Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ХОРВООГООР АЯЛАХУЙ:Европын зүрх-ЧЕХ

ХОРВООГООР АЯЛАХУЙ:Европын зүрх-ЧЕХ

“Шар айрагны нийслэл” гэгддэг Пльзень хотоос Прага хүрэх замд таарах Хеб хэмээх багахан хотын ойролцоо нэн эртний үед хамаарагдах пирамид хэлбэртэй нэгэн чулуу бий.Харахад энгийн ч Европын төв цэгийг заасан тэмдэг болсоор хэдэн зууныг үдэж байгаа Хебийн энэ чулуу эх орондоо “Европын зүрх” хэмээх эрхэм алдрыг хайрласан юм.Чехийн түүх МЭ IX зуунаас эхтэй бөгөөд удаан хугацааны турш Төв Европын хамгийн хүчирхэг улсуудын нэг байлаа.1526 оноос Австри-Унгарын болон Австрийн эзэнт гүрэнд харъяалагддаг байгаад хожим Дэлхийн нэгдүгээр дайны дараа 1918 онд тусгаар тогтнолоо зарласан. Австри-Унгарын эзэнт гүрнээс тусгаар тогтносон Чехословак 1993 онд тайван замаар Бүгд Найрамдах Чех Улс болон Словак хэмээх хоёр улс болон задарчээ. Хэдийгээр далайд гарцгүй ч Чех орон баруун талаараа Влтава,Лабэ, зүүн талаараа Морав, Одра зэрэг томоохон голуудтай эргэн тойрноороо Корконош, Судет зэрэг нам уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт хотгор газар оршдог болохоор жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл татрахгүй. Гол мөрөн бүхий уудам хөндий, өтгөн ой, цэнгэг нуур, дов толгод тэгээд хамгийн гол нь анагаах онцгой увидастай рашаан сувиллаараа Чех орон газар газрын жуулчдыг соронзон мэт татдаг.

Чехээр аялах уншигч таны эхний хөл тавих газар мэдээж нийслэл Прага хот байх биз ээ.”Алтан Прага” гэж энэ хотыг зүгээр ч нэг нэрлээгүй юм. Төв Европын хамгийн үзэсгэлэнтэй бас аядуу тайван хот болох Прагын орд харш,сүм хийдийн оройг IV Карл хааны үед алтадсан нь хотын үзэмжинд бүр ч өнгө нэмжээ.Карл хааны гавъяа үгээр дуусахгүй,тэрээр Чехийн нийслэлийг дэлхийд цуутай сайхан хот болгох үндсийг тавьж 1348 онд Европын анхны их сургууль болох Карлын их сургууль, Прагын шилтгээн, Вышехрад, Карлын гүүр зэргийг байгуулжээ.Прага хот дундад зууны үед нэг хэсэг Ариун Римийн их гүрний нийслэл хэмээгдэж байгаад 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлэн өнөөгийн Прага үүсчээ. Влтава мөрний эрэгт жижиг уул толгод бүхий нам дор газар байрласан Прага хотод та готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүхий төрлийн олон хэв шинжийн барилгатай танилцаж болно. Хэдийгээр дэлхийн хоёр том дайныг үзсэн ч Алтан Прагын барилга байгууламжууд харьцангуй бага эвдэрсэн.Ер нь ч хотын удирдах зөвлөлөөс түүхэн дурсгалт газруудыг хамгаалахад ямагт анхаарч,эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай.Эртний цайз шилтгээнээрээ зартай Прага хотын хамгийн гол байгууламжуудын нэг бол Прагын цайз. 9 га талбай эзлэн орших энэ гайхамшигт цайз  850 онд суурь нь тавигдсан цагаасаа л эхлэн Чехийн түүх,улс төрийн төв байсаар ирсэн юм.

Бүтэн 50 жил барьж байгуулсан Карлын гүүр жуулчдын очих дуртай газрын нэг.Прага хотын Бага дүүрэг,Хуучин хотыг холбодог энэ гүүрэн дээр сүүлийн жилүүдэд залуу хосууд сүй тавих нь моод болоод байгаа гэсэн.Түмэн холхих энэ гүүрийг зориуд ирж сонирхсон Дээрхийн гэгээнтэн Далай лам “Орчлон ертөнцийн төвд оршдог болохоороо энэ газар зөвхөн эерэг эрч хүчийг хүмүүнд хайрладаг” хэмээн айлджээ.Хэдийгээр Прага хотын хүн ам 1,2 сая боловч жилдээ хотод зочилдог жуулчдын тоо 4-6 саяд хүрдэг.Гэхдээ хүмүүс зөвхөн сайхан барилга харах гэж энд ирдэг гэвэл өрөөсгөл болно.Прагын хорь гаран музей, зуу гаран үзэсгэлэнгийн танхим галарейд соёл урлагийн дээжистэй танилцах боломжтой.

Анагаах,эмнэх онцгой чанартай рашаан усаараа Карловар эрт үеэс  олны анхаарлыг татсаар ирсэн.Ер нь Чехэд ирж байгаа жуулчдын дийлэнх нь зөвхөн Карловарт биеэ сувилах гэж очдог ажээ.Их Петр хаанаас эхлээд Шиллер,Бах,Бетховен,Гёте хүртэл энд тухлан алжаал юугаа тайлдаг байсан гэх.Карловараас эрдэмтэд 132 төрлийн рашаан,эрдэст ус илрүүлсэн ч 12 төрлийн рашааныг л эмчилгээнд хэрэглэж байна.Эдгээрээс цельсийн 72 градусын халуунтай “Вржидло” хэмээх рашаан 2000 метрийн гүнээс ундардаг.Карловарын рашаан ус дотор эрхтэн, тэр дундаа ходоодны эмчилгээнд тустай.Тэрчлэн элэг,чихрийн шижинг ч эмнэдэг рашаан энд бий.5 сард амралт сувиллын улирал эхлэхтэй зэрэгцээд Олон улсын жааз хөгжмийн наадам Карловарт нээгдэнэ.Харин 7 сард “Карловарын кино наадам”, 8 сард “Бетховены өдрүүд”, 9 сард ардын урлагийн наадам гээд бүтэн зун намрын турш рашаан сувиллын энэ хот олны хөлд дарагддаг ч ая тухаа хэзээ ч гээж байгаагүй юм. Карловараас та бас сайн чанарын болор,шаазан эдлэл худалдан авах боломжтой гэнэ.Сувилал,рашаанаараа Карловараас дутахгүй нэгэн газар байдаг нь Франтишкови-Лазне юм.Эндэхийн ус,шавар эмчилгээ эмэгтэйчүүдийн үргүйдлийг 90 хувь эмчилдэг хэмээн Чехийн эмч нар нотолдог.Мариански-Лазни бас л рашаан сувиллын орон бол Пльзень хот жинхэнэ шар айрагны нийслэл.Энд дэлхийн анхны Пивоны музей нээгдэж байжээ.

Уншигч та жаахан этгээд зүйлд дуртай бол Кутна Гор хотоор аялахад гэмгүй. Готын уран барилгын дурсгал нэвт шингэсэн энэ хотод нэгэн аймшигтай ч гэмээр зүйл байдаг нь 1318 онд дэгдсэн булчин задрах тахлаас эхлээд 15 зууны эхэнд өрнөсөн дайны үеэр нас барсан 40000 хүний араг ясыг хадгалсан Седлецийн сүм юм.Сүмийн дотор тал тэр чигтээ хүний ясаар чимэглэгдсэн, араг ясаар хийсэн гэрлийн бүрхүүл, ханын чимэглэл нь жихүүдэс төрүүлмээр ч сонирхогчид мундахгүй.

Чех улс нэг хүнд оногдох автомашины тоогоор Европ тивд нэлээд дээгүүрт ордог.Иргэдийн дийлэнх нь хувийн автомашинтай боловч нийтийн тээврийн үйлчилгээ нэлээд өндөр түвшинд хөгжсөн. Метро,трамвай аль аль нь нэгдмэл нэг төрлийн билеттэй болохоор жуулчид үйлчлүүлэхэд хялбар байдаг.

Баруун Европоос юмны үнэ арай хямд болохоор шоппинг хийх сонирхолтой жуулчид ч Прагад олноороо ирдэг.Хоол ундны хувьд чехүүдийн үндсэн хоол нь гахайн мах боловч үхэр, тахиа, буга, загас тэр бүү хэл тэмээн хяруулын махаар олон төрлийн амтлаг хоол хийж үйлчлэх зоогийн газрууд элбэг.Мах нь холестрин агуулдаггүйн дээр арьс нь сайн түүхий эд болдог учраас сүүлийн жилүүдэд Чехэд тэмээн хяруулын аж ахуй эрчимтэй хөгжиж байна.Уламжлалт аргаар бэлтгэдэг чех шар айрагны амт,чанарын тухай энд нурших нь илүүц биз ээ.Пиво бол Чехийн үндэсний бахархлын нэг,бүр сүм хийдэд хүртэл шар айраг эсгэж байсан баримт байдаг.

Олон төрлийн эмийн ургамлын үндэс бүхий тусгай жороор бэлтгэдэг Чехийн алдарт "Бехеровка" ликер эмчилгээний увидаст чанараараа зартай.Карловарын эмийн санч Йозеф Бехерийн бүтээл болох энэ ликер үйлдвэрлэгдэж эхлээд 2 зууныг үзэж байгаа ч Бехерийн удмын 2 хүнээс өөр хэн ч тусгай жорын нууцыг мэддэггүй ажээ.