Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Мэдээ › Өнгө нэмэх хүзүүний алчуур

Өнгө нэмэх хүзүүний алчуур

Хүйтний эрч чангарсаар буй энэ үед охид, бүсгүйчүүд маань хэдийн цув, пальтондоо оржээ. Гадаа бүүдгэр, саарал өнгө төрх давамгайлах намрын сэрүүн өдрүүдэд манайхан улирлаа даган хар бараан хувцаслах хандлагатай. Тэгвэл өөртөө итгэх итгэлд хувцасны өнгө төрх, загвар ихээхэн шалтгаалдаг нь хэдийнээ нотлогдсон учраас гадаа бүүдгэр саарал байвч залуу насаа тодотгох гэрэлтсэн тод хувцаслахыг охид, бүсгүйчүүддээ зөвлөж байна. Харин үүнд танд өнгө бүрийн хүзүүний алчуур, ороолтууд тусална. Алчуур, ороолтыг зөвхөн хүзүүндээ зүүдэг хандлага ард хоцорч, томхон алчуурыг цамц, хантааз болгон зүүдэг болжээ. Хэрхэн зүүх аргыг нь энд санал болгож байна.

Том, зузаан ороолт шүүгээнд тань ашиглагдахгүй хэвтэж байгаа юм биш биз? Хүйтэн үед нөмрөхөөс цаашгүй ийм ороолт бий бол өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлье. Ийм том алчуураа нөмрөөд бүсэлхий хэсгээрээ бүс зүүчихэд л дулаан гэгч нь хантааз болчихно.

Мөн зузаан, том алчуур байвал хоёр талыг нь тэнцүүлэн нийлүүлж, нийлүүлсэн талаа сайн зангидчихад л ийм хантааз болгон өмсөх боломжтой. Хүйтний эрч чангарч буй энэ үед гоёмсог загвартай ороолтыг үүн шиг хантааз болгон өмсчихөд дулаахнаас гадна өнгөлөг, загварлаг харагдаж чадна.

Урт, нарийхан ноосон ороолт бий бол хэрхэн хантааз болгон засч янзлах аргыг хүргэж байна. Ингээд хийгээд өмссөн байхад ямар дулаахан гэж санана. Шинэ хантааз авах мөнгөө өөр үр ашигтай зүйлд зарцуулан, хэрэглэгдэхгүй болсон ороолтоор ингээд өөрийн гараар хантааз урлаад өмчихөд сэтгэлд өег сайхан.

Ороолтоо гурван хэсэг хуваахдаа хоёр хэсгийг нь ижил хэмжээтэй, нөгөө хэсгийг нь урт хайчлана. Хоёр ижил тайрсан хэсэг нь ар тал болох бөгөөд нөгөө урт хэсэг нь урд хэсэг болно.

Хоёр ижил тайрсан хэсгийнхээ нэг, нэг үзүүрийг багахан эргүүлэн оёно. Энэ нь сэмрэхээс хамгаална.

Хоёр үзүүрийг нь оёсон хэсгээ хөндлөнгөөр нь нийлүүлж оёно. Ингээд хантаазны ар хэсэг бэлэн болно.

Бэхэлж оёогүй талд нь урт хайчилсан хэсгээ оёх бөгөөд ингэхдээ зурагт харагдаж буй шиг хантаазны ар хэсгээ урт тайрсан хэсгийнхээ гол хэсэгт оёно.

Хоёр тал руу унжсан хэсгээ урагш унжуулахад хантаазны хэлбэр гарч ирнэ. Ингээд гар оруулах хэсгээ үлдээгээд хоёр талаа битүүлэн оёно. Ингээд л хэрэглэгдэхгүй болсон ороолтоор дулаан гэгч нь хантааз хийчихлээ шүү дээ.