Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ХОРВООГООР АЯЛАХУЙ:Алтанзул цэцгийн орон-НИДЕРЛАНД

ХОРВООГООР АЯЛАХУЙ:Алтанзул цэцгийн орон-НИДЕРЛАНД

“Улбар шар”-уудын орны тухай ярихад олон тодотгол хэрэг болно. Уламжлалт салхин тээрэм,модон ултай голланд шаахай,амтат бяслаг, гауда вааран эдлэл, унадаг дугуй.Эд бүгд л Европын нам дор газар орших энэ улсын өв гайхамшигт тооцогддог ч Нидерландын өнгөрсөн ба одоогийн түүх, бэлгэдэл бол чухамдаа алтанзул цэцэг юм. 1559 онд Швейцарийн ботаникч Конрад Жеснэр Альпийн нуруугаар аялж яваад нэгэн өвөрмөц цэцэг олжээ.Улаан дэлбээтэй, анхилуун зөөлөн үнэртэй энэхүү цэцгийг Жеснэр tulipa turcarum буюу товчоор tulip /Алтан зул/ гэж нэрлэжээ.Энэхүү содон цэцэг ганц Нидерландын төдийгүй өдгөөгийн дэлхийн нийслэл Нью-Йорк хотын түүхийг ч өөрчилсөн шидтэн билээ.Уг нь алтанзул цэцэг тухайн үед Төв Азийн хөндий, Константинополь хотоос/Турк/ Европ руу импортлогдож байсан ч энэхүү ховор чамин цэцгийн талаарх цуу яриа Европ даяар тархаж, дээд зиндааныхны бэлгэ тэмдэг хэмээгдэх болжээ.Маш бага хэмжээгээр нийлүүлэлт хийгдэж, зөвхөн алдартай эсвэл баян хүмүүс худалдаж авдаг байсан болохоор алтанзулын эрэлт асар ихэсчээ.Энэхүү эрэлтийг хангахын тулд Голландын худалдааны усан онгоцууд Туркээс алтанзул цэцгийн суулгац импортлон, орон нутгийн фермерүүд суулгацыг тариалж, хотын худалдаачид ургаж гүйцмэгц нь худалдаалж эхэлнэ. Гэвч хүн бүр алтанзул цэцэгтэй болохыг хүсч байсан тул нийлүүлэлт эрэлтээ хангаж чадахгүй байлаа.Голланд даяар мянга мянган хүмүүс зөвхөн энэхүү шидэт суулгацыг ургуулахын тулд ажил амьдралаа хаяж, байшин эзэмшил газраа зарж байжээ.1635 он гэхэд Голланд даяараа алтанзул цэцгийн халууралд автлаа.

Алтанзулын үнэ дээд цэгтээ хүрч ганцхан суулгац нь өнөөдрийн ханшаар 40,000 ам.доллартай тэнцүү буюу  4 тн улаан буудай, 8 тн хөх тариа, 1 ширхэг ор, 4 үхэр, 8 гахай, 12 хонь, 4 тн шар айраг, 2 тн цөцгийн тос, 1000 паунд бяслаг болон 1 ширхэг мөнгөн аягатай тэнцэж байлаа.Гэвч 1637 онд байдал бишдэж, алтанзул удахгүй үнэ цэнээ алдана гэсэн сөрөг цуу яриа тархаж эхэлсэн байна. Хэдхэн долоо хоногийн дараа алтанзул цэцгийн үнэ урьдынхаа үнийн 100-ны 1-тэй тэнцэх хэмжээнд очтлоо унажээ.Иргэдийнх нь дийлэнх нь хамаг л мөнгө хөрөнгөө алтанзул цэцгийн бизнест оруулсан байснаас 1637 онд Голланд улс бараг дампуурлын байдалд орж хэдэн 10 жилийн турш улс орноо хамгаалж буй цэргүүдэд хөлсийг нь төлж чадахгүйд хүрчээ.1664 онд энэ байдлыг нь англичууд ашиглаж хойт Америкийн эргийн дагуу байрлах New Amsterdam хэмээх Голландын сууринг ганц ч буун дуу гаргалгүйгээр эзлэн авч “Английн эзэмшил газар” хэмээн зарлажээ. Улмаар энэхүү сууринд New York хэмээх нэрийг өгсөн байна.Ийнхүү Голланд даяар тархсан алтанзул цэцгийн талаарх цуу яриа яван явсаар New York хотыг алдах хүртэл эмгэнэлтэй үр дүнд хүргэсэн байна.Хэдийгээр түүхийн “гашуун” толбо үлдээсэн ч нидерланчууд одоо ч алтанзулаа тариалсан хэвээр,дэлхийн алтанзулын экспортын 80 хувийг дангаараа бүрдүүлж байна.

Жилд дунджаар  2 сая суулгацыг дэлхийн 80 гаруй оронд экспортлодог тус улсад зөвхөн алтанзул цэцэг худалдаалдаг томоохон биржүүд олон бий. Эдгээрээс хамгийн том нь  Алмерс хотын цэцгийн бирж.1000 гаруй  хүн ажилладаг уг биржид шилмэл сортын алтанзул цэцгийг дуудлагаар худалдаална. Харин Койкенхоф хотод алтанзул цэцгийн үзэсгэлэн жил бүр нээгдэж, 7 сая цэцгээр бүрхсэн талбай яг л диваажингийн цэцгийн мандал шиг харагддаг ажээ. Гэхдээ дөрвөөс тавдугаар сард алтанзул цэцэглэдэг болохоор  энэ улирлыг тааруулж Нидерландад зорчих нь илүү сонирхолтой.

Нутаг дэвсгэрийн ихэнх нь нам дор газар тул Нидерланд буюу “Нам дор газар” гэж энэ орныг нэрлэжээ. Нидерландууд намаг шавартай газрыг далангаар хааж, дараа нь усыг  соруулж хатаах замаар шинэ газар нутгийг бий болгож байсан түүхтэй. Заримдаа “улбар шарууд”-ын эх орныг Голланд гэдэг.Гэхдээ энэ буруу нэршил ажээ.Голланд гэдэг нь Нидерландын вант улсын зөвхөн 2 мужийн нэр.Өмнө нь тусгаар байсан мужийн нэрээр өдгөө эх орныг нь нэрлэхэд ялангуяа ахмад үеийнхэн тийм ч таатай ханддаггүй.Орчин үеийн либерал бодлого баримтлаж мансууруулах бодис, биеэ үнэлэх, ижил хүйстний гэрлэх эрх, эвтанази зэрэг баргийн юмыг хүлээн зөвшөөрдөг Нидерландын хууль сахиулагчид харин Хатан хаан Беатрикс болон түүний гэр бүлийг гутаан доромжлохыг тэвчиж чаддаггүй гэнэ.1980 оноос Нидерландын төрийг барьсан Цог жавхлант Хатан хаан Беатрикс  өнгөрсөн 2013 онд өөрийн ууган хүү хунтайж Виллем-Александрт хаан титмээ шилжүүлсэн билээ.

16 сая хүнтэй энэ улсын иргэн бүр дугуй унадаг,хатан хаан ч бас бас дугуйны хорхойтон. Гэхдээ хаан удмын хүн олны нүдэн дээр дугуй унах нь тийм зохимжтой зүйл биш тул энэ сонирхлоосоо татгалзахад хүрдэг тухайгаа нэгэн ярилцлагадаа учирласан байдаг.Ард иргэдийн ихэнх нь дугуй хэрэглэдэг болохоор замын хөдөлгөөн ч эмх цэгцтэй,дээр нь агаарын бохирдол бага.

Дээр өгүүлсэнчлэн намаг шаврын усыг соруулж хатаахдаа салхин тээрэм ихээр ашигладаг байсан нь өдгөө Нидерландын бас нэгэн чимэг болсон юм.Нидерландын хөдөө талаар үзэмжит гоёмсог салхи тээрэмнүүд ярайж харагдах нь жуулчдыг татах бас нэгэн арга гэлтэй.

Нидерландын хөдөөх үзэсгэлэн,Эдам брендийн амтат бяслаг ч бас салхин тээрмээс дутахгүй алдартай. Нидерландын вант улсын хүн амынх нь бараг 90 хувь нь хотууддаа суурьшдаг. Амстердам албан ёсны нийслэл хот боловч Засгийн газар нь Гаага хотноо төвлөрнө. Арбитрын байнгын шүүх, Олон улсын шүүх , Олон улсын эрүүгийн шүүх , Европын холбооны эрүүгийн цагдаагийн агентлаг байрладаг тул Гаага хотыг  "Дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ.

Амстердам хот олон тооны суваг,1000 шахам гүүрээрээ зартай.Урлагийн түүхээс эхлээд хар тамхины түүхийг хүртэл агуулсан музей Амстердамд бий.Ван Гог,Вермеер,Рембрандт зэрэг түүхэнд нэрээ мөнхөлсөн суут зураачдын бүтээлийг өлгий нутгаас нь сонирхох боломж бас бий.Амстердамыг зорих жуулчдын урсгал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэх болсон бас нэг шалтгаан гэвэл эндэхийн “Улаан дэнлүүний гудамж”.

Биеэ үнэлэх,хар тамхи зэрэг нь энэ орны хувьд хуулиар зөвшөөрөгдсөн байдаг.Гэхдээ энэ гудамжинд зураг авах, бичлэг хийх нь хориотой.

Өсгөлүүн биетэй нидерландууд дундаж өндрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлнэ.(Эрэгтэйчүүдийн дундаж өндөр 1.85м, эмэгтэйчүүдийнх 1.75м)Бас гурван хүний нэг нь ямар нэгэн спорт клубын гишүүн байдаг байна.Нидерландууд хүйтэрч,ус хөлдөхийг тэсэн ядан хүлээдэг байна. Учир нь мөс тогтохтой зэрэгцээд de elfstedentocht буюу Арван нэгэн хотын аян хэмээх тэшүүрийн тэмцээн эхэлнэ. Энэ тэмцээн олон нуур, суваг, голтой Фрийсланд мужийн 11 хотыг (Leeuwarden, Sneek, IJlst, Sloten, Stavoren, Hindeloopen, Workum, Bolsward, Harlingen, Franeker, Dokkum) дамжин ойролцоогоор 200 км гулгаж уралддаг. Ер нь нидерландууд тэшүүрийн спортод их дуртай, олон улсын хэмжээнд үнэлэгдэх шилдэг тамирчид чухамдаа нидерланд гаралтай байдаг.

Эцэст оранж буюу улбар шар өнгийг яагаад нидерландууд эрхэмлэдэг тухай сонирхуулья. Улбар шар өнгө нь Нидерландын эзэн хааны гэр бүлийн өнгө юм. Одоо эрх барьж байгаа Оранж-Нассаугийн танхимын үүсэл гарал Виллем ван Оранжын үед хамаарна.Чухам энэ үеэс л тэд улбар шар өнгийг шүтэх болж өдгөө ийм өнгийн хувцас өмсөх нь нидерланд хүн байхын илэрхийлэл гэж үзэх болжээ.