3 охин:Бидний “ХЭМНЭЛ Таны ЗҮРХЭНД”
TV ZONE: Охидын хамтлаг уддаггүй гэдэг яриа бий. Хэд хэдэн охидын хамтлаг тарсан ч “3 Охин” 17 жилийг ардаа үджээ. Нууц юунд байна вэ? Мөн рок поп урлагт охидын шинэ хамтлагийн орон зай хэр байгаа бол?
Ану: Охидын хамтлаг удахгүй тардаг гэдэг энэ яриа магадгүй урлагийн эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд, карьер нь тодорхой хэмжээнд зогсонги байдалд ордог, уран бүтээлээсээ хөндийрдөг цөөн тохиолдлоос болоод гарсан байх. Бид гурвын хувьд урлаг бол залуу насны карьер гэсэн өнцгөөс хардаггүй. Багаасаа зорьж ирсэн зорилго учир эмэгтэй хүний хувьд амьдрал зохиож, үр хүүхэдтэй боллоо ч гэсэн урлаг хэзээ ч бидний амьдралаас тусгаарлагдахгүй. Урлагтай нягт холбоотой өдийг хүртэл явж ирсэн учраас хувь, хувьсгалаа аль алиныг нь зохицуулаад, хамтад нь авч явж ирсэн. Аливаа зүйлийн үндэс суурь нь юун дээр суурилснаас тэр зүйл хэр том болж ургах нь шалтгаална, тиймүү? Маш гоё халуун хүсэл эрмэлзэл, бие биенээ гэсэн ойлголцол, хүндлэл, хайр дээр бидний уран бүтээл тогтддог учраас өдий хүртэл та бүхэндээ дуу хуураа хүргэж яваа.
Соло: Монголд охидын хамтлагийн шинэ орон зай үргэлж нээлттэй байдаг гэж боддог. Урлагт төдийгүй, амьдралд эмэгтэй хүн маш гоё өнгийг нэмж байдаг. Тийм болохоор шинэ залуу охидын хамтлаг гарч ирэх болгонд бид гурав маш баяртайгаар хүлээж авдаг, дэмждэг.
TV ZONE: Нэг хэсэг “Киви”, “3 Охин”-ыг өрсөлдөгчид гэдэг байсан. Та бүхэн өрсөлдөгчтэй юу?
Соло: Өрсөлдөгч гэх юм бол мэдээж уран бүтээлээрээ өрсөлдөх зүйл байдаг. Үүнийг үзэгч, сонсогчид маань өөрсдөө бий болгодог. Гэхдээ тухайн уран бүтээлчийн өнгө төрх гэдэг зүйл өөр, өөр учраас, өөрсдийн стиль жанрт тохирсон уран бүтээлээ л хийж гаргадаг. Харин өрсөлдөхийн тулд уран бүтээл хийж, дуу гаргадаггүй. Үзэгчиддээ болон өөрсдөдөө ийм байвал гоё юм болов уу гэсэн үүднээс шинэ уран бүтээл гардаг. Тэр маань үзэгч, сонсогчдод өрсөлдөөн болж харагддаг байх л даа. Кивигийнхний хувьд мундаг авьяастай, хөөрхөн охид. МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа гэдэг шиг үзэгчдийн зүгээс “Киви”, “3 Охин”-ыг харьцуулж, өрсөлдүүлж ирсэнд бидний хувьд баяртай байдаг. Хэрвээ биднээс өөр ямар ч охидын хамтлаг байхгүй, манай хамтлаг л байсан бол өдий зэрэгтэй амжилтанд хүрч, уран бүтээлүүд маань чанаржиж гарах уу? үгүй юу? гэдэг зүйл яригдана шүү дээ.
TV ZONE: “Үүр цайгаасай” УСК гайхалтай уран бүтээл болсон байсан. Аннадаа тусгайлан баяр хүргэе гэж бодож байсан ч хамар дороосоо алдчихлаа /инээв/. Хамтлагийн тоглолтонд “Анна” энтертайнмэнтийн оролцоо хэр байгаа вэ?
Соло: Анна маань тоглолтын дүрс хариуцсан болохоор яараад явчихлаа. Ер нь бол бид гурвуулаа ажлаа хувааж авч хийгээд сурчихсан. “За би энийгээ хийе, чи энийг хий...” гээд хуучныхаараа хариуцаад авчихаар маш амар байдаг. Мэдээж бидэнтэй хамтарч маш том баг ажиллаж байгаа. Хэвлэл мэдээлэл талаасаа хэвлэлийн төлөөлөгч, контент талаасаа хариуцсан хүн гээд баг ажиллаж байна. Үүнтэй адилаар “Анна” энтертайнмэнтийн маань хувь нэмэр маш их байлгүй яахав. Нэг маань өөрийн гэсэн энтертайнмэнттай болоод, өөрийн гэсэн уран бүтээлээ хийж эхэлж байгаад бид бахархаж, бие биенээ үргэлж дэмжиж, тус нэмэр болж байвал өөрсдөө ч их баяртай байдаг /инээв/.
TV ZONE: Соло уран бүтээлдээ бие биенээсээ дэмжлэг авдаг уу? Эсвэл тус тусдаа ганцаарчлан ажиллахыг эрмэлзэж байна уу?
Соло: Энэ жил бид ярилцаад хамтарсан цомог гаргахаас гадна тус тусдаа соло цомгуудаа гаргахаар болсон. Ер нь бол бие биеэ даагаад тусдаа гарна гэж хэзээ ч байхгүй. “...Ану чиний хоолойн тембр, имиж ийм учраас иймэрхүү цомог гаргавал зүгээр ..” гэхчилэн нэлээд сайн ярилцаж байж соло цомгуудаа эхлүүлсэн. 3 Охин хамтлаг бол нэг гэр бүл. Дээр хэлсэнчлэн бие биенийхээ тус дэмийг бага ч болтугай авч, хэн хэндээ тус дэм болохыг зорьдог. Тийм учраас “ийм байвал чамд зохино, би иймэрхүү чиглэлээр дуулвал яаж байна, чи хэнтэй хамтарч ажиллах гэж байна вэ? тэгвэл би энэ уран бүтээлчтэй хамтарч ажиллъя” гэж ярилцсаны үндсэн дээр соло цомгуудын ажил амжилттай явагдаж байгаа. Ану, Анхмаа хоёр маань цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Миний хувьд хоёр ч соло цомгийн ажилд зэрэг орчихсон явж байна. Ocean Grey студитай хамтарч поп цомог хийж байгаа бол нөгөө цомгоо Mint клубтэй хамтарч, Б.Тэмүүлэн продюссертэй ажиллаж байна.
Ану: Та бүхэн Oki нэрээр нь андахгүй мэдэх “Нэгүн” студийн захирал Б.Одбаяр ангийнхаа андтай хамтран цомгийнхоо ажилд орсон байгаа. Хөгжим бүжигт Соло бид гурав нэг анги байсан. Oki-г хүмүүс Киви хамтлаг, дуучин Ука болон киноны олон сайхан хөгжмийг хийж томоохон шагнал хүртсэнээр нь сайн мэдэх байх.
TV ZONE: Хамтлаг анх байгуулагдаж, олонд танигдахад “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэнгийн дэмжлэг их байсан гэдэг шүү дээ. Яг одоо хамтлагийн албан ёсны продюссероор хэн ажиллаж байгаа бол?
Ану: Тэгэлгүй яах вэ, биднийг анх урлагт хөл тавьж байхад халуун дотноор хүлээж авсан хүмүүсийн нэг бол Лхагваа ах маань юм. Лхагваа ахаасаа бид хамгийн анхны “Чам руу тэмүүлнэ” дуугаа авч байсан. Энэ дуугаараа хамтлаг маань бага ч гэсэн танигдаж эхэлсэн гэж боддог. Тэр цагаас хойш олон продюссертай хамтарч ажиллалаа. “B” продакшн Төрийн Соёрхолт Д.Болд ахтай хамтарч хоёр ч цомгоо гаргасан. Яг одоогийн байдлаар бол “Хэмнэл зүрхэнд” цомгийнхоо продюссероор бид гурав өөрсдөө ажилласан. Ocean Grey студийн авьяаслаг залуус Ариука, Нацагаа хоёртойгоо хамтраад таван залуу уран бүтээлчийн гайхалтай хамтын ажиллагааны үндсэн дээр шинэ цомгийн дуунууд маань бүтсэн. Өмнөх бүтээлүүдэд продюссеруудын өнгө төрх, үзэл бодол шингэдэг байсан бол энэ удаа бид гурвыг арай өөр өнцгөөс харуулах, үзэл бодол өнгө төрх, дуугаралт сонсогдох болов уу гэж бүгд л маш их догдлон хүлээж байна.
TV ZONE: Хамтлагийн экс гишүүн Уянга хаана, юу хийж байгаа вэ? Та нар холбоотой байдаг уу?
Соло: Холбоотой байдаг. Уянга маань гэр бүлийн хамт АНУ-д амьдарч байгаа. Хөгжмийн сургуульд төгөлдөр хуур болон дуулаачаар багшилдаг. Бид гурав АНУ-д очихоороо Уянгатайгаа уулздаг. Ану бид гурав нэг анги шүү дээ. Тийм болохоор бид мөнхөд холбоотой байна. Уянга маань ч гэсэн тоглолт боллоо гэхэд туслуулах зүйл юу байна вэ? гэж байнга асууж, санаа тавьж байдаг. Ер нь тэгээд найз нөхөд гэдэг өдөр болгон ярьж, өдөр болгон уулзахдаа гол нь биш. Дотоод сэтгэлээрээ холбоотой байх нь нөхөрлөл гэж ойлгодог.
TV ZONE: Сүүлийн жилүүдэд “3 Охин” диско, клуб даанс дуунуудаараа доргиож байна. Өмнө нь клубт орсон залуус хүссэн хүсээгүй ихэвчлэн гадаад дуунд бүжиглэдэг байлаа шүү дээ. Монголын энтертайнмэнт урлаг дахь энэ хоосон орон зайг олж харж, түлхүү анхаарч байгаа уран бүтээлчиддээ хувьдаа талархдаг шүү.
Соло: Монгол поп гэдэг шиг үү? /инээв/. Үндсийг нь бол Болд ах “Монгол поп” 1, 2 цомгоороо тавьчихсан шүү дээ. Болд ах: “Монгол поп гэхээр зөвхөн би цомог гаргах биш, тэртээ тэргүй үндсийг нь тавьчихсан учраас та нар ч гэсэн Монгол поп цомгуудыг гаргаж болно шүү дээ. Заавал уянгын биш даанс мөртлөө, поп монгол аялгуу орсон, ямар ч байж болно...” гэж хэлж байсан юм.
TV ZONE: Монголын хамтлаг дуучдын доргио дуунууд гардаг ч клубт цуглагсад тэр бүр гадаадын Хит дуунуудыг сонсож, хэмнэл ритмийг нь хүлээж авч байгаа шигээ биш байдаг шүү дээ.
Соло: Монгол даансыг Mint клубын Тэмүүлэн продюссер маань нэлээд хөгжүүлж байгаа. Сонсоод “Гадаад хүн дуулждээ...” гэж бодож байсан зарим дууг Тэмүүлэн хийгээд, монгол дуучид дуулсан байсан. Тэгэхээр энэ бол аль хэдэн жилийн өмнөөс эхэлсэн ажил. Миний хувьд Mint клубтэй хамтраад “Find me” дуу гарсан. Цомгоо ч бас “Find me” нэртэйгээр гаргаж байгаа. Ер нь бол манай хамтлаг болон бидний ганцаарчилсан дуунууд маань тасралтгүй хүрсээр байх болно.
TV ZONE: Уран бүтээл “тасрахгүй” гэдгийг сонсох таатай байна. Хамтлаг дуучид маш эрчимтэй явж байгаад, нэг том тоглолт хийснийхээ дараа өөр зүйл хийгээд алга болчихдог.
Соло: Бидний хувьд тийм зүйл байхгүй ээ. Яахав соло цомгуудаа хийж байгаа гэхээр, “Өө танайх тарчихсан юмуу?” /инээв/ гэдэг ч юмуу, тиймэрхүү асуулт хэсэг ирж байгаад тоглолт, цомгийн мэдээлэл гарсанаар хүмүүсийн санаа амарчих шиг болсон. Соло карьер хөөнө гэдэг нь “3 охин” хамтлаг гэдэг нэг төрх, мөн Ану, Соло, Анхмаа гэсэн тус тусдаатөрх, нийтдээ дөрвөн өөр төрх гаргаж ирэх л юм. Ер нь хамтлаг, дуучид өөрсдийн байр сууриа олж, тодорхой нэг амжилтанд хүрэхээрээ заавал соло уран бүтээлээ хийдэг нь бичигдээгүй хууль гэдэг шиг уран бүтээлч, хамтлаг болгонд байх ёстой юм болов уу гэж боддог.
TV ZONE: Он цагийн уртад хамтдаа юу эсийг үзэж туулсан байх. Та бүхний хувьд өнгөрсөн хугацаанд тулгарсан хамгийн хүнд хэцүү үе юу байсан бол? Хэрхэн давж туулсан талаараа хуваалцахгүй юу?
Соло: Хамгийн хүнд хэцүү юу? /бодолхийлэв/ Хүнд хэцүү гэхээсээ илүү хамтлаг, хувь уран бүтээлчийнхээ зүгээс сурч мэдсэн үеийнхээ тухай хуваалцъя гэж бодож байна. 2006 онд Солонгосын “DR music” компанийн урилгаар гурван сар Солонгост бэлтгэл хийж, Солонгосын одууд яаж бэлтгэгдэн, яаж гарч ирдэгийг өөрсдийн нүдээр харж, сонсож, суралцаад ирсэн. Тухайн үед “DR music” та бүхний сайн мэдэх Rain, Baby Vox хамтлаг болон бусад уран бүтээлчдийг гаргаж ирж байсан. Энэ бол “3 Охин” хамтлагийн хувьд өөрсдийн түвшнийг нэлээд хэдэн шатаар ахиулсан том үйл явдал байсан гэж хэлж болно. Гол нь Солонгосын уран бүтээлчид олон жил өөрсдийгөө бэлдсэний дараа уран бүтээлүүдээ хийж эхэлдэг нь суралцууштай. Монголын уран бүтээлчдийн хувьд нөхцөл байдал нь өөр ч гэсэн энэ бүгдийг эрт мэдэж авснаараа бидний хувьд хийж байгаа нэг дуу, нэг уран бүтээлдээ ч гэсэн чанарыг урдаа тавьж байх зарчмын эхлэл тавигдсан юм болов уу гэж боддог. Өнөөдрийг хүртэл бид гаргаж байгаа клип, дуунуудаа Hero, V, Cross зэрэг сайн гэсэн студиудтэй хамтарч хүргэхийг зорьж ирсэн. Тиймдээ ч уран бүтээлүүд маань хүмүүст сайн хүрч чадсан гэж боддог.
TV ZONE: Соло, Ану хоёр дурлахаараа яадаг вэ? Гал халуун хайр, дурлалаа ямар уран бүтээлдээ шингэсэн байдаг бол? Яг одоо хэн нь дурлалтайгаа учирсан, бас хэн нь учраагүй байгаа талаар уншигч эрчүүд маань сонирхож байж магадгүй юм.
Ану: /Инээв/ Сонирхолтой асуулт байна. Хайр дурлал гэдэг зүйл хүнд эерэг сэтгэл хөдлөл, догдлолыг өгч байдаг. Хүн болгон дурлахаараа маш их баяр жаргалтай болдог байх. Миний хувьд дурлахаараа бүх зүйл яг хэвээрээ хэрнээ илүү өнгөлөг, илүү утга учиртай, илүү амттай, зурагт үзсэн ч сонирхолтой, бүхий л зүйл гоё амттай болж ирдэг. Тийм болохоор уран бүтээлийн тал дээр ч гэсэн дуундаа илүү гүнзгий орж, дууныхаа хэлэх гээд байгаа санааг илүү их мэдэрч дуулдаг юм болов уу. Уран бүтээлд маань заримдаа анзаардагддаг ч байж магадгүй.
TV ZONE: Дурласан сэтгэлээ шингээсэн бүтээлийн хувьд?
Ану: За тэрийг нууц хэвээр нь үлдээе.
TV ZONE: Соло дурлахаараа...?
Соло: Би бол дурлахаараа инээгээд л яваад байдаг. Хайр дурлал хүнд аз жаргалыг авчирдаг болохоор тэр байх. Яг одоо дурлалын эхэн үедээ явж байна.
Ану: За яриарай ... гэж үү /инээв/???
Соло: Ану, Анна хоёр мэдээгүй байгаа. Нуучихсан юмаа чамд хэлчихлээ /инээв/
Ану: За би ч энд ганжингаа баръя даа ... !!!
Соло: Мэдээж дурлал бол маш гоё. Хүнд сайн сайхан энергийг авчирдаг. Жигүүр ургуулдаг ч гэж ярьдаг. Яг одоо бол бие биенээ зайнаас харсан, инээсэн эхэн үедээ явж байна.
Мэдээж дуугаа дуулахдаа өнгөө алдахгүй ингэх ёстой гэж биш бүх дуундаа л сэтгэлээ шингээж дуулдаг. Тухайн үед хайр дурлалыг мэдэрсэн сэтгэлээр эсвэл хайр дурлалыг хүсч мөрөөдсөн сэтгэлээ дуундаа шингээж байж дуу амилдаг гэж боддог. Хайрыг мэдэрч үзээгүй хүн байхгүй. Бид яг л үзэгч, сонсогч та бүхэнтэйгээ адилхан уурласан, гомдсон, маргалдсан, эсвэл гоё аз жаргалтай романстай тэр бүх сэтгэлээ шингээж дуулна. Бидний дуулсан бадаг бүрээс аль хэсэг нь эсвэл ямар дуу чамд эсвэл бусад хүмүүст сэтгэлд нь бууж байна, яг тийм л сэтгэл хөдлөлөөр дуулсан гэсэн үг.
TV ZONE: Тоглолтын дараа юу хийхээр төлөвлөж байна вэ?
Соло: “Хэмнэл зүрхэнд” цомогт орсон “Хайр хэвээрээ” дууныхаа клипны зураг авалтанд орчихсон явж байна. Тоглолтын дараа хамтлагийн хувьд ярихад цомгийнхоо үлдсэн дөрвөн дууг клипжүүлэхийг зорьж байна. Он гараад аялан тоглолтууд болон томоохон хэмээний шоу тоглолт хийхээр яригдаж байгаа. Гэхдээ амламааргүй байна. Энэ жилдээ багтаад өөрсдийн бие даасан цомгоо гаргахаар зорьж байна даа.
Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул
