Нийслэлийн гэр хороололд номын сан байгуулах аян өрнөж байна
Нийслэлийн гэр хорооллын иргэд тэр бүр хотын төв рүү очиж номын сангаар үйлчлүүлэх нь ховор байдаг. Иймд гэрийнх нь ойр орчимд, гэр хороололд номын сан байгуулж өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Түүнчлэн Нийслэл хотын хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөгжих, боловсролоо дээшлүүлэх номын сан, танхим дутагдалтай байгаа тул эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн долоон буудлын эцэст номын санг байгуулахаар төлөвлөжээ. Номын санг байгуулах ажлын хүрээнд цахим орчинд (facebook) “Ulaanbaatar Book Challenge” ном хандивлах аяныг эхлүүлсэн байна. Номын санг анхлан гэр хороололд байгуулснаар цаашид нийслэлийн бусад дүүрэгт байгуулах жишиг номын сан болох аж.
Уг ажлыг УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан санаачилж эхлүүлсэн аж. Тэрээр энэ тухайд “Гэр хороололд байгуулах номын санд иргэд, өндөр настан, ажилгүй иргэд ном сонин уншиж, шатар тоглосон ч болно. Иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа өнгөрөөх, хөгжих, соён гэгээрэх номын сан байна” гэсэн юм. Номын аяныг дэмжиж иргэн бүр ном хандивлах боломжтой бөгөөд “Facebook” хуудаснаа https://www.facebook.com/Ulaanbaatar-book-challenge/ хаягаар холдогдон ном хандивлах боломжтой.
