Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ:УГЗ, Ардын жүжигчин Б.Мөнхдорж

Түүний аав Гончигийн Бирвааг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Монгол улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч тэрээр 1936 онд цэрэгт татагдан 1953 он хүртэл алба хаахдаа үлээвэр хөгжимчнөөс Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач хүртэл ажил хийж явжээ. Тэр үедээ Монголын анхны маршуудыг зохиож байсан түүхтэй. 1955 оноос Хүүхэлдэйн театр, Элдэв-Очир кино театрын хөгжмийн багш, 1957 оноос симфони найрал хөгжмийн удирдаач, 1965 оноос Улсын циркийн хөгжмийн удирдаач, 1967 оноос Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1984 оноос насан эцэслэх хүртлээ чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан хүн. Нэг жилд 14 хоногийн зайтай хоёр Алтан гадас хүртэж байсан цорын ганц хүн бол Гончигийн Бирваа гуай. Түүний хань Б.Буянтогтох мөн л урлагийн хүн. Улсын Симфони найрал хөгжмийн яруу тунгалаг найрал хөгжмийн анхны хөгжимчдийн нэг, хийлч. Ийм л урлагийн гэр бүлээс төрсөн үр нь урлагт зүтгэх нь бичигдээгүй хууль мэт.

Б.МӨНХДОРЖ: “Аавынхаа нэрээр овоглож, танигдаж явахаас бус хүү байгаагийн үүрэг гэж юу билээ гэдгийг залуу байхад нэг их ойшоолгүй алдаж, оносон явдал бий. Харин насны намар хаяанд тулаад ирэхэд их зүйл бодогддог юм байна. Би аавтайгаа байхдаа, ааваараа овоглохдоо юу хийж явна вэ гэдгээ ухамсарлан, үүргээ биелүүлэхийг чухалчилж явна.”

Тиймдээ ч тэрээр 2016 онд тохиох аавынхаа 100 жилийн ойгоор олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн тэрээр залуу хойч үедээ аав, ээжийнхээ ач гавьяаг, түүнийг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээхийн ач тусыг мэдэж, үүргээ ухамсарлаж явахыг захисан юм.

Б.Мөнхдорж эцэг эхээс зургуулаа, айлын ууган хүү. Нэг дүү охиноос нь бусад нь бүгд урлагийн хүмүүс. Энэхүү зурагт тавдугаар ангийн сурагч хүү Б.Мөнхдорж, дүү Б.Мөнхцэцэгийн хамт. Түүний хувьд бага залуу насаа өвөө, эмээ дээрээ өнгөрүүлсэн ч гэлээ багаасаа аав, ээжийнхээ ажлын талбар Хүүхэлдэйн театр, Улсын циркэд л “амьдарч” урлагийн сайхныг мэдэрсэн нь хожим түүнийг урлагийн хүн болох эхлэл байжээ.

Тухайн үеийн 50 мянгатын 18 дугаар байранд МУАЖ Цагааны Цэгмид, У.Осор, Т.Хандсүрэн, Б.Лоовой, Сүрэнхорлоо гээд Монголын тайз, дэлгэцийн урлагийн сор болсон уран бүтээлчид хөрш болон амьдардаг байж. Тиймдээ ч драмын урлагт татагдаж, 7, 8 дугаар ангид байхаасаа театрт жүжиг үзэх дуртай болжээ. Бие жижиг ч өөрийгөө үл голон жүжигчин болно гэж зүтгэж, сургуулийнхаа уран уншигчаас эхлэн багт наадамд үзсэн жүжгийнхээ хэсгээг бэлдэн оролцож явсан авьяаслаг хүү байв.

Тэрээр бас шүлэг, зохиол, өгүүллэг бичих авьяастай нэгэн. Тухайн үедээ “Залуу зохиолчдын нэгдэл”-ийг зорьж, бичсэн шүлэг, зохиолоо Д.Гармаа гуайд үзүүлж шалгуулна. Түүнийг шүлэг тэрлэхэд, үргэлжилсэн үгийн зохиолын дүрслэлийг гаргахад Д.Гармаа гуай их тусалж, чиглүүлж өгсөн ачтан учир одоо хэр нь сэтгэл дотроо “Багшаа” хэмээн баярлаж, хүндэтгэдэг юм билээ. Түүний хувьд юм бичих дуртай тэр цаг үедээ сургуульд сурахаар явж, гэр бүлийнхнийгээ их санана. Тэр үедээ эмээдээ, бага дүү Б.Мөнхболддоо зориулан бичиж байсан хоёр шүлэг нь “Яргуй” сонин дээр хэвлэгдэж байв.

1966 онд 10 дугаар ангиа төгсөөд Монгол кино үйлдвэрт туслах ажилтнаар ажлын гараагаа эхэлж байлаа. Харин 9 дүгээр ангид байхаасаа л Д.Жигжид найруулагчийг даган, “Төөрсөөр төрөлдөө”, “Өглөө” гээд олон ч киног хэрхэн бүтдэгээс нь эхлээд бүхий л үе шатыг нь харж, туслах ажилтнаар оролцож байв. Энэ цаг үе түүнийг найруулагч болох тэр хүсэл рүү нь хөтлөсөн гэдэг. Гэхдээ тэрээр жүжигчин болох хүслээ орхилгүй зүтгэсээр хөрш айлын жүжигчин ах У.Осор гуайн жүжиг ангид суралцан, АЖ Н.Дагийранз, Д.Дамдинбазар, М.Бадамгарав, н.Элбэгсайхан гээд дуу оруулагч мастеруудтай хамтдаа орчуулгын киноны дуу оруулагчаар нэг жил ажиллажээ. Үүний дараахан Хүүхдийн театрт жүжигчин авах зарын дагуу шалгуулан 1967.03.01-нд энэ театрын босгоор алхаж, тухайн үеийн Хүүхдийн театрын дарга асан УГЗ Д.Маамхүүгийн удирдлаган дор жүжгийн туслах дүрээс эхлээд найруулах ажлыг гүйцэтгэн явжээ. Түүнийг жүжигчин болоход нь гардаж авсан хүн АЖ А.Очирбат гуай. Түүний үг, дуу, хоолой, жүжиглэх чадвар дээр ажиллаж байв. Харин түүнтэй хамтдаа энэ театрын босгыг алхагсад нь И.Нямгаваа, Л.Лхасүрэн, н.Магсар нар юм. Эндээс л тэд өөр өөрсдийнхөө мэргэжилдээ зүтгэж, энд л урлагийн их амьдралын зах зухаас суралцсан гэдэг.

1969 онд найруулагчийн сургуульд явж, ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт А.А.Гончаровын удирдлаган дор найруулагч мэргэжил эзэмшин, төгсөн ирэхэд Улсын Драмын Эрдмийн театрын тайз, дэлгэцийн урлагийн алтан үеийнхэн түүнийг угтан авч байлаа. Бага байхдаа үзэгчдийн суудлаас л хардаг байсан мундаг жүжигчдийн дунд нь ороод ажиллана гэдэг анхандаа сандрал, тэвдэл дунд л өнгөрдөг байсан гэдэг.

Жилд 4 жүжиг тавих төлөвлөгөөт үүрэгтэй гээд бодохоор түүний хувьд найруулан тавьсан жүжгийн тоо хэдийн 80 хол давжээ.

Б.МӨНХДОРЖ: “Ямарваа нэгэн жүжгийг бүтээгээд үзэгчдийн дунд амьсгалж, алга ташилтаар хөглөгдөж байх шиг баяр бахдал уран бүтээлч хүнд байхгүй ээ. Залуу байхад ядрах тухай бодох ч завдалгүй, уран бүтээл л хийж явахад сайхан байдаг байсан бол одоо нас жаахан яваад ядрах шинж орж байна шүү. Гэхдээ л түүнийг хийж бүтээж явна гэдэг өөрөө сайхан юм”

Түүний бас нэгэн үүрэгт ажил нь багшлах. Д.Маамхүү гуай түүнийг бага залуу хэмээн гололгүй, баргийн хүн алхаж ороход хүнд босго өндөртэй УБДС-ийн Кино драмын ангид цагийн багшаар ажиллуулахаар болжээ. Ингээд 1976 онд анхны бие даасан ангиа хүлээж авахад С.Сарантуяа, Г.Эрдэнэтогтох, Ч.Долгорсүрэн, Д.Гүрсэд, А.Өсөрхан, На.Болд, Л.Гомбосүрэн нар түүний анхны шавь нар болж байв.

25 наснаасаа хойш “Багш” хэмээх алдрыг хүртээд өдгөө 40 гаруй жил болжээ. 1999 оноос КУДС-д багшилсан түүний хувьд 2003 оны шавь нар нь 10 жилийн дараа юу сурч мэдсэнээ багшдаа болон сургуульдаа тайлагнан СГЗ Ш.Гүрбазарын зохиол “Гэрээс” хэмээх жүжгийг тайзнаа тавьжээ. Энэ 10 төгсөгч дунд мэргэжлээрээ ажиллаагүй нь байгаа ч 10 жилийн дараа багшийнхаа заасан сургасныг мартаагүйгээр барахгүй сэргээн санах гэж дахин нэг шинэ сургалтыг өөрсөддөө бий болгож, багшдаа хүндэтгэл үзүүлжээ. Мөн багшдаа зориулан Тэрэлжид зуны байшин барьж өгөн, тайлан тоглолтынхоо үеэр түлхүүрийг нь гардуулсан нь багшийн ач гавьяа шавь нарын зүрх сэтгэл, ажил хөдөлмөрт нь үүрд хадгалагдаж явдгийн нэгэн илрэл биз ээ.

Үе үеийн оюутнууд өөр өөр байдаг ч одоо цагийн оюутан хүүхдүүд хэтэрхий нялх байгаад багш хүний хувьд эмзэглэж явдаг юм билээ. Анхны ангийнх нь хүүхдүүд бүр ч өөр байсан гэдэг. Тэрээр цаг баримтлахыг хатуу чанд шаарддаг бөгөөд хоцорсон оюутнуудыг этюд хийлгэнэ гэж шийтгэдэг байж. Гэтэл багшдаа этюд хийж үзүүлэн, шалгуулах гэж зориуд хоцорно. Ингэж л оюутнууд нь сонгосон мэргэжлийнхээ төлөө өөрсдийгөө зориулж, өөр хоорондоо зөв өрсөлдөөнийг явуулдаг байв. Энэ мэт үе үеийн шавь нарынхаа чадварлаг оюутнуудын зөв жишээг одоогийн залуустаа ярьж, сургамжлах дуртай. Тэндээс хүн өөрт хэрэгтэйгээ олж сонсоод, нэгийг тунгаадаг байх нь багшийн бас нэг арга барил, зорилго ажээ.

Жүжигчин байна гэдэг хүн байхын нэр

Б.МӨНХДОРЖ: “Хүн байхгүйгээр хүний тухай хүнд хэлнэ гэдэг байж болохгүй зүйл. Хүн байхын утга учрыг олж хараагүй, мэдрээгүй хүн хүнд хүний тухай өгүүлнэ гэдэг худлаа юм ярихаас аргагүйд хүрэхийн нэр. Хүнээр дамжиж, хүнд хүний тухай ярина гэдэг энэ том философи бол манай мэргэжлийн хэл, хэллэг нь юм. Үүн дээр л суурилж, сургалт явагддаг.”

Үе үеийн морин жил түүний хувьд их олз омгоор дүүрэн байдаг гэнэ. 1991 оны морин жил Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол тэмдгийг хүртэж байсан бол 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ойгоор Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаажээ. Харин энэ жилийн морин жилийн босгон дээр ноён хутагт Данзанравжаагийн “Саранхөхөө” театрт “Орчин цагийн Монголын театрын найруулгын дэг жаягийн эх сурвалж” хэмээх илтгэлийг тавьж, энэхүү илтгэл нь шалгаран, ирэх тавдугаар сард Шанхайд болох Атек хэмээх Азийн орны театрын сургуулиудын фестивалийн Эрдэм шинжилгээний хуралд тавигдахаар болжээ. Мөн морин жилдээ багтаан докторын зэргээ хамгаалах ажилдаа ханцуй шамлан оржээ. Түүний шавь Н.Ганхуяг түүнийг удирдаж байгаа гэнэ. Түүний хувьд одоо бас нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Энэ нь А.Вампиловын “Хэрээт төгөл” жүжиг бөгөөд ирэх 04 дүгээр сард тайзнаа тавигдана.

Өвөрмонголын жүжигчин Д.Баасан, түүний эрүүл мэндийн манаанд зогсдог био энергийн эмч Б.Пүрэвсүрэнгийн хамтаар… Жүжгийн бэлтгэл сургуулилтын үеэр тайзнаас унаж, нуруугаа бэртээн, хагалгаанд орох хэмжээнд хүрсэн байхад нь био энерги, зайнаас эмчлэх аргаар хорт хавдрыг ч анагааж чаддаг энэ хүний ач гавьяагаар өдий зэрэгтэй яваадаа сэтгэл тэнүүн байдаг юм билээ. Мөн тэрээр 1999 онд амьд гарах найдлагагүй байсан тэр үед амьдрах итгэл өгч, хөл дээр нь босгосон Сайд нарын II эмнэлгийн хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлсэн.

Театрын 75 жилийн ойгоор түүний уран бүтээлийн өдөрлөг болж, “Саран хөхөө” жүжгийн үеэр…

Театрын түүхэнд театрын роман гэж гурвалсан романыг С.Жаргалсайхантай хамтран бий болгосон бөгөөд үүний эхлэл нь “Хаан түүх” хэмээх роман юм. С.Жаргалсайхан гуай түүнд “Би бичиж, чи тавихгүй бол хэн эс тавих вэ?” хэмээн гарын үсгээ зуран, сүүлийнхээ зохиолыг дурсгаж байжээ.

Түүний ханийг Д.Баамуу гэдэг. Мөн л урлагийн хүн. 1967 онд УБДС-ийн хөгжмийн ангийг, концертмейстрээр төгсжээ. Хөдөө орон нутгийн анхны хөгжимт драмын театр Дорнодод бий. Энэ театрын бүжиг ангид концертмейстрээр 10 жил ажиллаад түүний дараагаар Хөгжим бүжгийн дунд сургуульд 20 гаруй жил ажиллан, гавьяаныхаа амралтанд суужээ.

Тус театрынх нь 60 жилийн ой 2012 онд тохиож, ойн хүрээнд шинэ байранд орон, ахмад уран бүтээлчдээ хүлээн авсан нь энэ.

Нийслэл хот байгуулагдсаны 360 жилийн ойгоор “Авьяаслаг гэр бүл”-ээр шалгарч байв.

Тэд 1990 оны 10 дугаар сард анх танилцаж байв. Тухайн үед Б.Мөнхдорж гуай Монгол армийн театрт Ерөнхий найруулагч хийж байлаа.

Б.МӨНХДОРЖ: “Хүний эх хүн гэдэг ёстой л холыг хардаг юм билээ. Тухайн үед миний бие ч жаахан тааруу, ээж минь ч бие нь өвдсөн байв. Тэгээд л надаас хойш хүү минь яана даа гэж их л зовнидог байж. Харин Баамуутай танилцаад, миний хүүд хань болж, түшиж тулах хүн байна гээд их л санаа нь амарч удалгүй бурхан болсон доо.” гэсэнсэн.

Түүний хүү Б.Амарсанаа нь Хүн, ам нийгэм хөгжлийн яаманд ажиллаж байгаа бол түүний охин Б.Амартуяа аавынхаа “Гацуурхан” театрт нягтлан хийдэг байна. Зээ хүү Ц.Ууганбаяр нь өвөө, эмээгийн амины ганц сүлд нь. УБИС-ийн Гадаад хэлний сургуулийн Герман хэлний ангид суралцаж байна. Ийм л гарын таван хуруу шиг халуун ам бүл бий.

Драмын жүжигчдийн мэргэжлийн төв 2003 онд байгуулагдаж, мөн ондоо өөрсдийн санаачлагаар “Гэгээн Муза” наадмыг зохион байгуулж байв. Анхны Шилдэг найруулагчийн шагналыг “Эрлэгийн данс” бүтээлээр хүртэж байсан тэрээр 2004, 2007, 2010, 2011 онд мөн энэ шагналыг хүртэж байсан жинхэнэ “Гэгээн Муза” юм.

Б.МӨНХДОРЖ: “Театр гэдэг хүнд, хүмүүст гэгээрэл олгох сүм. Хүний сэтгэлийг гэгээлэг сайхан байлгахад уриалан дуудах авангард хэлбэр юм. Энэ шинж чанараа хадгалж чадаж байвал театрын урлагийн зорилго оршино.”

Хүн болох багаасаа…

Хүүхдийн хүмүүжилд урлаг ихээхэн чухал үүрэгтэй. Тэрээр өөрийн шавь нараараа бүрдүүлсэн “Хөх гацуурхан” хүүхдийн театрыг 2012 онд байгуулж, Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дэргэдэх “Хөх гацуурхан” хүүхдийн театр студи нэртэйгээр уран бүтээл туурвиж байна.

Б.МӨНХДОРЖ: “Ирээдүйн үзэгчдийг, ирээдүйн иргэнийг бэлдэх нь урлагийн бидний үүрэг. Хүүхдийн зан төлөвшлийг тогтоон, гоо зүйн мэдлэг олгодог том суурь бол театр, урлаг, утга зохиол. Тиймээс театрт бага насны хүүхдэд зориулсан бүтээлийг туурвих нь чухал асуудал юм.”

Тиймдээ ч тэрээр театрынхаа хүрээнд А.Толстойн “Алтан түлхүүр”, Т.Түмэнбаярын “Мөрөөдлийн үзэг”, С.Михалковын “Бардам туулай”, Д.Чинзоригийн “Анхны хайрт хүрэх галт тэрэгний тасалбар” зэрэг жүжгийг тавьсан бөгөөд одоо бол Д.Мэндсайханы “Чоно ба долоон ишиг” Орос ардын үлгэрээс сэдэвлэн зохиолоор жүжиг тавихаар бэлтгэл ажилдаа хэдийн оржээ. Мөн энэ жүжгээрээ “Гэгээн муза” наадамд оролцож байгаа аж.

ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Б.МӨНХДОРЖ: Гэр бүлийн амьдралын хамгийн сайхан зүйл нь бие биедээ уусаж, бие биенээ мэдрэх юм. 20 гаруй жил ханилаад ирэхэд үнэхээр бие биедээ уусдаг юм байна. Залуудаа хайр хайр л гэдэг байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр үгний хэрэг ч үгүйгээр бие биедээ уусчихдаг байна. Тэр л сэтгэлийн хүч энерги нь үр хүүхэд, ач зээд нь уламжлагддаг энэ нандин холбоо гэр бүлийн үнэ цэнэ юм болов уу. Хайр гэдэг зүйл хүний насан туршид оршдог гэдэг ч үнэн юм. Хэн хэндээ уусаж, хэн хэнийгээ ойлгож чадсан тэр гэнэн хайр сэтгэл цаг хугацааны уртад улам бэхжин, “Хайр” гэдэг үгний оронд үйлдлээр солигдож, халамж энхрийллээр нэг нэгнээ тэжээдэг байх нь ээ. Амьдралын утга учир, ханьсахын жаргал гэдэг нь энэ юм байна.

Д.БААМУУ: Эрүүл энх, элэг бүтэн байна гэдэг л гэр бүлийн бас нэгэн үнэ цэнэ, гол шугам. Гэр бүлийн бүх гишүүд эрүүл байж байвал түүн шиг аз жаргал гэж үгүй ээ. Гэр бүл бүхэнд зориулсан TV ZONE сэтгүүлийн уншигч та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Бэлтгэсэн: Сэтгүүлч Б.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зургийг: В.ЦЭНД-АЮУШ