Бэгзийн Явуухулан - Утга уянгын онцгой содон найрагч
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
Яруу найргийн их нүүдэл
Тэрээр Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Б.Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”,1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд 1954 онд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, суралцахаар явсан байдаг.
Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б.Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд Орос хэл дээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна.Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч, өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол, түүний яруу найргийн их нүүдэл байсан юм.
Түүний түүх товчхон
1955 онд Би чамд хайртай шүлгээ, 1957 онд Туулын урсгал шөнөдөө сайхансан, 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ,1961 онд Мөнгөн хазаарын чимээ номоо,1964 онд Монгол Улсын төрийн шагнал ,1970 онд Тэхийн зогсоол,1972 онд Вансэмбэрүү,1973 Зөвхөн Монголдоо шүлгээ,1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь, хүлэг минь шүлгээ,1978 онд Улаанбаатар шүлэг,1979 онд Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.
Б. Явуухулангийн уран бүтээлд хайр сэтгэлийн шүлгүүд гоо сайхныг дээдэлсэн яруу найргын улаан сарнай
Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарын илрэл юм. Б.Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай юм.
Б.Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай. Б.Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээсэн найрагч билээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”,“Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг мөн.Түүний “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх нь буй....Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би...ёстой л нэг Монголын сонгодог гэхээс өөр арга алга. Их найрагч Б.Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм.1969 онд бичсэн энэ бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй,хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.
Б.Явуухулан бол “Алтан гургалдай” юм.
Явуухулан бол эх орон, байгаль дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн “алтан гургалдай”гэхэд хэлсдэхгүй биз дээ. Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм.
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байсан гэдэг. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмэх шүлэг юм. Дуулим хорвоод төрсөн минь учиртай Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би Дуулим хорвоод төрсөн минь учиртай” хэмээх тунхаглал нь 1970 оны сүүл үе хүртэлх бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байсан гэлтэй.
Шүлэг минь, Хүлэг минь
Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм. Шүлэг минь, хүлэг минь, чи бид хоёр Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой! Шүлэг минь,хүлэг минь, чи бид хоёр Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой! ...
Б.Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн,нам засаг,Октябрийн хувьсгал,Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаарддаг тийм цаг үе байжээ.Тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал,атаа жөтөө,утга зохиолын дайсануудаасаа хол байгаагүй,уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл,зовлон гамшигийг туулж чадсан. Их найрагч Б.Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилгыг өвөртлөн явсан нэгэн.Яруу найраг бол үгийн урлаг, үгийг илүү ч үгүй дутуу ч үгүй байранд нь онож тавих ёстой гэдэг байсан юм.
Төрсний эцэст үхнэ гэдэг Амьтны ёс оо! Төрсөн нутгаа орхино гэдэг Амаргүй даваа!...
Б.Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм.Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн ёстой л нэг дэлхийн энэтэй сонгодог юм.
XX зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулан 1982 оны өвөл 53 насандаа таалал төгсөж,Монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм... Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “Хүлэг минь Шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийн үеийнхэнд даатган үлдээснийг санах буй за.
Би сод ухаантан ч биш, согтуу хүн ч биш, солиотой хүн ч биш. Зүгээр л их шуналтай хүн. Гэхдээ эдийн бөгөөд мөнгөний шунал биш л дээ. Уйлан байж хүн болоход минь, унага янцгааж шанадас төрсөн нутагаа ширтэхээр, сэтгэлийн чанадыг минь яруу найрагт хорхойссон шунал гижигдээд л тэр. Энэ эгэл хүсэл минь биелэлээ олох мөчид, сэтгэл налайх биз ээ.
