Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Miss mongolia-2015" тэмцээний Тэргүүн мисс Ц.Аззаяа: Би ү

"Miss mongolia-2015" тэмцээний Тэргүүн мисс Ц.Аззаяа: Би үлгэр жишээ мисс шиг мисс байна

TV ZONE: Юуны өмнө “ Miss Mongolia ” тэмцээний Тэргүүн миссийн титмийн эзэн болсонд баяр хүргэе ! Зорьсондоо хүрэхийн тулд тэмцээндээ хэрхэн бэлтгэв?

Ц.АЗЗАЯА: Баярлалаа. Миний хувьд давуу тал маань САЙН БЭЛТГЭЛ байлаа. 2013 онд “Miss Mongolia” тэмцээнд оролцож авьяаслаг миссээр шалгарч байсан. Үүнээс хойш тэмцээндээ тууштай яг хоёр жил бэлдсэн гэж хэлж болно. Нөгөө талаар урлагийн сургуулийн төгсөх курсийн оюутан гэдэг утгаараа бүх зүйлд бэлтгэлтэй байх шаардлагатай. Энэ давуу тал маань байнгын бэлтгэлтэй байх боломжийг олгосон.

TV ZONE: Бэлтгэлээрээ эрхгүй ялгарчээ. Тэгвэл тэмцээний хамгийн хүнд шалгуур, хүчтэй өрсөлдөгчид хэн байв?

Ц.АЗЗАЯА: Тэмцээн "Мисс фото", "Мисс спорт", "Мисс оюунлаг", "Мисс авьяас", "Мисс модель", "Мисс бикини" гэсэн үндсэн зургаан шалгуураар явагддаг. Миний хувьд мэргэжилтэй маань холбоотой, мөн өөрийн гэсэн туршлага байсан болохоор бүх шалгуурт хамгийн сайн байсан болов уу гэдэгтээ итгэлтэй байна. Өрсөлдөгч охид маань бүгд маш сайн байсан. Тэр дундаас номинаци бүрт өөр өөр хүчтэй өрсөлдөгчидтэй байсан. “Мисс модель” номинацид Э.Оюунбилэг, “Мисс оюунлаг” номинацид дэд мисс болсон Ц.Энхжин нар маань маш хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Ер нь бол сар шахуу бүтэн нойртой байгаагүй, зарим шөнө цурам ч хийлгүй бэлдсэн. Нойргүй болохоор арьс амрахгүй гээд л олон давхар бэрхшээл гарч байсан ч хамгийн чухал нь бэлтгэл учраас шалгаруулалтын өмнөх өдөр бол гарцаагүй нойргүй хонодог байсан. Маш их хичээл зүтгэл гаргаж, олон шөнийн нойроо хассан зүтгэлийг маань тэмцээний шүүгчид олж харсан учраас Тэргүүн миссийн титмийг өгсөн болов уу гэж бодож байгаа.

TV ZONE: “ Miss Mongolia ” Тэргүүн титмийн эзнээр нэрээ дуудуулах тэр агшинд төрсөн мэдрэмжээсээ хуваалцвал?

Ц.АЗЗАЯА: Шилдэг 5-д үлдсэний дараа ер нь л сэтгэлд багтаж байсан хэр нь “Тэргүүн мисс”-ээр зарлахад өөртөө итгэж өгдөггүй юм билээ. Уйлахгүй дээ гэж бодож байсан ч үзэгчдийн суудал уруу хартал ээж маань уйлахыг хараад нулимсаа барьж дийлээгүй, мэлмэрүүлчихсэн. Мисс гэх эрхэм алдар, том хариуцлагыг нэр төртэй авч явахын төлөө хичээж, үлгэр жишээ мисс шиг л мисс байна даа.

TV ZONE: Ээж тань МУГЖ Д.Ширмэнтуяа гэдгийг уншигчид маань андахгүй байх. Уран бүтээлч ээжийн зөвлөгөө үнэтэй бас чухал байдаг болов уу?

Ц.АЗЗАЯА: Жүжигчин хүний ач охин юм чинь эмээгээрээ хичээлээ заалгачихдаг, ээжээрээ дуулалт заалгадаг байх гэх зэргээр бусад хүмүүс амархнаар боддог юм шиг байна билээ. Тийм биш л дээ. Дууны хувьд би өөрөө л бэлдсэн.

TV ZONE: Тэргүүн миссийн титмээ зүүгээд долоо хоногийн дараа “ Miss International ” тэмцээнийг зорих гэж байна. Тэмцээнд оролцох төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулав? Мөн өөртөө ямар зорилго тавьж байна?

Ц.АЗЗАЯА: Цаг хугацааны хувьд давчуу байгаа хэдий ч өөрийн бүх хүч чадлаа дайчилж оролцох болно. Бэлтгэлээ хангалттай базаахын тулд маш шахуу төлөвлөгөөтэй, завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна даа.

TV ZONE: Арьс арчилгаа, гоо сайхныхаа нууцаасаа уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцвал?

Ц.АЗЗАЯА: За байз ямар нууцаасаа хэлэх вэ /инээв/. Миний хувьд хоолны дэглэм барьдаггүй ч түргэн хоол, хийжүүлсэн ундаа огт хэрэглэдэггүй. Хамгийн хор нөлөөгүй хоол бол гэрийн хоол. Тийм болохоор ээжийнхээ хийсэн хоолыг л идэх дуртай. Өглөөний хоолоо заавал идэх, 18:00 цагаас хойш хооллохгүй байх нь эрүүл мэндэд тустай шүү дээ. Арьс арчилгааны тал дээр хамгийн чухал нь цэвэрлэгээ гэж ээж маань байнга хэлдэг. 9-р ангидаа сормуусаа будаж дараа жилээс нь нүүрээ будаж эхэлсэн. Тэр үеэс л ээж маань цэвэрлэгээ чухлыг онцолж, нүүрээ сайн цэвэрлэж сайн амрааж чадах юм бол будаг шингэхдээ сайн, арьс өнгөө алдах, үрчлээ суух зэргээс айлтгүй гэж хэлж байсан нь насан туршийн маань санах зүйл болсон. Миний хувьд нүүр цэвэрлэгээндээ Монголынхоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Яагаад гэвэл импортын бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хэчнээн удаж ирж байгаа юм билээ мэдэхгүй шүү дээ. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээ дөнгөж үйлдвэрээс дэлгүүрт очиход нь аваад хэрэглэх боломжтой байдаг. Тиймээс л үндэсний үйлдвэрийн нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн сүүн шингэн, тоникийг байнга хэрэглэдэг дээ. Манайх бас их сайн бүтээгдэхүүн хийдэг болсон санагддаг.

TV ZONE: Оюутан ахуйдаа мисс хэмээх эрхэм алдрыг хүртлээ. Ямарваа тэмцээн уралдаанд оролцоход мөнгө санхүү багагүй шаардагддаг шүү дээ. Гэр бүлийнхнийхээ туслалцааг авсан уу? Ер нь санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ?

Ц.АЗЗАЯА: Хамгийн том туслагч, үнэнч фэнүүд маань гэр бүлийнхэн маань байдаг л даа. Гэхдээ миний хувьд бусдын туслалцааг авахгүй, өөрөө болгохыг хичээдэг. Андра модель менежментдээ багшлахын хажуугаар загварын шоун, зураг авалтад орно, хажуугаар нь мэргэжлийнхээ дагуу ажиллах зэргээр хөдөлмөрөөрөө цуглуулсан мөнгөө хэрэгтэй зүйлдээ зарцуулдаг. Тиймээс тэмцээнд оролцох санхүүгээ өөрөө хариуцсан гэж хэлж болно.

TV ZONE: “ Miss International”-ынхаа онцгой гоёлыг хаанаас зэхэж байгаа вэ?

Ц.АЗЗАЯА: Миний гоёлын даашинзуудыг “Precious fashion house”-ын уран гарт Ангиа, Цэдо эгч маань хийж өгдөг. Тэд маань эцсийн шалгаруулалтад өмссөн даашинзыг маань л гэхэд олон хоног нойргүй сууж сэтгэлээ шингээж оёж өгсөн. “Miss International”-ийн маань гоёлыг мөн “Precious fashion house”-ынхан маань урласан.

TV ZONE: Нууц биш бол нэг даашинз хэдий хэр үнэтэй байдаг вэ?

Ц.АЗЗАЯА: Янз бүр байдаг. “Miss Mongolia”-ын тайзан дээр өмссөн даашинз маань 1.5 сая төгрөгийн үнэтэй байсан. Манайх хамтын ажиллагааны гэрээтэй учраас надад бага зэрэг хөнгөлөлт үзүүлсэн /инээв/.

TV ZONE: Даашинз бүсгүй хүний эмэгтэйлэг чанарыг тодотгож, гоо сайхныг илтгэдэг шүү дээ. Хувцасны шүүгээндээ хэр олон даашинзтай вэ?

Ц.АЗЗАЯА: Надад үдшийн гоёлын маш гоё таван даашинз, үндэсний хэв загвартай даашинз түлхүү байдаг. Өөрөө ярилцаж загвараа гаргаж, ямар их сэтгэл гаргаж урласныг нь нүдээрээ харж, бас титэм зүүхэд маань нөлөөлсөн болохоор хамгийн хайртай даашинз маань дээр хэлсэн даашинз маань юм даа.

TV ZONE: Үе үеийн гоо бүсгүйчүүд нүүр будалт, гутал, даашинз, цүнх зэргийг эмэгтэй хүний хамгийн гол “зэвсэг”-ээр нэрлэсэн нь бий. Таны хувьд?

Ц.АЗЗАЯА: Эмэгтэй хүний хамгийн сайхан гоёл бол инээмсэглэл. Будагтай ч бай, будаггүй ч бай инээмсэглэсэн хүн хамгийн сайхан харагддаг. Үүний илрэл нь сошиал ертөнцөд өрнөөд байгаа “No make up challenge”-ээс тодхон харагдаж байгаа гэж боддог. Инээмсэглэл бол эмэгтэй хүний байнга гоёх үнэгүй олддог хамгийн чухал гоёл. Хувцас хэрэглэлээс хамгийн их ач холбогдол өгдөг зүйл гэвэл аксесуар буюу гоёл чимэглэл юм байна. Гоё янзалсан үс гэзэг, нүүр будалтыг ээмэг, зүүлт улам бүр тодотгож эмэгтэй хүнийг гэрэлтүүлж өгдөг гэж боддог: Хувцас хэрэглэлтэйгээ зохицсон том ээмэг, зүүлт, аксесуараар гоёсон бүсгүй дэгжин цоглог харагддаг. Ээж маань урлагийн хүн болохоор маш гоё ээмэг зүүлт хэрэглэнэ. Би нууцаар зүүчихээд л толины урд зогсдог байлаа. Тиймээс ч багаасаа аксесуар цуглуулж эхэлсэн. Багадаа ээжтэй хамт хорооллын дэлгүүрээр явж байгаад аксесуарын шилэн лангууг хараад “Пөөх алт эрдэнэс” гээд дуу алдаж хараад зогсчихсон тухай ээж байнга ярьдаг.

TV ZONE: “ No make up challenge ”-ийн дуудлага ирсэн үү?

Ц.АЗЗАЯА: Их олон хүн дуудсан байна билээ. Одоохондоо маш завгүй байгаа болохоор хойш нь тавьчихсан байгаа. Тэгж байгаад нэг өдөр зургаа тавина даа /инээв/.

TV ZONE: Охин нь мисс болоход аав, ээж, өвөө, эмээ нь их гоё урмын үг хэлсэн болов уу?

Ц.АЗЗАЯА: Манай гэр бүлийнхэн надаас илүү баярласан байх шүү. Бусад хүүхдүүдийн гэрийнхэн шалгаруулалт бүр дээр дагаж явах ч юмуу байнга л анхаарал тавьж байгаа харагдсан. Миний хувьд багаасаа биеэ даасан, би чадна гээд зорилго тавьж зүтгэсэн болохоор бүгдийг өөрөө хийсэн. Ерөнхийдөө гэрийнхэн маань бараг оролцоогүй. Эцсийн шалгаруулалтыг үзээрэй гэж гэр бүл, хамаатан садныхандаа хэлсэн. Тэд маань миссийн тэмцээний талаар тийм ч эерэг хандлагатай биш байсан бол тайзан дээр ямар тэмцэл дунд яаж хичээж, зүтгэж байж зорилгодоо хүрч байна вэ гэдгийг үзсэн болохоороо надаас илүү баярласан байх. Яг үнэндээ түрүүлчихнэ гэж бодоогүй гэж байсан. Надад баяр хүргэхээс илүү аав, ээжид маань баяр хүргэсэн сэтгэлийн үгс их ирсэн байх шүү. Өөрсдөө түрүүлчихсэн юм шиг л байна шүү дээ гэж байсан /инээв/.

TV ZONE: Найз залуутай юу? Гэр бүлийн амьдралаа хэрхэн төлөвлөсөн бэ?

Ц.АЗЗАЯА: Байгаа. Ярилцлага бүр дээр энэ асуултыг асуух юм...

TV ZONE: Аргагүй шүү дээ. Та одоо бусдын анхаарлын төвд байна. Тиймээс ч хувийн амьдралыг тань илүү сонирхох хүн цөөнгүй байх.

Ц.АЗЗАЯА: Найз залуу маань СУИС-ийн жүжигчний ангид суралцдаг. 10 дугаар сарын 29-нд бид хоёрын үерхлийн хоёр жилийн ой болно. Өнгөрсөн жил маш гоё тэмдэглэж байсан ч энэ удаад хол байж таарах болохоор ирээд л гоё тэмдэглэнэ дээ.

TV ZONE: Цаг завгүй хэдий ч бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Мисс болох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн охидод, дүү нартаа захих үг байгаа байх. Энэ боломжийг өөрт чинь үлдээе.

Ц.АЗЗАЯА: Баярлалаа, охиддоо юунаас ч битгий шантраарай гэж хэлье. Миний хувьд шантрах үе зөндөө л гарч байсан л даа. Болж бүтэхгүй байна гэж бодох ч юмуу, тэмцээн эхлэхэд тэр түрүүлнэ гэж байна, ялагч нь тодорхой болчихсон юм байна гэх зэрэг шум сонсогдоно. Тийм шум сонсоод юуны тулд хичээж өчнөөн хоног нойргүй явж байгаа билээ гэх зэргээр сэтгэлээр унах үе ч гарна. Гэхдээ тэр тусам нь өөрийгөө илүү дайчилж, чадна гэж хичээж чадах юм бол амжилтад хүрдэг юм байна гэдгийг би өөрийнхөө жишээ дээр харж байна. Тэр үед шантраад “за за болохгүй юм байна даа” гээд шантраад больчихсон бол өнөөдрийн амжилт ирэхгүй байсан.

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш