“Big Bang” хамтлагийн G-Dragon нууцлаг үерхлээ төгсгөл болгожээ
Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн G-Dragon, Японы чадварлаг загвар өмсөгч Kiko Mizuhara нарын хайр дурлалын харилцаа төгсгөл болсон бололтой. Учир нь саяхан Kiko өөрийн инстаграм хуудсанд алдарт “Sex and the City” цувралын гол дүр Carrie Bradshaw-ийн хэлдэг “Ганц бие, гайхамшигтай тэгээд анхааруулгын тэмдэг!” гэсэн зургийг оруулж, өөрийнхөө ганц бие болсныг хэн бүхэнд зарлаж орхилоо. Харин G-Dragon-ны зүгээс ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Энэ хооронд хосуудын сайн найз нэгэн эрхэм “G-Dragon, Kiko хоёр бол хэн хэн нь ажилдаа хамаг анхаарлаа хандуулдаг хүмүүс. Ялангуяа сүүлийн үед “Big Bang” хамтлаг эргэн нэгдэж, аялан тоглолтын ажилд орсноос хойш хосууд уулзаж, бие биендээ цаг гаргах бараг боломжгүй болсон. Яг энэ шалтгаанаар хосууд урьд нь ч олон удаа салж нийлж байсан. Одоо бол уулзах чөлөөт цаг байхгүйгээс гадна бие биедээ зориулах онцгой сэтгэл ч алга болсон. Тэд бараг эргээд огт нийлэхгүй болов уу” гэсэн байх юм. Хэдийгээр G-Dragon, Kiko Mizuhara нар хэзээ ч өөрсдийгөө албан ёсоор хосууд хэмээн зарлаж, хамтдаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй ч сүүлийн 5 жилийн туршид тун ч ойр дотно, хамт байгаа нь шүтэн бишрэгчид, папараци гэрэл зурагчдын ачаар тодорхой байсан юм.
