгосон энэ 11 хүүхдийн түүх хүмүүст нэгийг бодогдуулж хоёрыг тунгаах сэдлийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Дэлхий дээр тэднээс өөр маш олон хөөрхийлөлтэй тавилантай үрс бий. Үрдээ энэрэлгүй эцэг эх ухаант хүн та нэгийг бодоосой гэсэндээ энэ төслийг хийлээ. Эцэст нь моделиор ажилласан хүүхдүүддээ баярлалаа " гэсэн юм.
1845 онд чонотой ижилссэн Лобо охиныг ямаан сүрэг рүү дайрахад нь анх олж харжээ. Түүнээс хойш нэг жилийн дараа ямааны түүхий мах идэж байхыг нь дахин харсан байдаг. Харин хамгийн сүүлд 1852 онд чонын хоёр бэлтрэгтэй тоглож байхыг нь харснаас хойш хэн ч хараагүй гэдэг.
Украин: Оксана Малай /1991/
Оксанаг 1991 онд нохойн үүрэнд амьдарч байхыг нь олжээ. Тухайн үед 8 настай байсан тэрээр зургаан жил нохойтой амьдарсан байсан юм. Увайгүй архичин эцэг эх нь түүнийг нэг л шөнө гаргаад хаячихжээ. Түүнээс хойш нохойн сүрэгтэй ижилссэн Оксана охин хүн гэхээсээ илүү нохойн гөлөг шиг өссөн юм. Оксанаг олоход тэрээр дөрвөн хөллөж явахаас гадна нохой шиг хэлээ гаргана, бас шүдээ ярзайлгадаг байжээ. Нохойтой ойр өссөн болохоор хүний хэл мэдэхгүй. Зөвхөн тийм үгүй л гэж мэддэг байлаа. Харин одоо 30 настай тэрээр Одессагийн нэгэн эмнэлэгт фермийн амьтадыг нь малладаг болжээ.
Дөрвөн настай Шамдеог 1972 онд Энэтхэгийн ойгоос олжээ. Чонын бэлтрэгтэй тоглож байсан тэрээр тас хар арьстай хурц гэгч шүдтэй бас өвдөг тохой нь сайртсан байлаа. Шамдео тахиа агнах дуртай. Нохойтой ч гэсэн холбоо тогтоосон тэрээр цусаар ангаж байсан юм. Эцэст нь түүхий махнаас нь гаргасан ч ганц ч үг дуугарч байгаагүй. Харин дохионы хэл сурсан байдаг. Ингээд түүнийг 1978 онд асрамжийн газарт аваачин Паскаль гэж нэрлэжээ. Тэрээр 1985 онд өөд болсон гэнэ.
7 настай Права 31 настай ээжтэйгээ болон эжийнхээ тэжээдэг шувуудтай хамт хүн болжээ. Ээж нь түүнийг хэзээ ч зодож гэмтээж байгаагүй бас өлсгөж цангааж ч байсангүй. Харин түүнтэй ганц ч үг ярьж байгаагүй юм. Тиймээс Права шувуудтайгаа л ижилсэн дасчээ. Тэр ярьж чаддаггүй жиргэж л чадна. Хэлсэн зүйлийг ойлгохгүй бол шувуу шиг нэг гараа дэвэх хөдөлгөөн хийдэг. Түүнийг сэтгэлзүйч нар нийгэмшүүлэхээр хичээж байна.
Колумб: Марина Чапман /1959/
1954 онд таван настай байсан Маринаг хулгайлж Өмнөд Америкийн бөглүү ширэнгэд төөрүүлжээ. Анчдад олзлогдон эмсийн хүрээлэнд зарагдахаасаа өмнө тэрээр 5 жил капуцин сармагчинтай амьдарсан юм. Тэр сармагчны шидэж өгсөн гадил жимсээр хооллодог бас нүхэнд хоног төөрүүлдэг байлаа. Анчдад олзлогдохдоо тэрээр хүний хэлээ мартсан байсан юм. Тэд түүнийг эмсийн хүрээлэнд зарсан ч тэрээр тэндээсээ оргож хэсэг гудамжинд амьдарчээ. Дараа нь мафийн бизнес эрхэлдэг нэг айлын зарц болсон ч хөршийнх нь ачаар Богота дараа нь Боготагаасаа Их Британи руу нүүн энх тунх амьдарч байна. Тэрээр охин Vanessa James-тэйгээ хамтарч амьдралынхаа бодит түүхийг өгүүлсэн The Girl With No Name нэртэй намтар номоо гаргажээ.
Мадина охин төрсөн цагаасаа 3 нас хүртлээ нохойтой амьдарчээ. Тэрээр тэдэнтэй хоолоо хуваахаас гадна тоглож наадан бас дүн өвлөөр хамт унтдаг байлаа. Эцэг нь түүнийг төрөнгүүт хаясан бол ээж нь архичин байсан юм. Архидаад алга болчихдог ээжийгээ уурласан үед Мадина тоглоомын талбай руу явдаг ч тэнд байсан хүүхдүүдийн хэн нь ч тоглодоггүй гэнэ. Эцэст нь нохой л түүний үнэнч нөхөр хэвээр үлдсэн юм. Эмч нар охины сэтгэцийг эрүүл гэдгийг тогтоосон болохоор эргэн нийгэмшихэд асуудалгүй гэдэгт итгэж байна.
Жениг хөлд ороод удаагүй байхад нь эцэг нь 00-ын суултууртай сандал дээр хүлчихжээ. 10 жил ийм байдалтай амьдарсан түүнийг 1970 онд нийгмийн ажилчид олж ээжтэй нь амьдруулах болжээ. Жениг олоход 13 настай байсан ба ярих нь битгий хэл авиа ч гаргадаггүй байжээ. Мөн түүнчлэн 00-оосоо салаагүй болохоор хачин явдаг бас сав л хийвэл өөрийгөө хумслан мааждаг байсан юм. Яваандаа хэдэн үг хэлж эхэлсэн ч бүрэн ярьж чаддаггүй хэвээр л байлаа. Женигийн амьдралын түүх 1974 оноос сураггүй болсон юм. Хувийн мөрдөгчийн олж мэдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрэгчдийн асрамжийн газар байдаг бололтой.
Энэтхэг: Ирвэстэй өссөн хүү /1912/
Түүнийг хоёр настай байхад нь 1912 онд эмэгчин ирвэс хулгайлжээ. Энэ явдлаас 3 жилийн дараа анчин тэр эмэгчин ирвэсийг алахад гурван зулзага үлдсэний нэг нь 5 настай энэ жаал байсан юм.Түүнийг гэрт нь аваачсан ба анхандаа дөрвөн хөллөж явдаг байсан тэрээр ойртсон хүн болгон руугаа дайрдаг байжээ. Мөн тосгоны шувуудыг барьж түүхийгээр нь иддэг. Ярьж чаддаггүй архирч л чаддаг байсан хүү хожим нийгэмшиж хэлд орж хүн шиг алхаж сурсан юм. Гэвч харамсалтай нь хараагүй болжээ. Энэ нь ширэнгэн ойн амьдралтай нь огт хамаагүй. Удамшлын өвчин байсан гэдэг.
Фижи: Сужит Кумар /1978/
Эцэг эх нь түүнийг тахианы байранд түгждэг байжээ. Ингэснээр жаал хүү тахиа шиг дуугарч бас дэвдэг. Идэх юмаа ч гэсэн тоншиж иддэг болсон юм. Харамсалтай нь ээж нь амиа егүүтгэж харин эцэг нь бусдын гарт амиа алдсан түүхтэй. Ингээд өвөө нь асран халамжлагч нь болсон ч тахианы байрнаас нь гаргаагүй ажээ.Түүнийг халамжийнхан олж хөгшчүүдийн асрамжийн газар аваачсан ч хэтэрхий түрэмгий авиртайгаасаа болж 20 жил орноосоо хүлүүлжээ. Одоо тэр 30 гаран настай ба сайхан сэтгэлт Elizabeth Clayton-ийн асаргаанд байдаг.
Энэтхэг: Камала Амала хоёр /1920/
Камалаг 8 настай харин Амалаг 12 настай байхад нь санваартан Joseph Singh олжээ. Тэрээр тэднийг чонон сүрэгтэйгээ амьдардаг агуйнх нь дээрээс олж харсан ба дөрвөн хөллөж явдаг байсан охидыг хэн ч хүн гэж харахааргүй байжээ. Хожим Камала Амала хоёр түүнтэй хамт амьдрах болсон ч хүнтэй харилцах ямар ч сонирхолгүй байлаа. Охид цагариглан хамт унтдаг байсан ба түүхий мах л иддэг. Мөн хоорондоо ульж харьцдаг байсан юм. Тэдний харах сонсох үнэрлэх мэдрэхүй үнэхээр сайн хөгжжээ. Амала охин хүний нийгэмд эргэн ирснээсээ хойш нэг жилийн дараа нас барсан бол Камала 17 настайдаа 1929 онд бөөрний өвчнөөр нас баржээ.
ОХУ: Иван Мишуков /1998/
Гэр бүлийн хүчирхийллээс дайжсан Иван дөрвөн настайдаа гэрээсээ явжээ. Гудманд гуйлга гуйн хэсэг амьдарсны эцэст тэрээр зэрлэг ноходтой амьдрах болсон юм. Ийм маягаар хоёр жил амьдарсан түүнийг асрамжийн газар хүчээр аваачсан байна. Тэрээр маш богино хугацаанд нийгэмшсэн ба жирийн амьдралдаа эргэн оржээ.
Эх сурвалж: Mglxac.com
