Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Антибиотик шидтэн биш

Антибиотик шидтэн биш

Намрын налгар өдрүүд үргэлжлэхийн зэрэгцээ эх оронд маань хэдийнээ анхны цас орж, өвөл хаяанд иржээ. Есдүгээр сарын сүүлээс эхлээд л хүйтний эрч эрс чангарч, зузаахан гадуур хувцас өмсөхгүй л бол хавирга нэвт үлээх жиндүү хүйтэн салхитай болжээ. Тэгвэл энэ үетэй зэрэгцэн ханиадны вирус идэвхжин, энэ нь томчуудаас илүүтэй дархлаа султай хүүхэд багачуудыг дарангуйлан зовооно.

~ Ханиад томуу, томуу төст вирусын гаралтай өвчнүүд хүйтэн сэрүүний үе буюу 11-4 дүгээр сар хүртэл хугацаанд идэвхтэй үргэлжилдэг. Энэ жилийн хувьд, энэхүү вирусын идэвхжилт хэдийн эхэлчихсэн байгаа тухай мэргэжлийн эмч нар хэлж байна. Хүний амьсгалын замын халдвар үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг. Уг вирус нь хүйтэн сэрүүний улиралд илүү тэсвэртэй, хүнээс хүнд агаар дуслын замаар дамжин халдварладаг. ~

Нусаа гоожуулж, хөлс нь бурзайн, цээж нь хиржигнэн ханиалгах багачууд юу нь, яаж өвдөж буйгаа ч бүрэн илэрхийлж чадахгүй жирийн үеийнхээсээ сулбайн нялхарч, хэн нэгнийг бараадан халамж хайр эрнэ. Ханиах бүртээ хамаг хүчээ зарцуулан нурмайн сульдах бяцхан үрсээ харах бүртээ бид “Болдог бол хүүхдийнхээ өвчнийг авчих юмсан” хэмээн өөрийн эрхгүй бодох хэдий ч тэгж чадахгүйгээс хойш хамаг биеийг нь дарангуйлан зовоох өнөөх вирустэй үзэж тарах бүхий л арга хэмжээг авна. Зарим нь нус гоожиж эхлэх үеэс дархлаа дэмжих С витамины уусмал өгч, зарим нь “Жор мэдэхгүй эмчээс, зовлон үзсэн чавганц дээр" хэмээн дур мэдэн эм авч өгөн яаралтай арга хэмжээ авна. Гэвч нус гоожин найтааж эхэлсэн ханиад шуухинаа нь аажмаар хамар битүүрэн, заримдаа хоолой өвдөн халуурч бүлээрэн өвчин цааш хүндэрнэ.

[ Томуу нь улирлын чанартай тархдаг, амьсгалын замын маш хүнд өвчин. Халууралтаар эхэлж ойролцоогоор тав хоног өндөр халуурах ба хамар битүүрэх, толгой, үе мөч, булчингаар хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, хуурай ханиах, маш их ядарч сульдах, хөлс ихээр гарах шинжүүдээр илэрнэ. Иймд хүүхдийн биеийн ерөнхий байдал хүнд байдаг. Томуу нь чихний халдвар, уушгины хатгалгаа зэрэг өвчнөөр хүндрэх нь элбэг.

Ханиад: Энэ үед нус гоожих, найтаах, хамар битүүрэх, ханиах, хоолой өвдөх/сөөх шинжүүдээр эхэлнэ. Халдвар үүсгэгч вирусээс шалтгаалан эдгээр шинжүүд илэрсний дараагийн хэд хоногт цөөн хоног өндөр биш халуурах ба эсвэл халуурахгүй. Толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих шинж илрээд байдаггүй. Ханиад нь томууг бодвол хөнгөн өвчин. Иймд хүүхдийн биеийн ерөнхий байдал хүнд байдаггүй, дийлэнхдээ хүндрэлгүйгээр 1-2 долоо хоногт эдгэрдэг.]

Халуурч сульдсан хүүхдээ хараад өр эмтрэх ээж, аав улирлын чанартай ханиад томууны энэ үеэр хүүхдээ эмчлэх арга нь харилцан адилгүй. Зарим нь эмчид үзүүлээгүй хэр нь антибиотик л үүнийг хурдан дарж чадна хэмээн дур мэдэн үүнийг өгдөг хандлага олон. Ингэхдээ “Өмнө нь эмч энэ антибиотикийг бичиж өгч байсан, дахиад үзүүлбэл бас л үүнийг бичиж өгөхөөс хойш” хэмээн өөрсдийгөө өмөөрнө. Эдгээр эцэг эхчүүдийн эмчид хандалгүй дур мэдэн авсан арга хэмжээ нь амжилтгүй болоод ирэхээр арга ядан эмнэлэг бараадаж, ханиад нь үгдэрч хүндрээгүй бол эмийн жортой буцаж, хүндэрсэн нь эмнэлгийн ор бараадна. Харин зарим нь хатгалгаа болчих вий дээ хэмээн нус гоожиж, эсвэл халуурч бүлээрч эхлэх тэр үеэс нэн даруй эмнэлэг бараадан, эмчээс зөвлөгөө авч, тохирох эм тан бичүүлж авдаг.

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг. Үүнийг илтгэх шиг эргээд өөрсөд дээр нь буруу болон буудаг нэгэн сэтгэлгээний гажуудал манайханд бий. Энэ бол ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр хэн нэгний ярьсан, хэлсэн үгээр үг хийж, түүнийг нь нягталж шалгалгүйгээр хэрэгжүүлдэг сэтгэлгээ юм. Антибиотик л энэ аймар ханиад томууг дарж чадна гэсэн буруу сэтгэлгээ одоо хүртэл хүмүүсийн тархийг угааж, мөн үүнийгээ итгэл үнэмшилтэйгээр бусдад тараан түгээх. Антибиотик нь дотроо олон төрөл янз хэдий боловч антибиотик л бол антибиотик шүү дээ хэмээн муйхарлан зүтгэх хүмүүс бас цөөнгүй.

Үнэндээ ханиад томуу нь вирусээс гаралтай бол антибиотик нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс вирусээс гаралтай ханиад томууны үед антибиотик хэрэглээд нэмэргүй, үр дүнгүй байх нь. Харин ханиадны зарим вирус нянгийн халдвараар хүндэрдэг учраас эмчид хандаж, заавал антибиотик хэрэглэх хэрэгтэй юү, үгүй юү гэдгээ мэдэх хэрэгтэй. Ханиад нь хүндрэн халуурах, эсвэл хоолой өвдөн халуурах хоёр өөр. Хоолой өвдөх нь вирус, ханиад нь нянгийн гаралтай учраас энэ хоёрыг ялгаж салгаж ойлгох ухаан бидэнд тулгамдаж буй. “Эмчид үзүүлээд эм бичүүлэн авч, түүнийх нь дагуу өгсөн ч ханиалга нь сайн дарагдахгүй л байна, ялангуяа өрхийн эмч нар сайн оношилж мэдэхгүй юмаа” гэсэн яриа эцэг, эхчүүдийн дунд олонтаа яригддаг. Үнэхээр итгэл үнэмшил төрөхгүй байгаа бол мэдээллийн эрин үед амьдарч буй иргэн хүнийхээ хувьд интернэт ашиглан, ханиад томууны үед ямар арга хэмжээ авах, цаашлаад ямар эм тан хэрэглэдэг тухай мэдээлэл авах боломж бас бий. Ер нь, антибиотикны тухай өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоол мэт антибиотикыг хэрэглэх энэ цагт ямар антибиотикийг ямар үед хэрэглэх, аль нь зөөлөн, аль нь хүчтэй зэргийг заавал мэдэж байх нь өөрийгөө болоод хайртай хүмүүсээ үүний аюулд оруулахгүй байж чадна. Антибиотикийн талаар тодорхой хэмжээний мэдлэг нь хүнд оновчтой зөв шийдвэр гаргах чиглүүлэх луужин болно.

Антибиотик ханиад томууг дарах шидтэн мэтээр үүнийг ойлгож явдаг хүмүүс хүүхэддээ өгч буй олон төрлийн эм бэлдмэлд хяналт тавьж чаддаггүй. Энэ нь хувийн эмнэлгээс улсын эмнэлэг рүү шилжих бяцхан эмчлүүлэгчдээс бэлхнээ харж болох. Учир нь, зарим хувийн эмнэлгүүд ханиад томуугаар ирсэн хүүхдийн өвчнийг нь хурдан дарах зорилгоор хүчтэй антибиотик хэрэглэдэг тухай улсын эмнэлгийн эмч нар эмчилгээг нь хараад хэлдэг. Хүчтэй антибиотик удаан хугацаанд хэрэглэсэн бол зөөлөн антибиотикт өвчин нь дарагдахаа нэгэнт өнгөрсөн байдаг ажээ. Гэхдээ улсын эмнэлгүүд зорин ирсэн тэдгээр хүүхдүүдэд таарах эмчилгээг нь хийгээд гаргадаг байна. Тиймээс хувийн ч бай, улсын ч бай хүүхдэд тань бичиж өгсөн антибиотик ямар төрлийнх байна вэ гэдгээ нягталж шалгахад таны мэдлэг хэрэгтэй.

ЭЦЭГ, ЭХЧҮҮД ДӨНГӨЖ НАЙТААГААД НУС ГАРЧ ЭХЭЛЖ БАЙНА. БАГА ДЭЭР НЬ ДАРААД АВМААР БАЙНА ГЭДЭГ. ГЭХДЭЭ ТИЙМ БОЛОМЖ ХАА Ч БАЙХГҮЙ. ХӨНГӨН ТУСЛАА Ч 1-2 ДОЛОО ХОНОЖ БАЙЖ ЭДГЭРНЭ.

Антибиотик удаан хэрэглэхээр хүүхдийн дархлааны систем суларч, элэг гэмтээдэг гээд сөрөг үзүүлэлт олон. Үүнээс гадна буруу антибиотик хэрэглэж, эсвэл удаан хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг дарангуйлж, архагшуулах төдийгүй оношлоход саад учруулна. Харшил, мөөгөнцөр зэрэг ужиг өвчин үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн уг өвчнөөр дахин өвчилсөн тохиолдолд өнөөх удаан хугацаанд хэрэглэж ирсэн антибиотикны үйлчлэл сул болчихдог бөгөөд ахиад ханиад хүндэрч, антибиотик хэрэглэхээр болбол илүү хүчтэйг нь сонгох зайлшгүй шаардлагатай нүүр тулдаг. Энэ болгонд илүү хор хөнөөлийг биедээ шингээж авдаг байна. Тиймдээ ч дэлхий нийт үүнээс аажим аажмаар холдож, удахгүй антибиотикийн эрин үе дуусах гэж буй, үүнээс илүү үйлчилгээ үзүүлэх нэгнийг эрж хайсаар байгаа ажээ.

Тэгэхээр заавал антибиотик хэрэглэх хэрэг байна уу хэмээн санаа хоёрдон сууна уу, та? Антибиотикийг дэлхий нийт өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа, үүнээс илүү үр дүнг үзүүлэх эм бэлдмэлийг хараахан олоогүй, хайсаар байгаа учраас та хэрэглэх эсэх дээр санаа зовинох зүйлгүй. Харин дур мэдэн, ялангуяа дархлааны систем нь бүрэн ч тогтож амжаагүй бага насны хүүхдэд бүү хэрэглэ. Заавал мэргэжлийн эмчид үзүүл. Тэд хүүхдэд тань ямар шинж тэмдэг илэрч байгаа, хөнгөн үү, хүнд үү эсэхээс шалтгаалан ямар эмчилгээг хэдий хэр хугацаанд хэрэглэх ёстойг тодорхойлох болно.

ТИЙМЭЭС ЭЦЭГ, ЭХЧҮҮД ТА БҮХЭН ХҮҮХДЭЭ ХАНИАД ТОМУУ ХҮРСЭН ҮЕД НЬ ЭМ БЭЛДМЭЛ ӨГӨХӨӨС ИЛҮҮТЭЙ ЮУНЫ ӨМНӨ ХӨНГӨН УСАН ЭМ ЗЭРГИЙНХЭЭ ХАЖУУГААР ИЛЧЛЭГ САЙТАЙ ХООЛ ХҮНСЭЭР ТОРДОЖ, САЙН ДУЛААН ХУВЦАСААД НЭГ ҮЗЭЭРЭЙ. МӨН ХҮЙТЭН СЭРҮҮНИЙ ЭНЭ ҮЕД ЭМЧИЙН ЗААВРЫН ДАГУУ НЭМЭЛТ АМИН ДЭМИЙГ ӨГЧ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. АМИН ДЭМ НЬ ХҮҮХДИЙН ТАНЬ ДАРХЛААГ ДЭМЖИЖ, ӨВЧИН ЭСЭРГҮҮЦЭХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ БОЛНО. ХҮҮХЭД 11-04 ДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ДОР ХАЯЖ 3-4 УДАА ХАНИАД ТОМУУ ТУСДАГ УЧРААС ҮҮНЭЭС НЬ СЭРГИЙЛЖ ДАРХЛААГ НЬ САЙН ДЭМЖИЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙГ ЭЦЭГ, ЭХЧҮҮДДЭЭ ЗӨВЛӨЖ БАЙНА.