Нью-Йоркийн халдлагын үеэр амиа алдсан хүмүүс дунд Аргентины 5 иргэн байжээ
Орон нутгийн цагаар мягмар гаригт буюу 10 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын хөл хөдөлгөөн ихтэй Нью-Йорк хотод ачааны автомашин явган зорчигчдыг мөргөж 8 хүний амь насыг хороож, 11 хүнийг гэмтээж шархдуулсан хэрэг гарсан. Энэ халдлагыг Америкчууд терроризмын шинж чанартай гэж дүгнэсэн. Халдлагын үеэр амиа алдсан 8 хүний 5 нь Аргентин улсаас ирсэн найзууд байсан байна. Тодруулбал Аргентин улсаас 6 жуулчин ирсэн байсны 5 нь халдлагын үеэр амиа алдаж, 6 дахь жуулчин гэмтэж шархадсан ч азаар эсэн мэнд үлджээ. Тэд Аргентин улсын нийслэл Буэнос Айрес хотоос холгүй байдаг Розарио хотод политехникийн ахлах сургууль хамт төгссөн нэг ангийн хүүхдүүд байсан байна. Залуучууд ахлах сургуулиа төгсөөд 30 жил болсноо тэмдэглэн Нью-Йоркод аялж байжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд Бельги улсын нэг иргэн байсныг тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
9 дүгээр сарын 11-ний халдлагаас хойш Нью-Йорк хот харьцангуй амар жимэр байсан ч энэ удаагийн террорист халдлага хотыг дахин сэрээлээ. Халдлага үйлдсэн этгээд Узбек гаралтай 29 настай, Сайфулло Хабибулаевич Сайпов гэгч болохыг тогтоогоод байгаа. Гэмт этгээд Манхэттэнд бидний хэлдгээр пикап буюу хагас ачаатай машинаар халдлага үйлдсэнийхээ дараа хуурамч галт зэвсэг гаргаж ирэхийг оролдсон байна. Түүнийг зэвсэг барьсан мэт харагдсан даруйд цагдаа нар хэвлий хэсэгт нь буудаж шархдуулжээ. Гэмт этгээд хагалгаанд орж, амьд үлдсэн байна.
Сүүлд авсан мэдээллээр гэмт этгээд Нью Жэрсигийн Убер такси компанид 6 сарын турш ажиллажээ. Узбекстаны Ерөнхийлөгч лхагва гаригт АНУ-д ил захидал илгээж халдлагыг мөрдөн шалгах ажилд бүхий л нөөц боломжоороо тусална гэжээ. Сэжигтэн 2010 онд АНУ-д цагаачлан ирснийг олж тогтоосон байна. Мягмар гаригт болсон халдлагыг Исламын улс бүлгийн нэрийн өмнөөс үйлдсэн болохыг нотлох тэмдэглэл олсон тухай цагдаа нар мэдэгджээ.
