Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ливаны Хезболла бүлгийг террорист байгууллага гэж үзжээ

Ливаны Хезболла бүлгийг террорист байгууллага гэж үзжээ

Ойрхи Дорнод дахь Исламын шашинтнуудын ил, далд зөрчил мөргөлдөөн хурцадсаар байна. Саудын Араб улс Исламын Шийт урсгалыг баримталдаг Ираны Засгийн газрын эсрэг тэмцсээр байна. Ливан дахь Ираны ойрын холбоотон Хезболла бүлгийг Арабын холбооны орнууд террорист байгууллага гэж буруутгалаа.

Египетийн нийслэл Каир хотод Арабын холбооны гишүүн 22 орон цугласан байна. Тэдний ихэнх нь Хезболлаг террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж үзжээ. Энэ уулзалтыг Саудын Араб улс нэн яаралтайгаар уриалан зохион байгуулсан байна. Арабын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтанд Ливан улсын гадаад хэргийн сайд Гибран Бассиль оролцоогүй. Мөн Иракын Гадаад хэргийн сайд Ибрахим аль Жаафари оролцоогүй байна.

11 дүгээр сарын 4-ний өдөр Саудын Арабын нийслэл Рияд хотын ойролцоо Йемений Хоути босогчид пуужин харвасны дараа Иран, Саудын Арабын харилцаа тун эгзэгтэй болоод байна. Саудын зүгээс Ираны Засгийн газрыг Йемений Хоути босогчдыг зэвсгээр хангасан гэж үзэж байгаа юм. Хоёр улсын зөрчил Ливан улсад нөлөөгөө үзүүлж байна гэж ажиглагчид харж байгаа юм. Ливаны Ерөнхий сайд Саад харири Исламын Суннит урсгалыг баримталдаг ч албан тушаалаасаа татгалзаж, эх орноосоо зугтаж Франц улсад байна. Ливанд Исламын шашны Шийт урсгалыг баримталдаг Хезболла бүлэг улс төрийн бие даасан хамгийн том хүчин болоод байгаа юм. Тиймээс Саудын Араб улс Хезболла зэвсэгт бүлгийг цэвэрлэх алхмаа ийнхүү эхлүүлж байна.

Энэ сарын 22-ны өдөр Ливаны тусгаар тогтнолын баяр болно. Энэ өдөр Франц улсад байгаа Ерөнхий сайд Саад Харириг эх орондоо эргэн ирнэ гэж найдаж байна.