Гэр хороололд амьдардаг нь миний буруу биш
Гэр хороололынхныг элдэв янзаар адлагсад олон. Наад зах нь л нийслэл хотоо хүрээлэн эмжээрлэх хашаан хороололыг Азийн цагаан дагина Улаанбаатар хотын минь өнгө үзэмжийг гутаагч, хөгжлийг хөшөөгчид хэмээн буруутгацгаах хүмүүс олон. Мөн тайван амьдралын хэмийг алдагдуулсан гэмт хэргийн үүр уурхай хэмээн цоллуулдаг нь өнөөх л хөөрхий муу харанхуй, навсархай гэр хороололынхон. Өдгөө тэвчих аргагүй, гамшигийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын нэрмээс хүчин зүйлээр өнөөх л “зовлонт” гэр хороололынхон тодорч, буруу бүхний бай, бухимдлын чичлээсэнд дарамтлуулж байна.
Ам ангайх эцэсгүй утаандаа “боолгосон” нийслэлчүүд бид үнэхээр өрөвдөм. Утаанаас үүдэлтэй өвчлөл газар авсаар байгаа энэ үед эдийн засгийн хямралаас илүүтэй ард иргэдийн тархи айдаст баглаатай явна.
Аймшгийн кинонд л үзэгддэг дүр зураг мэт битүү манарсан утаанд угаартах шахам алхана гэдэг хүсэх юм биш. Оройдоо харихад үс угаарын үнэрт утагдаж, хамар яндангийн дотроос дутахгүй харласан байх нь байдаг л үзэгдэл болсоор даруй хэдэн жилийн нүүрийг үзлээ. Естой гамшигт үзэгдэл гэгч нь л үүнээс өөр үгүй биз. Сүүлийн жилүүдэд дээр дооргүй анхаарал тавих чухал асуудлын жагсаалтад зүй ёсоор багтсан ч дорвитой шийдэлд хүрч амжихгүй л яваа агаарын бохирдолд холбогдох албаны хүмүүс төрөл бүрийн судлагаа шинжлэгээ хийсээр л. Нийслэлд амьдарч байгаа айлуудын гэрт агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 8 дахин их, гаднаа 20 дахин их байна. Зүгээр л энгийнээр тайлбарлавал та өдөрт 4-5 хайрцаг тамхийг угсруулан татчихаж байгаагаас ялгаагүй. Тэгэхээр өдгөө тамхи татдаггүй нь өөртөө сайрхаж, татдагаа адлах шаардлагагүй л болж байх шиг.
Мөн бусад улс орон сайн сайхан зүйлсээрээ шалгарчихаад байх “Хамгийн… хамгийн…” шалгаруулалтад манай улс яаж ийж байгаад л амжилгүй сугарч үлдчихээд байдаг.Гэтэл цаана чинь нийслэл Улаанбаатар хотыг маань хамгийн бохир хотоор тодруулчихажээ таминээ. Сайрхах ч зүйл биш байх л даа, гэхдээ үнэн л энэ. Агаар нь өөрөө өвчний нян хадгалагч болж, улмаар элдэв төрлийн өвчинд дарлуулж “Улаанбаатарын үзэгдэл” гэж нэрлэхэд хилсдэхгүй болсон агаарын бохирдлынсудлагааны дүнг Дэлхийн банкнаас гаргасан аж. Тэр ч бүү хэл манай араас шил даран жагссан дараагийн хотын агаарын бохирдлынх нь хэмжээ Улаанбаатар хотын бохирдлоос даруй 50 хувиар бага байх жишээтэй. Хоёрдугаар байрт орсон тэр хотын агаарын бохирын хэмжээг дахин нугалсан хэмжээний хорт агаараар амьсгалж, амьдарч байгаа монгол хүний дархлаа, биеийн онцлогийг бас тэр “хамгийн хамгийн” -д нь шалгаруулчихмаар юм.
Боссон овоонд суусан шаазгай
Болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийн шалтаг шалтгааныг нь олчихвол гаргалгаа нь тун амар гарчихдаг бодлогын үйлдлийг хүн бүр лмэддэг байх.
Тэгвэл нийслэл хотын агаарын бохирдлын шалтгааныг эх үүсвэрээр нь авч үзвэл авто тээврийн хэрэгсэл, бага болон дунд оврын нам даралтын уурын зуухнууд, дулааны цахилгаан станцууд, гэр хорооллын айлуудын яндангийн утаа эзлэж байна. Гэхдээ өнөөх муу нэртэй луу данстай гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй зуухнаас гарч байгаа утаа агаарын бохирдлын ихэнх хувийг эзлэдэг аж. Нийслэлд өнөөдөр 70 гаруй мянган ханшаанд 168 мянган өрх амьдардаг гэсэн судалгаа бий. Энэ 168 мянган айл жилдээ700 мянга орчим тонн нүүрс түлнэ. Эдгээр олон мянган айлын яндангаас угаарын хий, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг хүний эрүүл мэндэд онц хортой бодисууд агаарт цацагдаж байна.
Гашуун үнэн иймээс одоо яалтай ч билээ. Чадалтай чансаатайсан бол хэн л үүр шөнөдөө чичрэн байж пийшиндээ нүүрс чихэн чихэн гэр хороололд амьдрахыг хүсэх вэ дээ. Хамрын үзүүр часхийлгэм хүйтэнд зуухны амаар захаасаа улайран очтох нүүрсний илч тэдэнд хонгилын үзүүр дэх сайхан амьдралын гэгээ болон харагдаж л байгаа. Хөөрхий G хорооллынхон ч бас хордохын зэрэгцээ бурууд бүлтэлзэн амьдарч л байна.
Бусдыгаа хордуулж байна гээд гэр хороололоо арчаад хаялтай нь ч биш. Тэд хорт утаа гаргахгүйн төлөө өвлийн хүйтэнд осгоод үхэлтэй нь биш. Зарим уут нүүрс авах чадваргүй нь хуванцар сав, дугуйны резин, хуучин хувцас гээд ёстой юу байдгаа л хаман түлж, агаарын бохирдолд идэвхтэй хувь нэмэр өгөхийг үзүүлдэг юм билээ. Ямар сайндаа л “манайх нүүрс түлдэг, танайх паприйшиг түлдэг” гэсэн шог яриа гарахав дээ. Адилхан хорт утаа ялгаруулдаг ч нүүрс түлэх чадвартай нь ухаандаа нөгөөдөө баярхаж байгаа нь энэ.
Захын аймаг сум эзгүйрч хүн амын дийлэнх нь нийслэлдээ төвлөрч хотындаац хэтэрсэн нь мөн адил агаарын бохирдлын гол буруутан. Анх 600 мянган хүн ам суурьшина гэж төлөвлөж байсан нийслэл хотын даац одоо 2 дахин хэтэрчихээд байна. Мөн малгай унам шил толь болон сүндэрлэсэн орон сууцанд амьдрах хэтийн хүсэл тээсэн ажилгүй орлогогүй залуусаар эгнээгээ бүрдүүлсэн монгол улс нийтээрээ ядуу байгаа нь ч агаарын бохирдолд буруутай. Оюутны сургалтын төлбөр, ам руу орох хүнс, солионы хэдэн хувцсанд амины хэдэн малаасаа барьж өгөхөөс өөр сонголтгүй малчдын ганц орлогожих боломж нь нийслэл хот. Хармаандаа зоосгүй ч сайхан амьдралыг хайж ирсэн хөдөөгийн иргэд гэр хорооллын хаяаг өдрөөс өдөрт тэлсээр л байна.Ийнхүү хот бараадсан их нүүдлийн араас өнөөх л агаарын бохирдол шил даган явна.
“Бодоод бодоод бодын шийр дөрөв” гэгчээр агаарын бохирдол үүсгэгчийг бид бүгд мэдэж байна.Тиймээс хэн нэгэнд бурууг тохож, буруутан нь булзаж бухалгүйгээр өөртөө болон ирээдүйд амьдрах үрсдээ хэрэгтэй энэ бодлогын гаргалгааг хамтдаа хийцгээе.
Бид юу хийж чадах вэ?
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэйхолбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоол батлагдан гарсан. Энэ хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр зэхээд байгаа ажлууд олон байна. Жишээ нь гэр хорооллын айл өрхийн газрыг барьцаалж эдийн засгийн эргэлтэд оруулах замааруул уурхайн баялгаас бий болох хөрөнгөөс урт хугацаатай, бага хүүтэй зээлийг олгож орон сууцжуулах боломж бий гэнэ. Мөн орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэх, бүсийн нэмэгдлийг бий болгож айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нийслэлээс орон нутагт шилжүүлж төвлөрөлийг сааруулах. Түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар хэрэглэхээс татгалзаж, цахилгаан, газрын гүний дулаан, хагас коксжсон болон хийн түлшний хэрэглээнд тулгуурлах гэх мэт.Энэ мэт алс хэтээ харсан ажлуудыг гүйцэтгэж эхлэхгүйгээр эрчим хүчний хэмнэлттэй утаагүй зуух энэ тэр нь ашиг тус өгөхөөсөө өнгөрөв бололтой. Учир нь мэдэх хүмүүс нь утаа 30 хувиар буурсан гээд л байгаа, бид мэтэд нь харин ч нэмэгдээд байх шиг л санагдах юм.
Уг нь энд тэнд утааг бууруулах элдэв шинэ санаачлагууд гаргацгаагаад л байна. НҮБ-ын Барилгын эрчим хүч хэмнэлтийн төсөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа дулааны алдагдал багатай стандарт үзүүлэлт бүхий байшинг нэг хэсэг сурталчилсан. Мөн 4-5 ханатай гэрт зориулсан хоёр давхар гэрийн дулаалга. Энэ дулаалга гэрийн дулаан хадгалалтыг 30-40 хувь илүү хадгалж, тэр хэмжээгээр түлш бага түлж, санхүүгийн хэмнэлт үүсгэдэг гэх. Мөн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний нэгээр үүдний пин буюу гонхыг нэрлэсэн. Гонх нь гэрийн үүдээр алдагдах дулааныг бууруулахад хувь нэмэр үзүүлдэг болох нь туршилтаар батлагдсан л гэсэн.
Ийнхүү төр засгаас ч, шинийг санаачлагсадын зүгээс ч хийж байгаа ажлуудыг дурдаад байвал мундахгүй олон байна. Тиймээс хүн бүр, ялангуяа гэр хороололд амьдарч байгаа өрх бүр буруутгагдан чичлүүлэхгүйн төлөө утааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа ажилд идэвхитэй хамрагдаарай.
Эцсийн дүндээ энэ гамшигтай тэмцэх ажил дан ганц төр засгийн хийх ажил биш байх. Энэ бол нийслэл хэмээх нэг гэрт амьдарч байгаа хүн бүрийн хариуцлагаас хамаарах асуудал.Тиймээс ажил хариуцаж байгаа албан тушаалтан бүр, нийслэл хотод амьдарч байгаа иргэн бүр хариуцлагааа ухамсарлаж, утаанаасаа салцгаая.
Сэтгүүлч: У.Дашбат
