Эерэг мэдээллийг түгээгч TV ZONE сэтгүүлээс онцлох мэдээллүүд
Нэг . Сайн сайхан амьдрал өөд тэмүүлж, өөрийн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг эхлүүлж, хүний сайхан хань, хөөрхөн хүүхдүүдийн ээж болоод буй "Хөөрхөн дэлхий" ТББ-ын тэргүүн, дуучин Чулуунбаатарын Уранхолбоог "Дугаарын зочин" буландаа хүндэтгэн урилаа. Түүнтэй ярилцахад бүх зүйлийг гэрэл гэгээтэйгээр харж, аливаад эергээр ханддаг зан чанартай нь мэдрэгдэж байсан юм. Тэрээр ээж болж, урлагийн тайзаа хэсэг зуур орхисон хэдий ч уран бүтээлийн ажилдаа эргэн орсон таатай мэдээг бидэнд дуулгалаа .
Хоёр . Нийгмийн сайн сайхны төлөө сэтгүүлчид өөрсдийн дуу хоолойгоо хүргэдэг “Энэ сэдвээр” буланд Антибиотик шидтэн биш ! гарчгийн дор сэтгүүлч Б.Баяржаргал асуудлыг хөндлөө. Намрын налгар өдрүүд үргэлжлэхийн зэрэгцээ эх оронд маань хэдийнээ анхны цас орж, өвөл хаяанд иржээ. Хүйтний эрч эрс чангарч, зузаахан гадуур хувцас өмсөхгүй л бол хавирга нэвт үлээх жиндүү хүйтэн салхитай болсонтой зэрэгцэн ханиадны вирус идэвхждэг юм. Энэ нь томчуудаас илүүтэй дархлаа султай хүүхэд багачуудыг дарангуйлан зовоож буй юм. Үүнээс хэрхэн сэргийлэх, нэгэнт өвдсөн тохиолдолд заавал антибиотик хэрэглэх шаардлагатай юу? Энэ асуудлыг хэрхэн хөндөж, гарц хайсныг "Энэ сэдвээр" булангаас унших боломжтой.
Гурав . Нийгэмд үлгэр дуурайл болсон олны танил гэр бүл манайд олон бий. Тэдгээр өрх айлаар дамжуулан гэр бүлийн үнэ цэнийг нийгэмд үлгэрлэдэг “Гэр бүлийн үнэ цэнэ” булан энэ удаа түүх судлаач Чорос Даваацэрэнгийн Бирадамба гуайн халуун ам бүлийг хүндэтгэн урилаа. Хийсэн бүтээсэнтэй, ярих зүйлтэй, дурсах түүхтэй хүн гэдэг хүмүүн болон төрсөн ховорхон заяагаа бүтэн байлгаж чадсаны нэгэн илрэл байдаг. Тэднээс сонсож, суралцах, тэдний тухай бичиж, тэмдэглэх зүйл арвин юм. Ийм нэгэн оюунлаг гэр бүлийн өргөөнд уншигч та саатна уу.
Дөрөв . Олны танил эрхмүүдийн хор шаргүй сонин содон мэдээллийг хүргэдэг “Гоё шар мэдээ”-гээр сонин ихтэй. Олноо Равсал Панз хэмээгдсэн эрхмийн магнай тэнийсэн учир юунд байв, Мартаагүй–Мартахгүй–Мартагдашгүй тоглолтын эргэн тойронд, алдарт Мариинксийн театрын монгол гоцлоочтой танилцахыг хүсвэл “Гоё шар мэдээ” буланд саатан сонирхоорой.
Тав . Олны танил эрхмүүдийн сайхан харагдах нууцаас хүргэдэг “Гоо танил” булан энэ дугаартаа: Дэлхийн загварын салбарт амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг хийж бүтээсэн үйл хэргээрээ сайнаар дуудуулан яваа Д.Оюунномин буюу Нора-г урилаа. Тэрээр олон улсын нэр хүндтэй томоохон загварын шоунуудад оролцож, брэндийн нүүр царай болж, мөн том хэмжээний зураг авалтуудад оролцсоор яваа мэргэжлийн модель гэдгийг бид хэдийнээ мэддэг болсон. Харин загварын салбарт арвин баялаг туршлагатай түүний гоо сайхны ертөнцийг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Түүний гоо сайхны ертөнцийг танилцуулж байна.
Зургаа . Онцлох эдгээр булангуудаас гадна, дэлхийн оддын сонин хачнаас дуулгадаг “Шоубиз”, сүүлийн үеийн спортын мэдээ болон бусад зөвлөгөөний булан шинэ сонирхолтой мэдээллүүдээр сэлбэгдэн энэ дугаарт багтлаа. Мөн тархи оюунаа хэсэгхэн ч болов амраахын тулд үгийн сүлжээ, судоку, шидэт зураг, мэдлэгээ шалгах сорил, инээд бэлэглэх онигоо зэрэг сонирхолтой мэдээллүүд багтсан “Зав гарлаа” буланд түр саатаарай.
Гэр бүлийн гишүүн бүр зориулсан TV ZONE сэтгүүл
