Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Найруулагч,жүжигчин Б.Наран-Эрхэс:“БҮХЭНД СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНД,

Найруулагч,жүжигчин Б.Наран-Эрхэс:“БҮХЭНД СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНД, ХАРИУ НЬ ОК”

TV ZONE : Сэтгүүлийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчидтай маань мэндчилэхийг урьж байна.

Б.НАРАН-ЭРХЭС: Сайн байна уу? Унших дуртай сэтгүүлийнхээ энэ эрхэм булангийн зочноор уригдсандаа баяртай байна. Намайг Батсуурийн Наран-Эрхэс гэдэг. Би СУИС-ийг кино найруулагч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд л шууд уран бүтээлийн ажилдаа орсон. Хамгийн сүүлд “Хорвоогийн мэлмий” гэдэг өөрийн шүлгэндээ зориулж шүлгийн клип хийж, үзэгчдэд хүргээд байна. Энэ уран бүтээлийнхээ клипэнд багшаа хүндэтгэн урьж оролцуулсан. Багш маань Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, бичгийн их хүмүүн Шагдарын Дулмаа. Энэ эрхэм хүний отгон шавь болсон хувь заяандаа талархаж явдаг. Тэр утгаараа өөрийнхөө бүтээлд багшаа мөнхжүүлж үлдээе гэсэн зорилгоор урьсан, багш маань ч сайхан хүлээж авсан.

TV ZONE : Кино найруулагч мэргэжлээр төгссөн хүн шүлэг бичиж, өөрөө түүнийгээ уншиж үзэгч уншигчдад хүргэж байна гэдэг их сонирхолтой байна. Өөрийгөө уран бүтээлч гэдэг талаасаа олон зүйлд сорихыг хүсч байх шиг байна.

Б.НАРАН-ЭРХЭС: Миний хувьд уран бүтээлч талаасаа ч хувь хүн талаасаа ч яруу найргийг хувь хүний хүмүүжил төлөвшилд чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг. Шүлэг яруу найраг хэчнээн яруу тансаг, ухаарал хайрлах гүн гүнзгий агуулгатай байх тусам хүүхэд залууст их зүйлийг өгнө. Түүнийг унших тусам өөрийн мэдэлгүй л их зүйлийг мэдэж, мэдэрч сурдаг. Монгол хэл бол яруу сайхан хэл, харин тэр яруу тансаг хэлбэрээрээ гагцхүү шүлэг яруу найраг, уран зохиолд л оршиж байдаг. Зүгээр өдөр тутмын энгийн ярианд тэр гайхамшигтай чанар нь төдийлөн агуулагдахгүй. Тиймээс уран бүтээлээрээ шүлэг яруу найргаар дамжуулж, өнөөгийн залууст ухаарал хайрлах, энэ гайхамшигтай зүйлээс их зүйлийг мэдэж, мэдэрч болох юм гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Ер нь урлагийг ойлгож мэдэрч сурсан хүн хэзээ ч муу хүн болдоггүй байх. Тэр хэрээрээ хувь хүмүүсээс бүрдэх нийгмийн хандлага ч өөрчлөгдөх юм гэсэн итгэл үнэмшил надад байдаг. Тийм болохоор миний өнөөдөр хийж байгаа уран бүтээл нэг ч гэсэн хүний зүрхэнд уярал, оюунд ухаарал хайрлаж байвал уран бүтээлчийн хувьд ажил маань үнэ цэнэтэй байх болно. Яруу найргийн ертөнцийг тэдний хэлээр, сонирхлоор нь өмнө нь нээхийг хүсч байна. Энэ зорилго, мөрөөдлийнхөө эхлэлийг ийнхүү мэргэжлийнхээ давуу талыг ашиглан хийж байна гэж хэлж болно.

TV ZONE : Уран бүтээлчийнхээ хувьд тавьсан зорилго тань их гэгээн санагдаж байна. Олон жил уран бүтээл хийж өөрийнхөө өнгийг олсон нийгмийн зүтгэлтнүүд л ийм зорилгыг өмнө тавьдаг гэж би боддог. Өөрийг тань юу ингэж хөтлөв?

Б.НАРАН-ЭРХЭС: Би багаасаа их ном уншдаг, шүлэг яруу найрагт дуртай байсан. “Уран жиргээ”, “Хүрэл тулга” гээд наадмуудад өөрийн бичсэн шүлгээрээ оролцдог байлаа. Ангийнхаа, сургуулийнхаа урлагийн тоглолт, наадмуудыг хөтөлдөг байсан. Арван жилийн сургуулиа төгсөөд Утга Зохиолын Үндэсний дээд сургуульд Сэтгүүлчийн ангид суралцаж байгаад, 1 дүгээр курсээ төгсөөд ахин СУИС-д шалгалт өгч, жүжигчин, жүжгийн зохиолчийн ангид элсэн орсон юм. Оюутан байхдаа бичсэн шүлгэндээ зориулж анхны клипээ хийсэн юм. Харин тэр клипэнд ажилласан зураг авалт, монтаж, найруулгын ажил төдийлөн таалагдаагүй болохоор ерөөсөө л өөрөө бүгдийг нь сэтгэлдээ хүртэл хийх хэрэгтэй юм байна гэж бодоод сургуулийнхээ Найруулагчийн анги руу шилжин суралцах болсон юм. Энэ саналаа Чаминчулуун багшдаа хэлж зөвлөлдсөний үндсэн дээр шийдэж, найруулагчаар үргэлжлүүлэн суралцсан даа. Энэ мэргэжилд дурлах, өөрийгөө сорих сонирхлыг маань хамгийн их дэмжиж байсан хүн бол миний аав. Аав маань сэтгүүлч мэргэжилтэй, яруу найрагч хүн байсан юм. Олон хүүхдийг яруу найрагт дурлуулж, яруу найргийн наадмуудад оролцоход нь бэлтгэдэг байсан юм. Би ч аавынхаа дэргэд суралцсаар бас шүлэг яруу найрагт дурласан.

TV ZONE : Дөнгөж оюутны ширээнээсээ холдоод их том зорилгын төлөө ийн хүчин зүтгэж эхэлсэн нь сайхан санагдаж байна. Тэр бүр зориглож хийхэд хүндхэн л дээ. Уран бүтээл бүтэх үйл ажиллагаанууд өртөг их өндөр, цаг зав их шаардагдана.

Б.НАРАН-ЭРХЭС: Надад тусалж дэмжиж байгаа хүн маш олон байна. Тиймээс ч надад “Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээгээ вэ” гэсэн дууны үг үнэхээр онож хэлсэн мэт санагддаг. Гэр бүл, найз нөхдөөс эхлээд уран бүтээлээр харилцсан хүн бүхэн л сайхан ханддаг. Уран бүтээлийг өнгө мөнгөөр үнэлэхээс илүүтэй зорьж хийж байгаа зүйлсийг сайхан сэтгэлээр дэмждэг бүх хамтрагчиддаа энэ дашрамд талархлаа илэрхийлмээр байна. Хамгийн гол нь багш нартаа баярлалаа. СУИС-ийн сургуулийг чанартай төгсөхөд Л.Дэмидбаатар багш, МУГЖ Л.Чаминчулуун багш нар маань үнэхээр сэтгэлээ гаргаж тусалсан, дэмжсэн сургасан. Мөн Шагдарын Дулмаа гэж Монголын утга зохиолын эрдэнийн шигтгээ болсон гайхалтай эмэгтэйчүүдийн нэг шүү дээ. Намайг өдийхөн жаахан байхаас маань өнөөг хүртэл зааж зөвлөж, шүлгийг минь гололгүй уншиж, зөвлөгөөгөө харамгүй өгдөг гайхамшигтай хүмүүс дээ. Та нар маань урт удаан насалж, эрүүл энх байгаарай гэж энэ сайхан боломжийг ашиглан хэлмээр байна. Тэдний маань аливаад чин сэтгэлээсээ хандаж бай, хариу нь чамд заавал ирнэ ээ гэдэг үг үргэлж надад бодогддог. Яагаад ч нэг зүйлийг оромдож өнгөрч болохгүй гэдгийг надад бүр тамгалаад өгсөн мэт санагддаг.

TV ZONE : Өөрт чинь их том боломж, олон давуу талууд байна. Энэ сайхан гоо үзэсгэлэн, залуу нас, эзэмшсэн мэргэжил, билгэ авьяас, дээр нь хөдөлмөрч чанар. Шүлэг бичээд л, өөрөө уншиж хүргээд л, найруулаад л өөрөө дүрээ бүтээгээд л... энэ дундаас өөрийгөө олохоор зүтгээд байна уу?

Б.НАРАН-ЭРХЭС: Энэ бол зөвхөн эхлэл. Магадгүй таны хэлж байгаа үнэн байх, өөрийгөө олох гэж. Гэхдээ би их том зорилго өмнөө тавьсан. Түүхэн киноны зохиол бичиж, өөрөө найруулахыг хүсэж мөрөөддөг. Энэ бүхнийг би ганцаараа хийхгүй шүү дээ. Өнөөдөр ч миний үеийн залуучууд хамтарч ажиллаж байна. Яг одоо Анардөлгөөн гэдэг найзтайгаа хамтран “Younger” гээд продакшнаа нээж ажилуулж байна. Видео клип бүтээх, урлагийн чиглэлээр их дээд сургуульд суралцах хүүхдүүдийг мэргэжлийн чиглэлээр бэлтгэх сургалт явуулж байна, хүүхдийн хэл яриа зүгшрүүлэх сургалтууд эрхэлж байна. “Би ирлээ” нэртэй уран сайхны киноны зохиол дээр продакшнаараа ажиллаж байна. СУИС-ийг төгссөн нэгэн үеийн залуучууд хамтарч ажиллаж байна даа.

TV ZONE : Наран-Эрхэс гэдэг нэр их содон нэр юм. Тэр утгаараа ч уран бүтээлийг үзээд эхлэхээрээ үзэгчдэд их тод үлдэх байх. Найруулагч Наран-Эрхэс, жүжигчин Наран-Эрхэс гээд ер нь аль тодотголыг нь өөртөө авмаар байна.

Б.НАРАН-ЭРХЭС: Би залуу хүний эрч хүчээр бүх зүйлийг хийж, туршиж үзэхийг хүсдэг. Гэхдээ дуртай зүйлээ шүү дээ. Хэдхэн жилийн өмнө би Торго салонд загвар өмсөгчөөр суралцаж, загвар өмсөгчөөр өөрийгөө сорьж байлаа. Өдөр тутамдаа үндэсний хувцсаараа гоёх дуртай. Тэр ч утгаараа үндэсний хувцасны загварыг өөрөө гаргаж, загвар зохион бүтээх дуртай. Ер нь яг энэ чиглэлээр ажиллана гэдэг маань цаг хугацаа харуулах байх.

TV ZONE : Сошиал ертөнц гэж нэг хийсвэр хэрнээ бодитой ч юм шиг орчин хэдийнээ бий болжээ. Тэнд хувь хүн өөрийн нүүр хуудсаараа гаргаж байгаа зүйл нь өөрийг нь бүрэн илэрхийлж болохоор санагддаг. Өөрийн тань хувьд яг л энд надтай яриад сууж байгаа гэгээн бодол, бусдыг гэгээлэг зүйлд уриалан дуудсан өнгө төрх анзаарагддаг. Тэнгэр заяат түмэн олон минь ... гээд таны мэдээллүүд эхэлдэг.

Б.НАРАН-ЭРХЭС: Баярлалаа. Та үүнийг онцолсонд маш их баяртай байна. Ухаалаг утас хэрэглэж чадах хүн болгоны бараг “амьдардаг” гэж хэлж болох энэ сошиал ертөнцийг зөв ашиглаж чадвал маш том боломж, маш том орон зай. Харин буруугаар ашиглавал аймшигтай зэвсэг гэж хэлж болно. Тэнд сайн санаа, муу сэдлээр  хэрэглэж байгаа түмэн “үг” бий. Ямар ч агуулгаар бүр давалгаа үүсгэж болно. “Би”-гээр өвчилсөн хэн ч тэнд хүссэнээ хийж байна. Энд хяналт, ухамсар хэрэгтэй байна. Миний хувьд энэ орон зайг бусдыг уриалах, гэгээрүүлэх, сайн сайханд “уруу татах”, өсвөр үеийг үлгэрлэн дагуулахад ашигламаар санагддаг. Би өөрөө ч үүнийгээ хэрэгжүүлж байгаа гэж боддог. Алхам тутам, цаг тутамдаа Монголчууддаа тэднийг Тэнгэр заяатай шүү гэдгийг нь сануулмаар санагддаг. Бид үнэхээр тэнгэр заяатай ард түмэн. Агуу түүхтэй, тусгаар улсын иргэд яагаад энэ бүхнээ ухамсарлаж, түгээн дэлгэрүүлж, бахархаж чадахгүй байна. Монгол хүн болж, энэ газар нутагт төрснөөрөө бахархаж, өв соёл, зан заншлаа мэдэж, өвөлж, түүнд хязгаарлагдан баригдахгүй ч хүндэтгэж явах нь үндэстний дархлаа гэж боддог. Гэтэл харийн соёлыг шүтэж, тэнд л аз жаргал, амьдрал байгаа мэт туйлшран зүтгэх нь ирээдүйд энэ улс орныг авч явах одоогийн өсвөр үе, залуучуудын ухамсарт хамгийн хортой зүйл гэж би боддог, эмээдэг.

TV ZONE : Үүний төлөө яг юу хийж чадах вэ?

Б.НАРАН-ЭРХЭС: Надад чадах зүйл бол уран бүтээлээрээ л үүнийг түгээн дэлгэрүүлэх, уриалах гэж би бодож байна. Би яагаад дуу гэхээсээ илүүтэй шүлгийг дүрсжүүлж хүргээд байна вэ гэхээр дууны үгнээс илүүтэй, яруу найраг шүлэг хэлбэрээрээ хүнд илүү хүрдэг. Дууны яруу найргаар зохиогч төдийлөн хэлье гэснээ хэлж чадахгүй болов уу. Аялгуундаа баригдана, дуучин яаж хүргэх билээ, сонсогч тогтож сонсох уу гээд олон зүйл бий. Харин шүлгийг зориод сонсох хүн бол үг үгээр нь нарийн сонсоно шүү дээ.

TV ZONE : Уран бүтээлч Наран-Эрхэсийн хувьд зөв яваа залуусын нэг. Харин өнөөдөр үе тэнгийнхэндээ хандаад хэлмээр санагддаг зүйл юу байна.

Б.НАРАН-ЭРХЭС: Залуучууд үнэхээр сурч мэдье гэсэн сайхан эрмэлзлэлтэй болсон санагддаг. Тэрдундаа урлагийн салбарынхан дандаа л шинийг эрэлхийлж, шинэлэг санаа, бүтээлээрээ сайхан өрсөлдөх хандлагатай байна. Бусад салбарт ч хүчин зүтгэж байгаа залуучууд бахархмаар байна. Харин сайны хажуугаар саар зүйл ч бий. Магадгүй тэр нь байж байж сайн нь тодорч харагддаг байх. Өнөөгийн залуус дунд тэрдундаа эрчүүдээс маань эмэгтэйлэг зан төрхтэй эрчүүд олширч байх шиг санагдах юм. Хоёулаа дээр ярилцсан шүү дээ. Сошиал ертөнцийн нээлттэй байдал хэтэрснээс болж ийм хандлагатай залуучууд өсвөр үеийнхэнд нөлөөлж байна. Хүний эрх гэдгийг хэтийдэж ойлгосноос бусдыг уруу татах, хандлагыг нь өөрчлөх энэ мэт зүйл миний санааг үнэхээр зовоодог. Тэгэхээр нь энэ орчныг зөвөөр ашиглаж, унших үнэ цэнэтэй ном зохиол, хичээл зүтгэлд цаг заваа зарцуулаасай. Өөрийнхөө дотоод ертөнц рүү харж, өөртөө зөв цаг заваа зарцуулж сураасай гэж залуучууддаа хэлмээр байна.

TV ZONE : Энэ өнөөгийн нийгмийн тусгал болохоор өсвөр насныхныг буруутгах аргагүй гэж боддог. Тэднийг зөв хандлагатай болгоход юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

Б.НАРАН-ЭРХЭС: Хувь хүн өөрөө л өөрийгөө залж чадна. Хамгийн гол нь унших, мэдэх, ухаарах хэрэгтэй. Энэ нь таны дархлаа байх болно.

TV ZONE : “Хорвоогийн мэлмий” хэмээх шүлгээрээ өөрийн дотоод ертөнцийг илэрхийлж, уран бүтээлийн гараагаа эхэлж байгаа найруулагч, жүжигчин Б.Наран-Эрхэст TV ZONE сэтгүүлийн маань Дугаарын зочны урилга их том урам өгсөн байх гэж найдаж байна. Уран бүтээлд нь өндөр амжилт хүсье. Үргэлж гэгээлэг зорилго нь дараагийн зорилгоо тодорхойлж байх болтугай.

Б.НАРАН-ЭРХЭС: Маш их баярлалаа. Ийм том урам авсан хүн дараагийн уран бүтээлүүддээ илүү их хичээж чин сэтгэлээсээ, үнэ цэнэтэй хандах нь мэдээж. Уншигчдад танилцуулж намайг уран бүтээлчийн маань хувьд урьсан TV ZONE сэтгүүлийнхээ хамт олонд баярлалаа. Хамтарч ажиллахад үнэхээр урамтай юм. Зочиндоо хүндэтгэлтэй хандаж, урам хайрласан танай сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Мөн энэ сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхэд гайхалтай дүр төрхийг бүрдүүлж өгсөн “3D Giimaa” салоны стилист Баярчимэгтээ баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРАГЧИН: В.ЦЭНД-АЮУШ

НҮҮР БУДАГ, ҮС ЗАСАЛТ: 3D GIIMAA САЛОН /9999-2871/