Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Монголын шинэ авъяастнуудын дуу хоолой тун удахгүй...

Монголын шинэ авъяастнуудын дуу хоолой тун удахгүй...

Анх 2003 онд “Хийморь тэтгэсэн Улаанбаатар” нэрээр эхэлж байсан энэхүү уралдаанд монгол орны өнцөг булан бүрээс төдийгүй олон улсаас авьяастнууд хуран чуулж, Монгол эх хэлээрээ дуулж, өрсөлдөж, залуусын идэвхи, оролцоо нэмэгдэж байсан билээ. Өдгөө монголын хөгжмийн урлагт урлагийн од болон гялалзаж яваа олон уран бүтээлчдийг тодруулж, хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмрийг оруулснаас гадна уралдааны ач холбогдол нь олон залууст монгол дуу, хөгжмийн гайхамшиг, монгол хэл соёлыг гайхуулан нийгэмд ч эерэг үр дүн өгч иржээ. Анхны уралдааны ялагчаар дуучин Ц.Мөнхбат тодорсноос хойш дуучин М.Үүрцайх, хөгжмийн найруулагч Жак, Мотив хамтлаг, дуучин Хүрэлээ, Маргад-Эрдэнэ, Дулма Сунрапова, Сэлэнгэ, Бичүү зэрэг өөр өөрсдийн өнгө төрх, ур чадвар, амжилтыг бий болгосон уран бүтээлчид төрөн мэндэлжээ.

Багагүй хугацаанд завсарлан эргэн ирэх уралдаан монголын дуулах дуртай олон мянган залуусыг дахин нэгтгэж, үзэгч таныг хөглөх гэж байна. Уралдааны цар хүрээг улам өргөн болгохоор олон улсын гэх тодотголтой болгосон нь гадаад дотоодын хэнд ч авьяасаа нээж, ур чадвараа сорих боломжийг олгож байна. Мөн уралдаан нь цаашид уламжлал хэв шинжээ хадгалж, дууны наадам хэлбэрээр жил бүр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулагдах юм байна. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын уран бүтээлийн баялаг урын сангаас дуртай дуугаа сонгон оролцох наадам нь үндсэн 4 үе шаттайгаар явагдаж, ирэх 10-р сараас цоо шинэ “My Voice” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно. Оролцогчдын дунд насны бөгөөд ажил мэргэжил, туршлагын хязгаар байхгүй учир бүх авьяастнууд оролцох бүрэн боломжтой юм. Энэ удаагийн шоу нэвтрүүлэг зөвхөн дуучдаас гадна амьд хөгжмийн хамтлагт онцлог боломж үзүүлж нэр хүндтэй “Asian Beat” наадамд урьж байгаагаараа онцлогтой байна.

“Хийморь тэтгэсэн Улаанбаатар”, “New Star” зэрэг өмнөх уралдааны шүүгчдээр урлагийн ертөнцийн авьяаслаг эрхэмүүд болох продюсер Н.Халиун, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, МУГЖ Ч.Насантогтох, МУГЖ Б.Дашдондог гэх мэт алдартнууд ажиллаж байсан бол энэ удаагийн тэмцээний шүүгчдыг нууцалж байна. Тэмцээний бүртгэл явагдсаар одоогоор 200 гаруй авьяастнууд ур чадвараа сорихоор бүртгүүлээд байгаа юм.

Наадмын үр дүнд, монголын хөгжмийн урлагт жинхэнэ уран бүтээлч болж чадах тэр л авьяастнуудыг үзэгч та бүхэнтэй хамт тодруулах бол монголын шинэ дуу хоолой болох авьяастнуудыг мөнгөн шагнал, уран бүтээлийн продюсингийн гэрээ, гадаад улс оронд суралцах эрх гээд ховорхон боломжууд хүлээж байна.