Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › ГОО ТАНИЛ:Жүжигчин С.Мөнхдалай

ГОО ТАНИЛ:Жүжигчин С.Мөнхдалай

С.МӨНХДАЛАЙ: МИНИЙ ХАГАС ЖИЛИЙН ХӨДӨЛМӨР

Хүн бүр эрүүл байхын тулд эрчимтэй хөдөлгөөн хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч, аль болох фитнесс жим, иог бясалгал, усан сэлэлт, өглөөний гүйлт зэрэг спортуудаас өөрт тохирохыг сонгон хичээллэх болжээ. Тиймээс өнөө цагт гүзээгээ унжуулаад яваа эрчүүдийг арчаагүй хэмээн дүгнэх болж. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай залуус бодибилдинг жимээр эрчимтэй хичээллэж, өв тэгш сайхан биеийг өөртөө цогцлоох болсон байна. Тэдний нэг бол “Хувьсал” продакшны жүжигчин С.Мөнхдалай. Хэний ч харааг булааж, сэтгэлийг татам сайхнаар биеэ хөгжүүлсэн энэ залуугийн спортлог дэглэмийн нууцаас сонирхуулъя.

Тэрээр оюутан болсон эхний жилээ шинэ зүйлд өөрийгөө сорьж үзэх зорилгоор анх бодибилдингээр хичээллэж эхэлжээ. 18 настайгаасаа эхлэн гурван жил тасралтгүй, мөн өөрийгөө оромдож хууралгүйгээр тууштай энэ спортоор хичээллэсэн байна. Одоо ч  гэр бүл, уран бүтээл гээд зав чөлөө тун муутай байгаа хэдий ч чөлөөт цаг гарах л юм бол ЖИМ-дээ явахыг эрхэмлэдэг ажээ.

ХҮН БҮРИЙН БИЕИЙН ОНЦЛОГООС ШАЛТГААЛЖ АМЖИЛТ ӨӨР ӨӨР

Бодибилдингээр удаан хичээллэсэн, мөн энэ спортын мэргэжлийн тамирчид биед гарах бодит үр дүнгээ үзэх хугацааг нэг жил гэдэг. Магадгүй үүнээс бага хугацаа хэлбэл зарим хүмүүс үр дүнгээ үзэж чадалгүй дасгалаа хаячихдаг байж болох. Тэгвэл хүн бүр харилцан адилгүй биеийн онцлогтой учраас бодит үр дүнд хүрэх хугацаа өөр өөр байдаг. С.Мөнхдалайн хувьд ном журмынх нь дагуу тасралтгүй зургаан сар энэ спортоор хичээллэсний үр дүнд бусдад мэдэгдэхүйц өөрчлөлтийг үзүүлж чаджээ.

С.Мөнхдалай “Бодибилдингээр хичээллэж сайхан бие галбиртай болно гэдэг нь

өөрөө цаг хугацааны асуудал учраас гол нь тууштай байж,

өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал.”

БОДИТ ҮР ДҮНД ХҮРЭХЭД ХООЛНЫ ДЭГЛЭМ МАШ ЧУХАЛ

Бодибилдингийн спортоор хичээллэж байх үед амралт болон хоол хүнсээ зөв тааруулах нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, ганц "төмөр" өргөснөөр биед өөрчлөлт гарахгүй. Үнэхээр төгс биетэй болъё гэвэл дасгалын хажуугаар хоолны дэглэм барь, амралтаа зохицуул гэж зөвлөмөөр байна. Ингэж чадвал биед өөрчлөлт хурдан гардаг байна. Ер нь, хоолны дэглэм барихгүй нэг жил хичээллэх үр дүнг дэглэм бариад 3-6 сарын дотор л олж авч чаддаг гэлээ. Үнэхээр энэ спортоор хичээллэх чин хүсэл тэмүүлэлтэй, зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаддаг хэн бүхэнд хоолны дэглэм барина гэдэг тийм ч хэцүү зүйл биш байх. Ялангуяа, хэвлийн зургаан толгойт булчин гаргахад хоолны дэглэм хамгийн чухал байдаг гэдгийг тэрээр онцлон тэмдэглэлээ.

Зөвхөн өөрөө хичээгээд хүссэн үр дүндээ хүрэхэд хэцүү. Тиймээс мэргэжлийн зааж зөвлөх, чиглүүлэх багш маш чухал. Түүний хувьд Америкт төрж өссөн солонгос багшаар анх зааж зөвлүүлж байжээ. Ер нь, анхнаасаа энэ спортын талаар мэдлэг өндөртэй, мөн тууштай хичээллэдэг хүнийг 1-3 сар дагалдвал өөрөө зүтгэснээс илүү үр дүнтэй байдаг гэлээ. Гэхдээ 80 хувь нь өөрийн хичээл зүтгэлээс хамаарна гэдгийг мартаж болохгүй.

Эрчимтэй бэлтгэл хийж байх үедээ илүү үр дүнд хүрэхийн тулд зайлшгүй хоолны дэглэм барьдаг гэнэ. Ялангуяа, ямар нэг уран бүтээлд орохын өмнө эрчимтэй бэлтгэл хийж эхэлдэг ажээ. Бусад үедээ аль болох өглөө, өдөр нь илчлэг, нүүрс ус ихтэй, харин оройдоо илчлэг, нүүрс ус багатай хоол хүнс хэрэглэдэг байна.

ЗАЛУУС АА, ИДЭВХТЭЙ АМЬДАРЪЯ

Заавал булчин шөрмөс нь зангирч байж эрүүл, гоё сайхан харагдана гэж тэрээр боддоггүй гэлээ. Хамгийн гол нь залуу үеийнхнээ ямар нэг өөртөө тохирсон, таалагдсан спортоор заавал хичээллэдэг байгаасай гэдгийг С.Мөнхдалай уриаллаа. Тэрээр “Хүн хөдөлж биш, хөшиж үхдэг” гэдэг үгтэй санал нэг бөгөөд заавал том булчинтай биш ч, залуу насандаа гүзээтэй болчихгүйн тулд идэвхтэй хөдөлж байх хэрэгтэй гэж боддог ажээ.