Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Бамбай булчирхайн өвчлөл гэж юу вэ?

Бамбай булчирхайн өвчлөл гэж юу вэ?

БАМБАЙ БУЛЧИРХАЙН ӨВЧЛӨЛ ГЭЖ ЧУХАМ ЮУ БОЛОХ, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ОНОШИЛЖ, ЭМЧИЛДЭГ ТАЛААР “МОНГОЛ ХЬЮНДАЙ” ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫН ЭМЧ ШИМ Ү ЖОН-ООС МЭДЭЭЛЭЛ АВСНАА ТАНД ХҮРГЭЖ БАЙНА.  АЛИВАА ӨВЧНИЙГ ӨВДСӨН ХОЙНО НЬ БУС ӨВДӨХӨӨСӨӨ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДВАЛ ТАНЫ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ЭДИЙН ЗАСАГ ГЭЭД ОЛОН АСУУДЛЫГ ЭЕРЭГ ТАЛААР НЬ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХ ЮМ.

TV ZONE: БАМБАЙН БУЛЧИРХАЙН ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ? ЮУНААС БОЛЖ ҮҮСДЭГ ВЭ?

ШИМ Ү ЖОН: Бамбай булчирхай нь хүн бүрт бий. Энэ нь даавар ялгаруулах үүрэгтэй булчирхай бөгөөд дааврыг хэт их, эсвэл хэт бага ялгаруулснаас үүсэх өвчлөл, мөн бамбай булчирхайн хорт хавдар гэсэн үндсэн хоёр төрлийн эмгэг байдаг. Дааврын ялгарлын хямралаас үүсэх эмгэг нь эмэгтэйчүүдэд илүү тохиолддог бөгөөд энэ нь сарын тэмдэгтэй холбоотой. Харин нөгөө шалтгаан нь, хоол ундаар авах иодын хэмжээ дутагдсанаас үүсдэг. Иод дутагдсанаар дааврын үүсэл ялгарал хямарч бамбай булчирхайн доройтолд хүргэдэг байна.

TV ZONE: ХҮНИЙ БИЕД ХЭРХЭН ИЛЭРДЭГ ВЭ?

ШИМ Ү ЖОН: Ер нь бамбайн даавар нь хүний биеийн дулааныг зохицуулах үүрэгтэй. Тиймээс даавар хэт их ялгаруулбал халуурах, халуу шатах шинж тэмдгээс гадна бамбайн булчирхай томрох, нүд бүлтийх, гар салгалах, халуу шаталтын улмаас биеийн булчин шөрмөс нь агшиж, багасдаг. Ингэснээр турж эцэж эхэлнэ. Мөн зүрхний цохилт түргэсэж, зүрх дэлсэх шинж илэрдэг. Түүнчлэн сарын тэмдгийн хэмжээ багасна. Эдгээр нь даавар хэт их ялгаруулснаас үүсэх шинж тэмдгүүд юм. Харин даавар бага ялгаруулснаар шим тэжээлийн бодис хэрэгтэй газраа очиж шингэлгүй, хөөнгө байдлыг үүсгэдэг. Ингэснээр зүрх, гар хөл, хэл хүртэл хөөж томорно, биеийн халуун багасч, бээрэг болно. Ялгаруулж буй дааврын хэмжээний их, багаас шалтгаалан энэ мэт шинж тэмдгүүд илэрдэг.

TV ZONE: ЭНЭ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭСЭХЭЭ МЭДЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

ШИМ Ү ЖОН: Хүн бүрт өөр өөрөөр илрэх боловч хамгийн түрүүнд та зүрхний хэмээ анзаарах хэрэгтэй. Зүрхний ачаалал ихсэж, зүрх хэт хурдан цохилно, хамаг бие халуу дүүгэн, халууцна эсвэл хэт бээрэг болно, нүд томорно, бамбай булчирхай томорно, сэтгэл зүйн хувьд их гутранги үзэлтэй, хойрго залхуу болдог. Ер нь бамбай булчирхайн өвчлөлийн илрэх үйл явц нь удаашралтай, нууцлагдмал шинжээр, зарим тохиолдолд хүндэрсэн хойноо илэрдэг талтай.

TV ZONE: ХЭРХЭН ЭМЧЛЭГДЭХ ВЭ?

ШИМ Ү ЖОН: Даавар бага ялгарч байгаа тохиолдолд эмчлэхэд хамгийн хялбар. Энэ үед эмийн эмчилгээгээр эмчилж болдог. Харин ихэссэн тохиолдолд эмчлэх гурван арга бий. Эхнийх нь, эмийн эмчилгээ. Эмчийн хяналтад 2 жилийн хугацаанд тууштай эм уух бөгөөд эхэндээ их тунгаар уугаад, түүнийгээ багасгаж, барих тунд оруулж, эдгэрэх арга юм. Энэ үед жирэмсэлж болдоггүй. Харин хоёр дахь арга нь мэс заслын арга. Мэс заслаар ургаж томорсон бамбайны 3/2-ыг нь тайрч авна. Энэ нь 100 хувь эдгэдэг арга боловч сул тал нь зүсэлт хийгдэх учир сорви үлддэг. Гурав дахь арга нь туяаны эмчилгээ. Энэ нь эмчилгээнд зориулсан тусгай эмийг ууж, туяатай өрөөнд 3 хонох шаардлагатай. Сул тал нь даавар нь их ялгардаг хүн энэ эмчилгээнд орсноор даавар ялгаруулалт дарангуйлагдаж, насан туршдаа түүнийг ялгаруулах, дэмжих эм хэрэглэх шаардлага гардаг. Үүнээс гадна уйланхай үүсэх тохиолдол байна. Энэ үед мэс заслын аргаар эмчилнэ. Гэхдээ уйланхайн хэмжээ 2.5 см-ээс том эсвэл хортой байвал мэс засал хийнэ. Хортой эсэхийг нь эсийн шинжилгээгээр мэдэх боломжтой.

TV ZONE: ХОРТОЙ ТОХИОЛДОЛД ХҮНИЙ АМЬ НАСАНД АЮУЛ УЧРУУЛАХ БОЛОВ УУ?

ШИМ Ү ЖОН: Ер нь хорт хавдар учир үхэлд хүргэх аюултай. Гэхдээ бамбай булчирхайн хорт хавдар нь хүний биеэр хэт хурдан тархдаггүй учир амь насыг нь аврах боломж бий гэсэн үг.

TV ZONE: УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА БИЙ ЮУ?

ШИМ Ү ЖОН: Урьдчилан сэргийлэх арга гэж байхгүй ээ. Учир нь энэ нь тухайн хүний биеийн онцлогоос болон удам дамжин үүсдэг өвчлөл. Тиймээс урьдчилан сэргийлэх арга гэвэл эрт оношлуулж, эрт үед нь илрүүлэн эмчлэх явдал юм. Цусны энгийн шинжилгээгээр илэрдэг болохоор та 6 сард нэг удаа бамбайн дааврын шинжилгээ өгч үзүүлж байх хэрэгтэй. Мөн дээр хэлсэн шинж тэмдэг, зовуурь биед илэрч байвал та эмчид хандах нь зүйтэй юм.Түүнчлэн эмэгтэйчүүдэд их тохиолддог учир өөрийгөө эхний удаад шинжих нэг арга бий. Энэ нь төвөнхийн дор урагш товойж, томорсон булчирхай гарт мэдрэгдвэл шинжилгээ өгч үзэх хэрэгтэй.

TV ZONE: ЦАГ ЗАВ ГАРГАН ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨНД МАШ ИХ БАЯРЛАЛАА.

Ярилцсан: Б.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зурагчин: В.ЦЭНД-АЮУШ