Стив Жобсын тухай 2 дахь кино дэлгэцнээ тавигдана
Гадаад мэдээ үргэлжилж байна. Үзэгчдийнхээ амралтанд зориулж, кино урлагийн ертөнцийн мэдээлэл бэлдсэнээ одоо хүргэе. Дэлхийн кино урлагийн ертөнцөд бүл нэмэн орж ирж байгаа шинэ кинонуудын талаар мэдээллээс хүргэх гэж байна. Техник технологийн хамгийн шилдэг төлөөлөгчдийн нэг болох Apple корпорацийн захирал асан, санаачлагч Стив Жобсын тухай өгүүлэх киног онцолж байна.
Үзэгчиддээ сонирхуулахад Стив Жобсын талаар өмнө нь кино хийгдэж байсан удаатай. Тухайлбал 2013 онд Холливудын нэрт жүжигчин Ашьтон Кучер гол дүрийг нь бүтээсэн Жобс нэртэй кино үзэгчдэд хүрч, нилээд хэмжээний ашиг орлого цуглуулж байлаа. 12 сая ам.долларын зардлаар бүтээгдсэн уг кино 35.9 сая ам.долларын ашиг орлогыг цуглуулж байжээ.
Энэ кино дэлгэцнээ тавигдаад ердөө 2 жил л болж байхад, Стив Жобсын сэдэвтэй дараачийн кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байна. Стив Жобс нэртэй шинэ киноны гол дүрд Apple-ыг үндэслэгчийн дүрд Майкл Фассбендер тоглосон юм. Киноны ерөнхий найруулагчаар нь Британий шилдэг кино уран бүтээлч Данни Бойл ажиллажээ. Тэрээр өмнө нь Борчуудын Хорооллын Саятан нэртэй киног найруулж, кино урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авч байсан юм.
10 дугаар сарын 23-наас эхлэн, Хойд Америк болон дэлхийн бусад улс орнуудын кино театруудад гарч эхлэх Стив Жобс уран сайхны кино нь нилээд хэмжээний хүлээлтийг үүсгээд байна. Уг киноны гол дүрүүдэд Майкл Фассбендерээс гадна, Кейт Винслет, Сет Роген, Жефф Даниэлс зэрэг шилдэг жүжигчид оролцон тогложээ. 122 минут үргэлжлэх энэ киног бүтээхийн тулд нийт 30 сая ам.долларын зардлыг зарцуулсан байна.
