Өнөөдөр Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр
Цоохор ирвэс бол сүрлэг сайхан амьтан. Бас хуулиар хамгаалагдсан ховор амьтны нэг. Цаст өндөр уулын мөсөн оргилд хүрч, хад асганд нуугдаж, өвөр,хоолойгоор нь хэрэн тэнэж, бэлд нь бууж чаддаг цорын ганц амьтан цоохор ирвэс учраас уулын сүр сүлд түүнд шингэжээ. Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн цоохор ирвэстэй 12 улс орон санал нэгдэж Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан билээ. Тэд яагаад ирвэст анхаарал хандуулаад байна вэ. Энэ нь их учиртай. Цоохор ирвэс бол өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч гол амьтан, ирвэс байна гэдэг нь тэр нутаг байгалийн унаган төрхөө хадгалж байгааг нотолж буй юм. Өөрөөр хэлбэл, цоохор ирвэс байхгүй болчихвол тухайн нутгийн байгалийн зохилдолгоо алдагдана. Ийм чухал амьтан. Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон,агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны барааг харах гэж гадаадын жуулчид олон мянган км зам туулж Монголд ирдэг ч хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь, цоохор ирвэс хүн болгонд харагдаад байдаггүй,их нууцлаг амьдралтай. Цоохор ирвэсийг олж харна гэдэг өөрөө том аз. Цоохор ирвэсийн гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж,идэш тэжээл нь болдог амьтад цөөрснөөс болж энэ амьтанд дарамт нэмэгдсээр байна. Бид,ялангуяа малчид ирвэсийн талаар буруу ойлголттой явдаг. Тэр нь, цоохор ирвэс бидний малыг идэж байна гэсэн яриа. Энэ ярианд олон хүн итгэж байгаа учраас ирвэсийг үзэн хүн өдөр ирэх тусам нэмэгдэх боллоо. Цоохор ирвэс мал идээд байгаа нь үнэн. Үүнийг хэн ч үгүйсгээгүй. Бүгд л өндөр уулын эзэн ирвэсийг шууд буруутгаад байгаа болохоос биш яагаад ингэв гэдэг учрыг олох гэж оролдсон нь цөөн. Цоохор ирвэс юу ч иддэггүй робот биш. Бас өвс иддэг амьтан биш. Тэр бол махчин амьтан. Амьдрахын тулд мах иднэ. Байгаль ээжээс цоохор ирвэсэнд зориулж аргаль,янгир,тарвагыг “зоог” болгосон. Цоохор ирвэс олон жил эдгээр амьтдаар хооллож ирсэн,тэр үед хоттой мал руу дайрах шалтгаан байсангүй. Харин одоо байдал их өөр болжээ. Идэх дуртай эдгээр амьтдын тоо цөөрсөн байна. Тарвага,аргаль бараг үзэгдэхгүй болсныг малчид бүгдээрээ мэдэж байгаа. Үүний буруутан нь хүн бид өөрсдөө. Бид л замбараагүй агнаснаас болж уул,талаар дүүрэн бэлчдэг байсан амьтад цөөрч зарим нь устахын ирмэгт очоод байгаа шүү дээ. Идэш тэжээл болсон амьтад нь цөөрөөд,бараг байхгүй болчихоор ирвэс яах вэ. Ямар өлсч үхэлтэй нь биш,хоолны эрэлд гарч таарна. Ингэж явах замд нь таарсан мал зоог болдог. Өнөөдрийн бодит дүр зураг энэ. Бас малчид ирвэсийн эзэмшил нутагт мал сүргээ бэлчээх болсон нь өөрсдөө ирвэсэнд зоог бэлдэж өгч байгаа хэрэг юм. Малчдын сэтгэлийг хамгийн ихээр зовоож,бас сандаргаад байдаг нь цоохор ирвэс өсч,олшроод байна гэсэн яриа. Гэтэл үнэн хэрэгтээ цоохор ирвэс өсөөгүй гэдгийг эрдэмтэн,судлаачид хэлж байна. Өөрийн гэсэн том эзэмшил нутагтай цоохор ирвэсийн хувьд нэг ууланд хэдэн зуугаараа амьдрах байгалийн хууль байхгүй. Учир нь, өөрийн төрүүлсэн гүемнүүдийн хамгийн дорой, хүч чадал муутайг өөрөө устгадаг нь хэдэн цоохор ирвэс энэ ууланд байх ёстойг мэддэг,хянадаг ухаантай амьтан гэж ойлгож болох юм. Ер нь малчид,иргэд энэ яриа яагаад гарав гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Нэг айлын мал цоохор ирвэсэнд идүүллээ гэхэд ойр хавийнхандаа энэ талаар ярина. Нөгөө сонссон хүн нь өөр айлд очоод байж байтал ирвэсэнд малаа идүүлсэн яриа санамсаргүйгээр сонсогдлоо гэж бодъё. Тэгээд,тэнд бас ийм яриа гарч байсан. Цоохор ирвэс тэгвэл хаа сайгүй явж мал идээд байгаа юм байна. Үнэхээр л ирвэс олширчээ гэсэн бодол хүн бүрт төрнө. Ингээд л ганц,хоёрхон “сахилгагүй” ирвэс, хүмүүсийн буруу ойлголтоос болж ирвэс олон зуу болж “өсчихөөд” байгаа юм. Ирвэс өсч үржээд,”бужигнаад” байна гэдгийн гол шалтгаан ердөө энэ. Ерөөсөө дам ярианаас үүдэлтэй буруу төсөөллөөс болж ирвэс малчдад олон болж “харагдаж” байна. Хэт цөөрсөн цоохор ирвэсийн тоог өсгөх гэж дэлхий даяараа хөдөлж байхад Монголд л ганцхан ирвэс өсөөд байна гэж юу байхав дээ. Ийм буруу ойлголтоос болж хүн, цоохор ирвэсийн хооронд зөрчил үүсээд байна. Мэдээж малыг нь идээд байхад дуртай малчин гэж байхгүй. Малчны хөдөлмөр бол маш хүнд. Амьжиргаа нь болсон хэдэн малаа өсгөх гэж гадаа гандаж яваа малчдад бэрхшээл их бий. Гэхдээ ирвэсэнд малаа идүүлдэгт нэг талаар малчид өөрсдөө буруутай гэдгээ ойлгох хэрэгтэй. Цөөнгүй малчин онцгой,хязгаарлалтын бүсэд малаа бэлчээдэг. Өвөл болохоор ирвэсийн нутагт,эсвэл ойролцоо ирж өвөлждөг. Энэ бол цоохор ирвэсэнд өөрсдөө зоог бэлдэж өгч байгаагаас ялгаагүй. Ирвэс бол ухамсартай,ухаантай амьтан биш. Хүний хэл мэдэхгүй. Тэр зүгээр л зэрлэг амьтан. Доржийн,Батын малыг идэж болохгүй гэж ойлгуулах боломжгүй. Бас таны морь хурдан байна уу, номхон морь байна уу гэдгийг ялгахгүй шүү дээ. Малаа хамгаалах нь малчдын өөрсдийнх нь үүрэг. Ер нь яагаад цоохор ирвэсийг хамгаалах ёстой вэ. Яагаад энэ амьтныг хуулиар хамгаалж нэн ховор амьтан гээд байдаг юм бэ. Ямар ч улс оронд бахархах зүйл гэж байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн,гайхамшигтай байгаль,бас ан амьтан. Тэр бүгдийгээ хэр тордож,хэр хамгаалж,хэр сурталчилж байгаагаас тухайн орны нэр хүнд гардаг. Жишээ нь,хятадууд Цагаан хэрмээ нэрийн хуудас болгодог. Амьтдаас панда буюу хулсны баавгайгаа туг болгож авч явдаг. Энэ амьтнаа их хайрлаж хамгаална. Амьдардаг газар нь тусгай хамгаалалттай. Эргэн тойронд нь хүн амьдардаггүй. Амьтны жинхэнэ диваажин. Ховор амьтан гэхээр дэлхий даяар пандагаар төлөөлүүлж ойлгодог. Одоо өсч үржээд бараг 2000 гаруй пандатай болчихож. Гэсэн ч ховор,чухал амьтан гэж бүгд ярьсаар байгаа. Яагаад гэвэл, энэ амьтнаа хятадууд жинхэнэ утгаар нь хамгаалж чадаж байна. Иргэд нь ч пандатай газар нутаг булаацалдаж малаа тэнд бэлчээдэггүй. Үүний ачаар пандаг ч хамгаалж чадаж байна,бас бахархаж чадаж байна. Хамгийн гол нь, ховор амьтдаа чин сэтгэлээсээ хамгаалдаг гэсэн ойлголт дэлхийд түгэж Хятад улсын нэр хүнд өссөөр. Тэгвэл бид цоохор ирвэсээ хамгаалж, бахархаж чадаж байна уу. Мэдээж үгүй. Бид ан амьтдадаа өөриймсөг ханддаггүй. Харь нутгийн амьтан шиг л ханддаг. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа амьтад бол бидний л өмч. Шоргоолж,гүрвэл,баавгай,чоно,бөхөн,янгир бүгд биднийх. Гэтэл малчид өөрсдөө малаа эзэмшил нутагт нь оруулж идүүлчихээд ирвэсийг буруутгаад байдаг. Бас ирвэсээ үзэн яддаг. Хүний хэл мэдэхгүй ирвэстэй зөрчилдөж байгаа нь бидний буруу гэхээс өөр юу гэхэв. Өндөр уулын хаан цоохор ирвэс бол бидний бахархал юм. Энэ сүрлэг сайхан амьтан жил ирэх тусам цөөрч хоол тэжээл нь хомсдож байгаа үед бид л хамгаалах үүрэгтэй. Бас монгол эх нутаг, өндөр уул зөвхөн биднийх биш, бас цоохор ирвэсийн эзэмшил гэдгийг мартаж болохгүй. Ирвэс ч бас амьдрах эрхтэй. Н.Энхбаяр
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөр
