“Камертон” хамтлаг 20 жилийн ойгоо угтлаа
Одоогоос 20 жилийн өмнөх энэ өдөр /06-24/ Монголын рок поп хөгжмийн урсгалын шилдэг хамтлаг “Камертон” үүсгэн байгуулагджээ. Балчир насны дөрвөн хөвгүүнийг өнөөгийн өндөрлөгт чухам юу хүргэв ээ гэж үү? Хүүхэд насны гэгээхэн нөхөрлөл, хүсэл мөрөөдөл, урлагт хайртай чин сэтгэл тэднийг нэгдүүлжээ. Алдаа бүрээсээ суралцаж, амжилт бүхнийг урам болгож, уран бүтээл хэмээх том зорилгод нэгдэж, түүндээ үнэнчээр тэмүүлж, хамтдаа дуулж, нөхөрлөсөн хөвгүүдийн томоохон амжилтын эхлэл нь яах аргагүй алдарт "18 нас" анхны хит дуу нь байсан билээ. Монголын орчин үеийн хөвгүүдийн хамтлагуудын анхдагчид хийгээд хамгийн удаан хугацаанд оршин тогтнож байгаа “Камертон” 20 жилийн хугацаанд тэсрэлт хийсэн олон арван дуун бүтээл, хамгийн өндөр борлуулалттай цомгууд, шинэлэг үзэгдэл, найруулгаар баялаг тоглолтуудын эзэн гээд олон тодотголоор тэднийг алдаршуулж болно. “Камертон” хамтлагийн түүхийн онцгой нэгэн үе нь 2005 оноос хойш хамтлагийн тус тусдаа цомог гаргаж, соло замналаа эхлүүлж байлаа. Ганцаарчилсан төрөлд хамгийн амжилттай нь хамтлагийн ахлагч Д.Болд байсан бөгөөд тэрээр “Хайрын хүч” анхны бие даасан цомгоо 2005 онд гаргаснаас хойш поп, dance, r&b гээд орчин үеийн хөгжмийн урсгалаас гадна монгол поп урсгалыг хөгжүүлж, үндэсний урлагаа орчин үеийн хөгжмийн урсгал, хэв маягтай төгс хослуулж чадсан билээ. Аливаад анхдагч байр сууриа хадгалж, үргэлж шинийг санаачилдаг түүний шаргуу, хөдөлмөрч чанарыг төр түмэн нь хүртэл өндрөөр үнэлж, Төрийн соёрхолт дуучин хүндтэй цолоор шагнасан. Энэ нь ч мөн “Камертон”-ы бас нэгэн амжилтын түүх гэж хэлж болно. “Камертон” түүхэндээ албан ёсоор тарсан хэмээх мэдэгдэл нэг ч удаа хийж байгаагүй бөгөөд гагцхүү уран бүтээлийн завсарлагатай үе байсныг нэрлэж болно. Тэдний багагүй хугацааны дараах шинэ уран бүтээлийн эргэн ирэлт нь өнгөрсөн жилийн “Асах гэрэл” байсан бөгөөд одоо их ойдоо зориулсан томоохон уран бүтээл, тоглолтыг төлөвлөж байгаа юм. Дуучин Д.Болд мэргэжлийн цогц үйл ажиллагаатай “B” продакшныхаа нээлтийг өчигдөр “VIBE-105.5” радиогоороо нээж, давхар хамтлагийнхаа 20 насны төрсөн өдрийг сонсогч, фенүүдтэйгээ мартагдашгүй тэмдэглэн өнгөрүүллээ. Бусад гишүүдийн хувьд, дуучин Мээдээ энэ онд “UBS” телевизийн “Universe Best Songs” наадамтай хамтран ажиллаж, шүүгч хийх авъяасаа хөгжүүлж, одоо нэлээд туршлагатай шүүгч, зөвлөгч болоод байгаа. Харин дуучин Ганаа мөн л телевизийн салбарт хүч үзэж, “Ганаа мэргэжлээ сольсон нь” хэмээх нэвтрүүлгээрээ фенүүдтэйгээ уулзаж байсан бол сүүлд телевизийн захирлын хариуцлагатай сэнтийд заларсан сурагтай байсан. Мэдээж Эбаг бүгд газар тариалангийн салбарт томоохон төлөөлөгч болсныг мэдэж байгаа. Цаг хугацаа улиран өнгөрч, тэд хэдий хувийн амьдрал, бизнесдээ ихэнхи анхаарлаа хандуулж байгаа ч “Камертон”-ы бидэнд бүтээж, бэлэглэсэн дуу хөгжим хамгийн үнэ цэнэтэй хэвээр билээ. Их урлагт хувиршгүй сэтгэл, зогсолтгүй хөдөлмөрөө зориулсаар яваа “Камертон” хамтлагт 20 жилийн ойн баярын мэндийг монголын мянга мянган фенүүд нь дуу нэгтэйгээр дэвшүүлж байна. “Камертон”-ы дуунууд үе үеийн залууст үнэнч хайр, амьдралын баяр гуниг, сайн муу дурсамж бүхнийг бэлэглэсээр...
