Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Г.Сүндэрмаа: ХӨДӨЛ,АЛХ,ГҮЙ

Г.Сүндэрмаа: ХӨДӨЛ,АЛХ,ГҮЙ

Монголын рок, поп урлагийн ертөнцөд тасралтгүй 19 жил хөдөлмөрлөж өөрсдийн арилшгүй том орон зайг бий болгосон охидын хамтлаг бол яах аргагүй “Sweetymotion” юм. Бид сэтгүүлийнхээ хамгийн хүндтэй “Дугаарын зочин” буландаа“Sweetymotion” хамтлагийн дуучин СТА Г.Сүндэрмааг хүндэтгэн урилаа.

14-хөн насандаа урлагт хөл тавьсан авьяаслаг охин эрүүл амьдралыг эрхэмлэж,  урлаг, дасгал хоёрыг төдийгөөс өдий хүртэл төгс хослуулсаар иржээ. Хоббигоо ажил хэрэг болгож, олон мянган ээжүүд, охид бүсгүйчүүдийг гоолиг сайхан байлгахын төлөө олон ажлыг хийж яваа уран бүтээлч, цоглог бүсгүйн чин сэтгэлийн ярилцлагыг уншигч танд хүргэж байна.

TV ZONE: ТАНД ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ. БИДНИЙ УРИЛГЫГ ХҮЛЭЭН АВЧ, НИЙТ УНШИГЧИДТАЙ МААНЬ ДОТНО ЯРИА ӨРНҮҮЛЭХЭЭР ИРСЭН ТАНД БАЯРЛАЛАА.

Г.СҮНДЭРМАА: Баярлалаа. Танд болон “TVZONE” сэтгүүлийн уншигч олонд энэ өдрийн мэнд хүргэе. Аль зургаан сард  уулзах байсан ч, цаг зав хомс байсан учраас одоо л уулзаж байгаадаа уншигчдаасаахүлцэл өчье.

TV ZONE: Г.СҮНДЭРМАА ХЭМЭЭХ УРАН БҮТЭЭЛЧИЙГ “SWEETYMOTION” ХАМТЛАГААС АНГИД ОЙЛГОХ АРГАГҮЙ ЮМ. ТЭГЭХЭЭР ЭХНИЙ АСУУЛТАА ЭНЭ ХАМТЛАГ БҮРЭЛДЭЖ БАЙСАН ТҮҮХЭЭС АСУУЖ ЭХЛЭЕ.

Г.СҮНДЭРМАА: Гэндэнгийн Сүндэрмаа гэдэг.1989 онд Хөгжим бүжгийн коллежид долоон настай бяцхан охин элсэн орж байлаа. Яг энэ үед хамтлагийн гишүүд болох /С.Сэрчмаа, Ц.Сарнай, Э.Ганболор/-тойгоо нэг ангид суралцах болсон. Миний хүүхэд нас гэхээр “Sweetymotion” хамтлагийн охидтойгоо яах ч аргагүй холбоотой байдаг юм. Бид бусад охидын л адил дуулах, бүжиглэх авьяастай байлаа. Их сонин хувь тохиолоор “Охид” хэмээх хамтлагийгбайгуулж, Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Англи дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээнд оролцон тэргүүн байрын шагнал хүртсэн юм. Тус тэмцээнд түрүүлсэн нь бяцхан охидод сэтгэлийн их урам, цаашид мэргэжлийн уран бүтээлч болох хаалгыг нээсэн гэхэд болно. Хүн бүр л өөр өөрсдийн хүсэл сонирхол, зорилготой байдаг. Тэр ч утгаараа С.Сэрчмаа маань хамтлагаасаа гарч, бие даан уран бүтээл хийхээр болж,Т.Солонго хэмээх шинэ гишүүнтэй болсноор “Emotion” хамтлаг байгуулагдсан түүхтэй. Ингээд 2003 онд “Emotion”хамтлаг өөрсдийн мөрөөдөлдхөтлөгдөн олон улсын хөгжмийн тавцанд хүч сорихоор АНУ-г зорьж байсан. Тэр үеэс эхлэн олон тоглолт, арга хэмжээ, тайзнаа уран бүтээлээ толилуулахын хажуугаар эх орныхоо орчин үеийн болон ардын хөгжмийг сурталчилж, өөрсдийн ур чадварыг дээшлүүлэхийг хичээсэн. Ингэж явсаар 2010 онд “Sweetymotion” хэмээх шинэ нэртэйгээр эх орондоо эргэн ирсэн дээ.

TV ZONE: “SWEET Y MOTION” ХАМТЛАГ ОХИДЫН НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭНЧ ЖИШЭЭ МЭТ САНАГДДАГ?

Г.СҮНДЭРМАА: Маш их баярлалаа. Бид хамтлаг болон нэгдсэн цагаасаа л хамт амьдарч эхэлсэн. Охидын хамтын амьдрал үнэхээр гоё. Бүх л зүйлийг хамтдаа хийнэ /гэр цэвэрлэх, хоол хийх, хичээлээ давтах, хөгжмөө тоглох гэх мэт/. Тухайн үед Сарнайгийн маань эгч бидэнд Синди Кроуфордын дасгалын DVD өгсөн юм.Бид өглөө 6 цагт босож, дасгал сургуулилтаа хийдэг байлаа.Хамтдаа уйлж, хамтдаа инээсэн мөч бүхэн бидний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэгэн хэсэг. Хэцүү үед бие биенээ түшиж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгнө. Одоо бол төрсөн эгч дүүсээс ялгаагүй болж, хэн хэнийхээ сайн муу зан чанарыг мэдэлцчихсэн. Үг дуугарахгүйгээр хүртэл ойлголцоно шүү /инээв/.

TV ZONE: ХАМТЛАГААР УРАН БҮТЭЭЛИЙН СОНИН САЙХАН ИХ БИЗ. ЯМАР УРАН БҮТЭЭЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА?

Г.СҮНДЭРМАА: “Зүрхэн аялгуу” хэмээх Double CD гаргасан. Энэ нь 1960-1970 онд хийгдсэн ард түмний сэтгэлд шингэсэн уран бүтээлүүдийг сорчилж дуулснаараа онцлог. Тус CD нь 11 дуутай болон, дуу тус бүр өөр өөрийн бүтээгдсэн үүх түүхтэй. Б.Чинбаа, Ц.Сарнай хоёр маань, АНУ-аас ирээд удаагүй байна. Тун удахгүй уран бүтээлийн ажилдаа шамдан орно доо.

TV ZONE: УРЛАГИЙН ТӨЛӨӨ ХҮЧИН ЗҮТГЭЭД ЗАВГҮЙ ЯВСАН СҮНДЭРМАА ЭЭЖ БОЛЛОО. ЭХ ХҮНИЙ ХАРИУЦЛАГА ХЭМЭЭХ ОЙЛГОЛТЫГ ХЭРХЭН УХАМСАРЛАЖ БАЙНА?

Г.СҮНДЭРМАА: Миний хувьд “гэр бүл төлөвлөлт”-ийг хэрэгжүүлсэн гэхэд болно. Эх хүн болно гэдэг үгээр хэлэхийн аргагүй, энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж юм билээ. Дөнгөж төрөөд охиндоо нэг л дасажөгөхгүй байсан шүү /инээв/.Эмэгтэй хүн болж төрсний утга учир нь “ээж” болсноо мэдрэх тэр агшин байдаг. Энэ торгон мэдрэмж эмэгтэй хүн бүхний хайраас ундарч байдаг. Үртэй болсноо анх мэдэх, тээх, хөдөлж буйг нь мэдрэх, төрөхөө хүлээх гээд эдгээр нь амьдралыг гайхамшигтай болгодог юм шиг. Үр хүүхдэдээ “ Ээж ” хэмээн дуудуулах нь өндөр хариуцлагыг үүрч байна гэж ойлгодог.

TV ZONE: ТАНЫГ ОХИД БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЗОРИУЛСАН ТОМООХОН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН ГЭЖ ДУУЛЛАА?

Г.СҮНДЭРМАА: Миний хувьд дасгал хөдөлгөөнийг 14 настай байх үеэсээ л хийж, бага ч гэсэн туршлага хуримтлуулсан болов уу.Энэ ч утгаараа өөрийн сонирхлыг ажил хэрэг болгох том зорилготой явна. Эмэгтэй хүн бүр гоё сайхан байж, өөртөө сэтгэл хангалуун,эрүүл үзэсгэлэнтэй байгаасай хэмээн боддог. Хүүхэд төрүүлж амьдралдаа аз жаргал нэмдэг хэдий ч, төрсөн ээжүүдийн бие махбодид тодорхой хэмжээний өөрчлөлтүүд аяндаа үүсдэг. Энэ бүхнийг өөрийн биеэр мэдэрсэн учир, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж,охид бүсгүйчүүдийнхээ төлөө ямар нэг зүйл хийх ёстой гэдгийг мэдэрсэн. Хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүддээ зориулсан дасгалын цагтай болох шийдвэрт хүрсэн. Ингээд богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх, хамгийн шилдэг гэсэн цуврал дасгалуудыг өөрөө хийж, “Univision”, “Sky media” гээд мэдээллийн хэрэгсэлд байршууллаа. Мөн өөрийн цахим хуудсаар дамжуулан, тэдэнд аль болох хэрэгтэй ашигтай мэдээллийг хүргэхийг эрмэлзэж байна.

TV ZONE: ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХИЙЖ ЭХЛЭХЭЭС ӨМНӨ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛДЭХ НЬ ЧУХАЛ УУ?

Г.СҮНДЭРМАА: Зөв асуулт байна. Төрсөн бүсгүйчүүдийн хувьд хүүхдээ төрүүлээд, хоёр сарын дараа дасгал хөдөлгөөн хийж эхлэх хэрэгтэй. Энэ хугацаанд сэтгэл санаагаа тайван байлгаж, чанартай хоол хүнс хэрэглэн, элдэв зүйлд санаа зоволгүй байх нь хамгаас чухал. Гэдэс суларч, хөх унжиж, биеийн зарим хэсгээр язралт өгч, жин нэмэгддэг. Энэ асуудал зөвхөн танд биш бүх бүсгүйчүүдэд тохиолддог. Үүнд эмзэглэж сэтгэл санаагаар унаж болохгүй юм. Хүүхдээ тээж байх явцдаа эрүүл хүнс хэрэглэн, аль болох хөдөлгөөнтэй байж, жирэмсэн байхдаа жин нэмэхгүй байх нь төрсний дараа жин хасахад хялбар байдаг.Үүнээс гадна нэг чухал зүйл нь “Булчингийн салалт” хэмээх зүйл юм. Ураг гэдсэнд бүрэлдэн томрох явцад гэдэсний булчин аажмаар салж, тэлж байдаг. Үүнийг төрсний дараагаар аль болох түргэн хугацаанд буцааж нийлүүлэх нь чухал. Охид бүсгүйчүүд маань энэ талаарх мэдлэг мэдээлэл хомс байдаг шиг. Нялх хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүдэд гадуур фитнесс, жим-д явах цаг зав үнэндээ хомс. Тиймээс гэрийн нөхцөлд “Булчингийн салалт” буюу хэвлий хэсгийн сулрал хэмээх зүйлийг дасгал хөдөлгөөний тусламжтайгаар богино хугацаанд агшааж, үр дүнд хүрэх цуврал хичээлүүдийг тун удахгүй хүргэх болно.

TV ZONE: ОЛНЫ НҮДЭНД ИЛ БАЙДАГ ЭМЭГТЭЙ ХҮН БҮР ӨӨРИЙН ГОО САЙХАНД ИЛҮҮТЭЙ АНХААРДАГ ШҮҮ ДЭЭ. ТАНЫ ХУВЬД ЭРҮҮЛ МЭНДИЙГ ИЛҮҮТЭЙ ЧУХАЛЧИЛЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДЛАА?

Г.СҮНДЭРМАА: Тийм.Олны танил гэлтгүй эмэгтэй хүн бүр өөрсдийн гоо сайханд анхаарал тавих нь зүйн хэрэг. Үс зүс, арьс арчилгаа, хумс хуруу гээд л бидэнд анхаарал тавих олон асуудал бий. Түүний сацуу хүнд эрүүл амьдралын хэв маяг хамгийн том гоо сайхан юм болов уу. Үүнд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн маш чухал. Миний хувьд жимс, хүнсний ногоо, уураг ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гурил болон гурилан бүтээгдэхүүн огт хэрэглэдэггүй.Өдрийн хоёроос доошгүй цагийг дасгал хөдөлгөөн хийхэд зарцуулдаг.

TV ZONE: НЭГ НАСНЫ ХАНИА СОНГОНО ГЭДЭГ ЭНЭ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛСИЙН НЭГ БАЙДАГ. ИТГЭЛ СЭТГЭЛ НИЙЛСЭН АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛЫН ТАЛААРХ ТАНЫ БОДОЛ?

Г.СҮНДЭРМАА: Миний ханийг н.Нямбаяр гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг сайхан залуу бий.Гэр бүлийнхээ хүнтэй танилцаад дөрвөн жилийг ардаа үджээ. Гэр бүлийн ертөнцөд эрчүүдийн гүйцэтгэх үүрэг, тэдний нөмөр нөөлөг, түшиг тулгуур үнэхээр их байдаг. Бид бие биеийнхээ хийж буй ажил хөдөлмөрийг ойлгож, чадах чинээгээр ойлгож дэмжихийг хичээдэг.Хань минь надад хамгийн үнэнч зөвлөгч, сайн найз бас хайртай хүн маань юм даа. Хүний амьдралд баяр гуниг үргэлж ээлжилдэг, тэр бүхэнд хамт байж, итгэл сэтгэлээр үргэлж баян байдаг юм. Би аав ээж, ах дүү нарынхаа хувьд их хэрсүү охин мөртлөө, хайртай ханийнхаа хажууд өөрийн мэдэлгүй эрх танхил бүсгүй болж хувирдаг.

TV ZONE: ТА ӨӨРИЙН ЦАХИМ ХУУДСААРАА ДАМЖУУЛЖ МАШ ОЛОН БҮСГҮЙЧҮҮДЭД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨГ НИЙТЭЛДЭГ. ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ЭНЭ САЙХАН АЖЛЫНХАА ҮР ДҮНДТЭДНЭЭС ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХЛЫН ҮГ ИХ СОНСДОГ БИЗ?

Г.СҮНДЭРМАА: “Бурмаар тэтгэхээр, урмаар тэтгэ” гэсэн сайхан үг санаанд орлоо. Охид бүсгүйчүүд минь гоё сайхан байгаасай, эрүүл чийрэг бие бялдраарөөрийгөө чимээсэй гэсэн хөдөлмөр зүтгэлийн минь хариуд, тэд чин сэтгэлийн талархалын үг, үр дүнгээ харьцуулсан зураг, урмын үгийг ихээр илгээдэг.“Үүнээс илүү өөр юу хийж болох бол” гэсэн санаа сэдлийг урмын үгээрээ дамжуулан илгээдэг нийт бүсгүйчүүддээмаш их баярлаж явдаг юм шүү.

TV ZONE: ОХИД БҮСГҮЙЧҮҮДДЭЭ НЭГЭН САЙХАН УРИАЛГА ХЭЛЭЭД ЯРИЛЦЛАГАА ӨНДӨРЛӨЕ?

Г.СҮНДЭРМАА: Өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл зөвлөгөө өгч эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд маш олон бүсгүйчүүд надад хандсан байдаг. Хамгийн гол нь зөвлөгөө зөвлөмжийг уншаад өнгөрөх биш, өөртөө хэрэгжүүлж, бие бялдрааэрүүл чийрэг байлгаж, бусадтайгаа үр дүнгээ хуваалцахыг нийт бүсгүйчүүддээ уриалж байна.

Сэтгүүлч: Б.Хонгорсайхан

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш