Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай

Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай

Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт захидал бичжээ. Тодруулбал, тус сумын байгаль хамгаалах “Бөхөн”, “Гүем” экоклубын хүүхдүүд.Тэд нутгийнхаа сүрлэг хайрхануудын нэг Жаргалантхайрханд хавхны эсрэг аян өрнүүлж олны анхаарлыг татаад байгаа юм. Хүүхдүүдийн бичсэнээр бол Жаргалантхайрхан ууланд нутгийн иргэд хавх тавьж тэрэнд нь зэрлэг амьтад өртдөг юм байна. Ялангуяа Монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэс хавханд орж хөлгүй, тахир дутуу болж байгааг хүүхдүүд автоматкамерын бичлэгээс олж харжээ. Тэр үед хүүхдүүдэд нэг санаа төрөв. Ерөөсөө амьтныг зовоож байгаа хавхны эсрэг кампанит ажил зохион байгуулъя гэж. Тэгээд Жаргалантхайрхан ууланд нутагладаг малчдын хүүхдүүдтэй уулзаж ярилцжээ. Тэгэхдээ хавханд орсон ирвэсийн бичлэгийг үзүүлсэн байна.  Хүүхэд л бол хүүхэд. Тэдэнд ямар хар буруу санаа байх биш. Манайд тэдэн хавх бий, тэдний орон доогуур хавх харагдаж байсан гээд л илэн далангүй, халуун яриа өрнөсөн байна. Багцаа тоо гаргахад дор хаяж 500 гаруй хавх Жаргалантхайрхан ууланд амьдардаг малчдад байгаа нь тодорхой болов. Энэ олон хавх бүгдээрээ “ажиллаад” эхэлбэл зэрлэг амьтдад жинхэнэ аюул болох нь тодорхой. Тиймээс хүүхдүүд ярилцаад тэр олон хавхыг хурааж авъя гэдэг дээр санал нэгджээ.

Харин яаж хураах вэ гэдэг дээр нэлээд удаан ярилцав. Мэдээж хавхаа хураалга гээд  хүүхдүүдийг хэлэхээр май гээд өгчихгүй нь тодорхой. Тэгээд ч хавх хураах эрх хүүхдүүдэд байхгүй. Иймд тэд ярилцаад гоё санаа олжээ. Хавхыг малчдын хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох хувин, сав, бидон зэргээр сольж авна гэвэл малчид зөвшөөрөх байх гэж тохироод энэ талын дэмжлэг үзүүлэхийг байгаль хамгаалах байгууллагуудаас хүсчээ. Дэмжлэг авсан тэд хувин, бидоноо ачаад Жаргалантхайрханыг зорив. Энэ бол өнгөрсөн зургадугаар сард болсон явдал. Хүүхдүүд кампанит ажлаа санал нэгтэйгээр “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” гэж нэрлэжээ. Хүүхдүүд захидалдаа ”Зуслангийн айлуудаар явж хавхаар солилцоо хийхэд янз бүрийн л зүйл тохиолдож байлаа. Дэмжихгүй нь ч байсан. Гэхдээ олон хүн дэмжсэн болохоор бидний ажил бүтэмжтэй байлаа. Солилцоо хийж явахад нэг дор 22 хавх өгсөн хүнтэй ч таарсан” гэж онцлон бичжээ.

Нэг хүн 22 хавх өгч байна гэхээр нэг уулыг бараадаж амьдардаг малчдад ямар олон хавх байгаа нь ойлгомжтой. Хүүхдүүд хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулжээ. Тэд ”Бидний бодлоор өөр аймаг, сумын ууланд томчууд бас л хавх тавьснаас болж тарвага, ирвэс, чоно, үнэг хавханд орж хөл нь тасарч унаж зэрэмдэг болсоор байгаа болов уу. Бид томчууд хавх тавихгүй, ан амьтан эрүүл, саруул байгаасай гэж хүсдэг. Энэ хүсэл мөрөөдлийг олон хүнд хүргэж, олон ажил хийж өгөөч” гэж онцлон бичжээ.

Экоклубын хүүхдүүд зөвхөн кампанит ажил хийгээд орхисонгүй. Жил бүрийн аравдугаар сарын 23-нд болдог ирвэс хамгаалах олон улсын өдрийг угтан олон ажил хийхээр төлөвлөжээ. Экоклубын гишүүдийнхээ дунд “нэг гишүүн-нэг хавх” цуглуулах, аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчидтэй хамтран хавхны аюулын талаар “мини парламент” зохион байгуулахаар болсноо Н.Батцэрэг сайдад хандсан захидалдаа дурджээ. Ховд аймгийн удирдлага ч тэдний ажлыг дэмжиж байгаа нь сайшаалтай.

Хүүхдүүд захидлынхаа эцэст нэг зүйлийг Н.Батцэрэг сайдаас хичээнгүйлэн гуйжээ. “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг Монгол орон даяар өрнүүлэхийг таниас хүсч байна. Бас хавх хийдэг, худалддаг, хураадаг бүх үйл ажиллагаанд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг хүлээн авна уу” гэж захидалдаа онцлон бичжээ.Үнэхээр гоё санагдав. Бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд маань ийм зөв сэтгэлтэй, нутаг ус, ан амьтнаа хайрлаж чадаж байгаа нь бахархах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүллээ.

Байгаль, ан амьтнаа хамгаалах ёстой гэдгийг хүн бүр л сонсдог, мэддэг. Энэ ажлыг манай төр засаг, байгаль хамгаалах байгууллагууд чадлаараа хийдэг. Тэглээ гээд үр дүнд хүрсэн нь гарын хуруунд багтам цөөн билээ. Үүний шалтгааныг иргэд өөрсдөө сэтгэл зүрхээрээ санаачилсан ажил бараг байдаггүй, дандаа дээрээс зааварлаж, хий хоосон уриа маягаар хийдэг болохоор хэрэгждэггүй гэдэг. Бодоод үзэхэд үнэхээр тийм юм. Тэгвэл Ховд аймгийн Манхан сумын экоклубын хүүхдүүдийн энэ ажил өөрсдөө санаачилсан, олны дэмжлэгийг хүлээсэн гэдгээрээ онцлогтой. Хүүхдүүд цаг үеэ олсон зөв ажил санаачилжээ гэдгийг олон хүн дэмжин ярьж байна. Бид л анзаардаггүй, тоодоггүй болохоос  өнөөдөр зэрлэг амьтад олон зуугаараа хавханд орж тарчлан зовж байгаа нь гашуун үнэн. Зөвхөн нэг ууланд  нутагладаг малчдад 500 гаруй хавх байна гэхээр улсын хэмжээнд хэдэн арван мянган хавх байгаа нь тодорхой. Монгол орны маань ан амьтан хавханд олон мянгаараа хавчигдаж байхад анхаарал хандуулах ёстой яам, хууль хяналтын байгууллагууд нь таг чиг. Хавханд нэг л орсон бол гарна гэж байдаггүй, хөл нь тасарч унаж байж салдаг аймшигтай эд.

Сүүлийн үед иргэд хавхаар ан хийх нь эрс нэмэгдсэнийг олон хүн хэлж байна. Буугаар буудаж ан хийхийн оронд хавх тавих нь хууль хяналтынханд баригдахгүй байх нэг арга болоод байгаа аж. Хүмүүс ихэвчлэн тарвага, чононд хавх тавьдаг. Ийм хавханд нэн ховор амьтад өртөж тахир дутуу болж байгаад анхаарал хандуулах цаг нь болжээ. Хүүхдүүд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт захидлаараа дамжуулж ойлгуулах гэсэн гол санаа энэ. Ийм ажлыг л хоёр гараа өргөөд дэмжихгүй юм бол өөр ямар санаачилгыг дэмжих билээ.

Амьтны тухай хуульд хавх ашиглахыг хориглосон байдаг. Хавх өөрөө амьтан хавчих ганц л үүрэгтэй. Зориулалт нь ийм тодорхой хавхыг гэртээ хадгалж байгаа үйлдлийг хууль бус гэхээс өөр аргагүй. Иймд юуны түрүүнд“Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг улс орон даяар өрнүүлж энэ  ажлын хүрээнд “хилээр оруулахыг хориглодог барааны жагсаалт”-д хавхыг оруулах хэрэгтэй байна.

Ямартай ч хүүхдүүдийн санаачилсан, хэрэгжүүлж буй энэ гоё  ажлыг орхилгүй дэмжмээр байгаа юм. Хэрвээ Н.Батцэрэг сайд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг дэмжиж Монгол орон даяар өрнүүлвэл олон амьтан үхлээс аврагдана. Бас олны халуун дэмжлэгийг авна. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг. Таныг дэмжинэ хэмээн Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүд итгэж, найдаж, хүлээж  сууна.