Дорно дахины дүрслэх урлагийн сор Өндөр Гэгээн Занабазар
Ертөнцийн буурал түүхэнд, нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол мэргэд, хаад жанжинууд, алдар суутан цөөнгүй билээ. Дэлхийн энэтэй сонгодог эрхэм болох Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Г.Занабазарын уран бүтээл буддын гүн ухаан , үлгэр домгоос эх сурвалжтай бөгөөд, угтаа бурхны дүрээр хүний оюун ухаан бие бялдрын гоо сайхныг магтан дуулж, нөгөө талаас дундад зууны бурангуй ёс, муу муухай бүхнийг сэтгэлээрээ тэвчиж, ялах агуу их хүч чадлын ариун дээд илэрхийлэл гэлтэй. Тэрээр хүний амьдрал , тэмцлийн нарийн төвөгтэй асуудал болон аливаа нүгэл хилэнцийн эх үндэс гэгдэх, уур хилэн мунхаг харанхуй, шунал тачаал ,харам сэтгэл, атаа жөтөө зэрэг таван хорыг тэвчиж ялах сэтгэлийн ариун ёсыг өөрийн бүтээлдээ уусган шингээсэн байх нь бий.
Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Г.Занабазар хутагт нь их эзэн Чингис хааны алтан ургийн удам, Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны 9 дүгээр сарын 25-нд, тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар (Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум) мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулж, анхдугаар богд,Монголын шарын шашны тэргүүнээр өргөмжилсэн юм.Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж 1649 онд Цастын орон Түвдэд очиж Далай лам болохоор аяны жолоо залж Банчин богдод бараалхан шавь орсон юм. Энэ үйл явдал нь Монголын Их соён гийгүүлэгч болох өндөр үүдийг нээж өгсөн юм… Шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судлаж, сав шим ертөнцийн онолд боловсорч эрдэм өвөрлөн эх нутагтаа эргэн ирсэн нь энэ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Г.Занабазарыг анхдугаар Богд Жавзундамба хутагтын сэнтийд залсны баяр ёслолд зориулан хийсэн Даншиг наадмыг Өвөрхангай аймгийн Ёсөнзүйл нутагт анх 1640 онд хийснээр халх 7 хошуу наадам үүсч тогтмолжин өнөөгийн Улсын их баяр наадам болон уламжилж ирсэн юм.
Гүн ухаан, гоо сайхан , бодь сэтгэлийн илэрхийлэл болсон сонгодог бүтээлүүд...
Өндөр гэгээн Г.Занабазар нь монголын буддын шашны тэргүүн төдийгүй уран барималч, зураач, яруу найрагч, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, соёл урлагийн зүтгэлтэн, соён гийгүүлэгч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг. Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэшсэний дотор дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү хурц тод илэрч байв. Хутагтын өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын 5 бурхан, “Цагаан дарь эх”, “Ногоон дарь эх”, “Бодь суварга” зэрэг хүрэл цутгамал барималууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг гээд хосгүй үнэт бүтээлүүд нь өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон, төв хөдөөгийн зарим музей, сүм хийдэд хадгалагдаж байна. Дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж байдаг эдгээр бүтээлүүдээс “Цагаан дарь эх” болон бусад бурхдын баримал хөргийг шагшин магтах хүн дэндүү олон…
Г.Занабазар гэгээн, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн гэж судлаачид үздэг. Зохиомж дүрслэлийн хувьд, энгүүн энэрэнгүй, бодит амьдлаг шинж байдлыг шингээн, монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Г.Занабазар гэгээнтэн Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн урлагийн түүхнээ үнэлэгджээ. Урлахуйн технологи талаас авч үзвэл, Цагаан дарь эх, Ногоон дарь эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, дарь эхийн лагшингийн ил хэсгээс амьд илч,хөдөлгөөн мэдрэгдэх мэт урлаж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн товойлгож, нимгэн торгомсог хувцас, нөмрөг,сэлтийн материаллаг бодит байдлыг нь хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц, үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн нь орчин цагийн хүмүүн бидэнд ёстой л нэг гайхамшиг.
Монгол Төрийн бэлгэдэл болох Соёмбо үсэг зохиосон нь…
Монгол билэгдэл, түүх уламжлалын гүн агуулгатай шинэ үсэг болох “Соёмбо” үсгийг 1686 онд зохиосон юм. Өндөр Гэгээний зохиосон соёмбо бичгийн эхний тэмдэг нь өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрсэн алтан соёмбо юм.Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн махбодуудыг дор нь байрлуулж,сав ертөнцийн оршлыг бэлэгдсэн шороо,ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.Улс төрийн бэлгэдэл нь, Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг.Соёмбын бам үсэг нь арга билэг хослохыг,доорх бадам нь язгуурын төр шашнаа мандуулан хөгжүүлэхийг бэлэгджээ.Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.
Жанч халсан нь … Өндөр гэгээн, бараг ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Өндөр богдын шарилыг эх нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршуулсан гэдэг.
Бодит ертөнцөөс тасран ангижирч, бодол сэтгэлээ хязгааргүй их орон зайн бичил цэгт төвлөрүүлэн, бясалгалын дүрээр цогцлон байгаа язгуурын таван буддаг зэрвэсхэн харахад ёстой л нэг сэтгэл сэргэж, нүгэл ариусах шиг. Түүний бүтээлийг сайтар ажиглавал цаглашгүй сэтгэлгээний нарийн төвөгтэй бясалгал, бодол санаагаа зангидан төвлөрүүдсан их орон зайн айзам, хэмнэлийг мэдэрч болно. Мянган удаа сонсоноос нэг удаа үз гэж үг байдаг. Музейд ирж түүний гайхамшигт бүтээлийг соёрхвоос таны оюунд эрдэнийн сангаас хүртээх буй. Уншигч танд дэлхийн энэтэй Монголын Сор болсон Их Соён Гэгээрүүлэгч эрхмийг дэлгэлээ.
