2018 оны Пиреллийн хуанли гарлаа
Жил бүрийн эцсээр хязгаарлагдмал тоогоор гарч, спорт, тансаг загварын автомашин үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд, томоохон баячууд, мөн сэтгүүлч нарт тараагддаг Италийн алдарт Пирелли хуанлийн 2018 оны дугаар гараад байна. 1960-аад оноос хэвлэгдэн гарч эхэлсэн энэхүү хуанли ихэнхдээ алдартай загвар өмсөгч, жүжигчдийн хагас нүцгэн зургаар хуудсуудаа чимдэг бол энэ удаад бодлого чиглэлээ нилээд өөрчилж, нийгэм рүү хандсан байдлаар гаргасан байна. Энэ удаагийн хуанли-д зөвхөн өнгөт арьст алдартнуудыг сонгон оролцуулсан бөгөөд сэдвийн хувьд Английн алдарт зохиолч Льюис Кэрролийн "Алиса гайхамшгийн оронд" зохиолыг сонгосон нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Их Британий Vogue сэтгүүлийн анхны өнгөт арьст редактороор тодроод байгаа Эдвард Эннинфул 2018 оны Пирелли-гийн календарийн ерөнхий найруулагчаар ажилласан бөгөөд тэрээр загвар өмсөгч Даки Тот, Адвоа Абоа, Наоми Кемпбелл, Ру Пол, жүжигчин Джимон Хонсу, Вупи Голдберг, Люпита Нионго, Дидди хочит реппер Шон Комбс зэрэг өнгөт арьст алдартнуудыг гардан сонгосон ажээ. Харин гэрэл зурагчнаар Тим Уокер ажиллажээ. Үлгэрийн, зүүдний гэмээр орчныг бүрдүүлж, хурц тод өнгөөр тоглосон хэв загвар бүхий 28 хуудастай 2018 оны Пирелли-гийн календарийг бүтээхэд нийтдээ 2 сая ам.доллар зарцуулагдсан байна. Энэ нь Пиреллиг-ийн хуанли-д дан өнгөт арьстнуудыг оролцуулсан хоёр дахь тохиолдол бөгөөд анх 1987 онд Африкийн бүсгүйчүүдийн гоо сайхан, тус тивийн үнэт эдлэл, чимэглэлийг дэлхийн нийтэд танилцуулах үүднээс өнгөт арьст загвар өмсөгчдийг сонгон оролцуулж байсан түүхтэй юм.
