Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › "Матч ТВ" суваг удахгүй нээлтээ хийнэ

"Матч ТВ" суваг удахгүй нээлтээ хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ спортын томоохон тэмцээн уралдааныг үнэ төлбөргүйгээр үзэх боломжийг олгох үүднээс төрийн мэдлийн спортын сувгийг нээх зарлиг гаргасан. Оросын байгалийн хийн магнат "ГазПром"-ын мэдэлд байдаг "Газпром Медиа Холдинг" төслийг хэрэгжүүлж "Россия-2" сувгийн оронд "Матч ТВ" хэмээх шинэхэн суваг 11-р сарын 1-ний өдөр нээлтээ хийх гэж байна.

Өнгөрсөн улиралд Оросын хөлбөмбөгийн дээд лигийн тоглолтуудыг зөвхөн "НТВ"-гийн төлбөртэй сувгуудаар үзүүлэх болсон нь ард түмнийх нь дунд маш их эсэргүүцэлтэй тулсан тэр үеэс В.Путин үнэ төлбөргүй спортын суваг бий болгох төслийг эхлүүлсэн гэж үздэг.

Шинээр нээгдэх "Матч ТВ" сувагт Дмитрий Губерниев (биатлон), Алексей Попов (Формула-1), Роман Скворцов (хоккей), Владимр Стогниенко (хөлбөмбөг), Георгий Черданцев (хөлбөмбөг) тэргүүтэй Оросын спортын шилдэг сэтгүүлчид ажиллахаас гадна Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Александр Кержаков, Олимпийн аварга уран гулгагч Татьяна Навка нар ч хөтлөгчөөр ажиллах болжээ.

Спортын шинэ суваг Хөлбөмбөгийн "Аваргуудын лиг", "Европын лиг", Оросын "Премьер лиг", Францын "Лиг 1", Италийн "Сери А", Испаний "Ла лиг", Хөлбөмбөгийн ДАШТ, ЕАШТ, ОХУ-ын шигшээ багийн бүх тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэх ажээ. Мөн Тивийн Хоккейн Лиг (КХЛ), NHL, NBA, Евролиг, "Формула-1", Биатлоны "Дэлхийн цом", мэргэжлийн бокс, холимог тулааны урлаг болоод Зуны Олимпийн наадмыг үзэгчиддээ хүргэх юм байна.

Кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлэгч Монгол компаниуд энэхүү үнэ төлбөргүй спортын сувгийг үзэгчиддээ хүргэх тал дээр анхаарч ажиллавал спортын хорхойтнуудад томоохон бэлэг болох юм.