Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Хонины сүүлээр хийсэн "гарын саван" дэлхийд сайшаагдав

Хонины сүүлээр хийсэн "гарын саван" дэлхийд сайшаагдав

Үндэсний үйлдвэрлэлээ эсгий шаахай, савхин дээл, ноолууран цамц мэтээр төсөөлж, энэ хүрээ зааг дотроо тонгочсон сэтгэлгээнээсээ халих, цаагуур бодож, холуур сэтгэх цаг нэгэнт болжээ. Монгол залуус өнөөдөр эрчим хүч, эрүүл мэнд, мэдээллийн технологи гээд нарийн мэдлэг шаардсан олон салбарт амжилт гаргаж, бизнесээ өргөжүүлэн явж байна. Тэгвэл танд сонорыг тань мялаах сайхан мэдээ дуулгах гэж буй. Өнгөрсөн сард болсон Азийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцож, хонины сүүлээр хийсэн органик гарын саван нь Хятадын "SOUTH CHINA MORNING POST" сэтгүүлд Азийн онцлох органик 5 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан юм. Үзэсгэлэнгийн үеэр чацарганы тостой уруул өнгөлөгч, хонины сүүлээр хийсэн саван хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд бүтээгдэхүүнийг импортлох санал ихээр иржээ.

Баялаг бүтээгч бүсгүйг Даваадоржийн Хулан гэдэг. Нью Иорк хотын Колумб-ийн их сургуульд сэргээгдэх эрчим хүчний менежментээр мастер төгссөн аж. “Натурал Эссеншлс ” ХХК-ын нэрээр Lhamour брэндийг байгуулан монгол түүхий эдээр органик гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байгаа юм. Одоогоор таван нэр төрлийн арваад бүтээгдэхүүнтэй болоод байгаа аж. Хонины сүүлтэй саван, ямааны сүүтэй саван мөн бусад бүтээгдэхүүнүүд нь нэгдүгээрт цэвэр байгалийн гаралтай түүхий эдийг ашигласнаараа хоёрдугаарт, арьсны өвчтэй болон харшилтай хүмүүс эмчилгээний зориулалтаар ашиглахад тохиромжтой. Нэн ялангуяа хүүхдийн арьсанд маш сайн үйлчилгээтэй гэнэ.

Хонины сүүлтэй саван, чацарганы тостой уруул өнгөлөгч нь үйлдвэрлэлийн процессын тухайд хонины сүүлийг боловсруулж наргил модны тос шиг болгодог аж. Үүнийгээ ургамлын тостой нийлүүлээд 3 сар хатааснаар саван болдог гэнэ. Мөн үйлдвэрлэлийн нэг давуу тал нь түүхий эд ямар ч хаягдалгүйгээр эцсийн бүтээгдэхүүн болж гардаг.