Галт тэрэг 20 секунд түрүүлж хөдөлсөнд хүлцэл өчлөө
Японы нийслэл Токио-Цукуба хотуудын хооронд зорчигчид тээвэрлэдэг Цукуба Экспресс галт тэрэгний компани зорчигчдоосоо хүлцэл өчлөө. Хот хоорондын галт тэрэг хөдлөх ёстой цагаасаа 20 секундын өмнө түрүүлж хөдөлсөн байна. Орон нутгийн цагаар 9 цаг 44 минут 40 секундэд хөдлөх ёстой байсан галт тэрэг 9 цаг 44 минут 20 секундэд хөдөлжээ. Тиймээс зорчигчдод хүндрэл учруулсандаа хүлцэл өчиж байгаа тухайгаа нийтэлжээ. Галт тэрэгний удирдлагын ажилтан цагийн хувиараа шалгаагүйгээс болж цагаасаа 20 секунд эрт хөдөлсөн байна. Хэдийгээр энэ талаар нэг ч зорчигч гомдол мэдүүлээгүй боловч галт тэрэгний компани албан ёсоор хүлцэл өчсөн нь цахим ертөнцөд шуугиан тариад байна. Цахим сүлжээг идэвхтэй хэрэглэгчид Японы тээвэр зуучлалын компаний соёлыг шагшин магтжээ. Цукуба Экспресс шугамын галт тэрэг Токиогийн зүүн хэсгийн Акихабарагаас Цукуба хот хүртэл 45 минут явдаг байна. Дэлхийн хамгийн найдвартай галт тэрэг, метроны үйлчилгээтэй Япон улсад иймэрхүү алдаа гарах нь тун ховор үзэгдэл юм. Токио хотоос Кобе хот хүрдэг Токайдо метроны чиглэл дэлхийн хамгийн завгүй, хамгийн их хөл хөдөлгөөнтэй шугамд тооцогддог. Жилд 150 сая зорчигч тээвэрлэдэг байна.
