Колумб улсын нийслэл хотын даргаар бие даан нэр дэвшигч сонгогдлоо
Богота хотын даргаар бие даан нэр дэвшигч Энрике Пеналоса сонгогдсоноор тус хотын удирдлагыг сүүлийн 12 жилийн хугацаанд гартаа барьсан Колумбийн зүүний намынхан томоохон ялагдал хүлээгээд байна. Хотын даргын сонгуулийг зохион байгуулсан албаныхны мэдээлснээр Энрике Пеналоса 33 хувийн саналаар ялалт байгуулсан бол түүнтэй өрсөлдсөн Рафаель Пардо 28,5 хувийн саналаар удаалж, 18 хувийн саналаар зүүний намаас нэр дэвшигч Клара Лопез гуравдугаарт бичигдсэн байна. Ялалт байгуулаад байгаа Энрике Пеналоса өмнө нь 1998-аас 2001 оны хооронд мөн Богота хотын даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ 8 сая хүн амтай тус хотын нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэж байсан түүхтэй. Богота хотын даргаар дахин сонгогдоод байгаа тэрээр энэ удаад гэмт хэрэг болон замын түгжрэлийг бууруулж, хотод дэг журмыг тогтооно гэсэн амлалт бүхий мөрийн хөтөлбөртэй нэр дэвшин, ялалт байгуулсан байна.
