Д.Сэлэнгэ: Нарсанд ядарсныг нь дээрэлхдэггүй, задарснаас нь айж ичиж явсангүй
Тэр бол жинхэнэ атаман. Шувуун фабрик хэмээх жижигхэн тосгоноос төрсөн Д.Сэлэнгэ гэх эр. Тэрээр “Ар хударга” киногоор нийгэмд тэсрэлт хийгээд буй зохиолч, найруулагч Д.Болдбаатартай нэг анги, дотно найзууд гэнэ. Амьдралынхаа 16 жилийг нарсанд үдсэн тэрбээр найзынхаа уран бүтээлд шоронгийн атаманы дүрээр гарч ирсэн. “ Юун жүжигчин хаанаас гараад ирэв ээ. Тэр хэсэг үнэхээр coo l” хэмээн үзсэн хүн бүр шагшина. Түүнийг жинхэнэ мужик эр хүний мөн чанар, хамгийн гол нь хүн чанар нэвт үнэртсэн эр хүн дээ хэмээн ойр тойрныхон нь ярьдаг юм билээ. Дөнгөж үрээ тэврээд байсан залуу аав найзыгаа өмгөөлөн хүнтэй нударга зөрүүлж улмаар хохирогч амиа алдсанаар нэг л өглөө “Хүн амины хэрэгтэн” хэмээх цол зүүн 20 жилийн ял сонсон хаалттай ертөнцөд очсон юмсанж.
Д.Сэлэнгэ кинонд тоглосон сэтгэгдлээсээ хуваалцахдаа " Энэ кинонд тоглох хялбар байсан гэж хэлж болно. Яагаад гэвэл би өөрөө яг тийм амьдралыг үзсэн, биеэрээ туулсан. Багагүй хугацаанд, бүр үзэх үзэхдээ. Тийм болохоор өөрийн мэдэлгүй сэтгэл дотор тэр орчны байдал хүнд яг суудаг. Засан хүмүүжүүлэх газарт түмэн янзын ааш, характертай хүмүүс байдаг. Тэр бүгдтэй сохорын газар сохор, доголонгийн газар доголон гэдэг шиг дүрэм үйлчилдэг, бичигдээгүй хууль байдаг. Яг тэр байдлаар, ямар ч хүн амьдарч байгаа орчиндоо дасан зохицох хэрэгтэй болдог. Хүссэн хүсээгүй хүн тэнд яг үнэн дүр төрхөө гаргана. Өөрөө хүсээгүй хэрнээ, хувь хүн нь тийм хүн биш мөртлөө тийм дүрд байх шаардлага гардаг. Бас хэрцгий байх хэрэгтэй. Гэвч тэр МАСК-ны цаана хувь хүн нь шал өөр хүн байдаг. Зөөлхөн сайхан сэтгэлтэй, хүнийг өрөвдөж хайрлах сэтгэлтэй, хүн чанартай тийм хүмүүс байж л байдаг " хэмээжээ. Тэрээр өөрийн амьдралын үнэ цэнэтэй хором мөчийг хэцүү нэртэд өнгөрүүлсэн хэдий ч хүн алж, хулгай дээрэм хийгээгүй гагцхүү нөхөрлөлдөө үнэнч байсандаа сэтгэл өег явдаг юмсанж. Ямартаа ч тэрбээр нийгэм дунд "хаалттай ертөнц" хэмээгддэг тэрхүү орон зайд өөрийн хувь хүний үнэт зүйлийг алдалгүй байж, залуу дүү нартаа ахын ёсоор үлгэр жишээ байж, амьдралын сайханд зүйлсэд тэмүүлж яваа.
