Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Герман хэл дээрх ижил хүйстнүүдийн тухай киног хоригложээ

Герман хэл дээрх ижил хүйстнүүдийн тухай киног хоригложээ

Турк улсын нийслэл Анкара хотод энэ сарын 16, 17-ны өдрүүдэд Герман хэл дээрх ижил хүйстнүүдийн тухай кинонуудыг театруудад гаргахаар төлөвлөж байсан байна. Гэсэн ч эрх баригчид иргэдийн дунд жигшил зэвүүцэл төрүүлж, террорист халдлагыг өдөөж болзошгүй гэж үзэн кино наадмын үеэр гаргах гэж байсан Германы бүтээлүүдийг хоригложээ.

“Ягаан амьдрал кино наадам 4” нэртэй арга хэмжээний үеэр кино театруудад ижил хүйстнүүдийн тухай 4 ч бүтээлийг үзэгчдэд танилцуулах гэж байжээ. Анкара хотын эрх баригчид хориг тавьсны дараа энэ арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс үндсэн хуулиар олгосон хүний эрхийг зөрчсөн гэж үзэн эрх баригчдыг буруутгаад байна. Турк улсад ижил хүйстнээ сонирхогчдыг хууль зөрчсөнд тооцдоггүй. Гэсэн ч иргэдийн дийлэнх нь сайнаар хүлээж авдаггүй. Тиймээс хотын захиргаа ижил хүйстнүүдийн тухай кино наадам нийгмийн цөөнхийг дэмжих биш харин ч эсрэгээрээ үзэн ядсан, дайсагнасан үзлийг өдөөж болзошгүй гэж хориг тавихаар шийдсэн байна. Нэн ялангуяа тэрсүүд үзэлтэй Исламын хэт даврагсдын хувьд халдлага үйлдэх сэдэл болж болзошгүй юм.

Кино наадам эхлэхээс өмнө, тодруулбал эрх баригчид хориг тавихаас өмнө цахим ертөнцөд эсэргүүцэгчид эсэргүүцлээ илэрхийлэн дайрч довтолсон байна. Анкара дахь Герман улсын элчин сайдын яам кино наадмыг санаачлан зохион байгуулах гэж байжээ. Германы улсын иргэд Турк улсад хоригдсоноос болж хоёр улсын харилцаа эмзэг таагүй байгаа энэ үед дахин нэг арга хэмжээг нь цуцалж таарлаа. Туркийн Засгийн газар Германыг улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна хэмээн шүүмжлэн буруутгаад байгаа юм.

Турк дэх ЛГБТ буюу ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах бүлгэмүүд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Исламын угшилтай Засгийн газрын дарамт шахалтанд эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдоллосоор байдаг. Истанбуль хотод жил бүр явуулдаг ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг хамгаалах жагсаалыг ойрын 3 жил дарааллан цуцалсан байна.