Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дуучин Б.Маралжингоо аялж яваад өөрийгөө олов

Дуучин Б.Маралжингоо аялж яваад өөрийгөө олов

Рок попын ертөнцөд давтагдашгүй, өвөрмөц хоолойгоороо бусад уран бүтээлчдээс ялгардаг дуучин бол Б.Маралжингоо. Бусад нь ч хүлээн зөвшөөрч үнэлдэг. Шинэ, соргог бүхнийг эрэлхийлсээр ирсэн Төрийн соёрхолт, дуучин Д.Болд анх Б.Маралжингоог урлагт хөл тавьсан цагаас түүнийг ямар ирээдүйтэй дуучин болохыг харж, хамтран ажиллах санал тавьснаар, өдийг хүртэл тэрээр “В” продакшнаар овоглож буй. Өвөрмөц хоолой, өөрийн онцлогтой дүр төрхөөрөө олонд танигдаж эхэлсэн Б.Маралжингоо анх хөдөө машинаар аялж явахдаа өөрийгөө дуулах сонирхолтойгоо мэджээ. Тодруулбал, аялах дуртай, зав л гарвал хөдөө тийш хүлгийн жолоо залдаг тэрээр жаахан байхын машины цонхоор гараа гаргаж дуулах дуртай охин байсан төдийгүй энэ үедээ тэрээр дуулах сонирхлоо олж нээсэн гэнэ. Харин төрөлх авьяасыг нь хөгжмийн сургуульд сурсан төгөлдөр хуурын мэдрэмж нь улам хөгжүүлсэн байх нь.