Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Ц.Энхсайхан: ?Нохой бол хүний үнэнч нөхөр?

Ц.Энхсайхан: ?Нохой бол хүний үнэнч нөхөр?

Тухайлбал, амьтан хайрлаж, түүнийгээ арчилж, бөөцийлж сурах нь эргээд энэ бүхэн хүүхдэд үүрэг хариуцлага гэдгийг суулгаж өгдөг. Ихэнх аав, ээжүүд хүүхэддээ нохойн гөлөг авч өгөх сонирхолтой байдаг. Хүүхдээ бодсон эцэг, эхчүүдийн энэ шийдвэр хэдийгээр зөв ч гэсэн хүүхдийн хэдэн настайд нь авч өгвөл илүү тохиромжтой вэ гэдгээ бас бодох нь чухал. Учир нь, гэртээ тэжээнэ гэж авч байгаа тэрхүү амьтан зүгээр нэг хүүхдийн тоглоом, эсвэл та бидний зугаа гаргах төдий зүйл биш. Тэгвэл нохойн гөлөг гэртээ тэжээхээр төлөвлөж байгаа болон гэртээ нохой тэжээдэг уншигчиддаа энэ удаагийн “Эрчүүд” булангаа зориуллаа. Энэ талаар хүүхэд ахуй цагаасаа өдийг хүртэл үнэнчээр нохой тэжээж яваа Ц.Энхсайхан хэмээх залуутай уулзаж ярилцсан юм. Тэрээр бизнесмэн залуу бөгөөд нохой тэжээх нь түүний хобби юм.

TV ZONE : Сайн байна уу? Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа. Хэзээнээс анх нохой тэжээж эхэлсэн болон яагаад нохойг сонгосон талаар яриагаа эхэлье?

ЭНХСАЙХАН : Сайн, сайн байна уу? Би яагаад ч юм бүр багаасаа л нохой сонирхдог байсан. Тэгээд хүүхэд байхдаа гэртээ орос овчарка авчирч тэжээн, эндээс миний нохой тэжээх сонирхол маань эхэлж байлаа. Тэр үед би наймдугаар анги байсан санагдана. Үүнээс өмнө ах маань гэрт их нохой авчирдаг байлаа. Үүнд нь аав, ээж хоёр их дургүйцнэ. Тэгээд гэрт байлгахгүй гэхээр ах маргааш нь нохойгоо хүнд өгчихнө. Энэ болгон нь надад нохой тэжээх юмсан гэсэн сэдлийг төрүүлсээр байсан юм. Ах маань нэг өдөр авчраад, маргааш нь хүнд өгөх байдлаар нэлээн явсан. Харин би өлсгөлөн зарлах нь холгүй тэмцэж байгаад гэртээ байнгын тэжээх нохойтой болж байлаа. Тэр нь орос овчарка маань юм. Үүнээс хойш тасралтгүй нохой тэжээж байгаад хэсэгхэн хугацаанд түр завсарлаж, одоо эргээд тэжээж байна. Хотын байрандаа немц овчарка авч тэжээж байсан ч байранд нохой тэжээх нь их хүндрэлтэй юм билээ. Тиймээс ер нь нохойг байранд биш, хашаанд нохойндоо тусгай үүр барьж өгч, тэндээ л хоббиныхоо зүйлсийг хийх нь зөв юм байна гэж бодсон. Тиймдээ ч хэсэг завсарласны дараа бодлоо бодит биелэл болгож, эндээ нохойнуудаа арчилж, өсгөж байна даа.

TV ZONE : Нохой тэжээх нь таны амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Багагүй хугацааг ч үүнд зориулж байгаа юм байна. Хэзээнээс энэ хоббиндоо ингэж их цаг зарцуулах болсон бэ?

ЭНХСАЙХАН : Би түрүүн байранд нохой тэжээх хэцүү юм билээ гэж хэлж байсан даа. Гаргаж баалгаж, шээлгэнэ. Байрны ойр орчимд ч нөлөөтэй байхгүй юу. Орцонд бааж, шээчихвэл айлуудаас санаа  зовно. Тиймээс л хашаанд нохой тэжээх нь зөв юм байна гэж бодсон юм. Нэг хэсэг нохой тэжээхгүй байхдаа толгойнд их бодогдсон шүү. Том гоё хашаанд үүрийг нь барьж өгөөд, дураараа явж байхад санаа зовох зүйлгүй болно доо гэж их бодогдсон. Тэгээд 2013 онд тохироо нь бүрдэж, энэ хашаагаа авч, байшингаа барьсан. Ингээд авах нохойгоо хайж явсаар өнгөрсөн жил энэ гурван нохойгоо авсан. Дундад азийн хоньч ноход байгаа юм. Кира, Черри хоёр нохойноос маань гөлөглөж, одоо хашаагаар нэг нохой байж байгаа нь энэ.

TV ZONE : Яагаад хоньч нохойг сонгосон бэ?

ЭНХСАЙХАН : Миний сонирхол бол нохой дотроо немц овчарка тэжээх юм. Гэхдээ немц овчарка хашаандаа тэжээх юм бол хулгайд алдах аюултай. Манайд нохойн хулгай ихтэй. Авах нохойгоо хайж явахад ахынхаа нэг нохой үржүүлэн тэжээдэг, үүнийгээ бизнес болгочихсон найзынд очсон юм. Тэр үед нэг өхөөрдөм, погдойсон жижиг гөлөг байсан. Гадаа тэжээж болох байсан учраас эл төрлийн нохой тэжээж үзье гэж шийдсэн. Хүмүүс нохойг маань хараад их хурц зантай гэж төсөөлж боддог. Гэхдээ тулаад харьцвал маш зөөлөн. Өмнө нь, орос болон немц овчарка тэжээж байсан. Мөн добермэн, “Электрон жаал” кинон дээр гардаг мини Шнауцер зэрэг үүлдрийн нохой тэжээж байлаа.

TV ZONE: Нохой тэжээхэд хооллож ундалж, гаргаж салхилуулахаас гадна сургана гэдэг маш том зүйл. Ялангуяа, хашаа манадаг нохойнуудыг хараад байхад маш догшин, хурц зантай байдаг юм шиг ээ. Гудамжинд явж байгаа хүүхдийг хазсан хэрэг хүртэл хэд хэд гарсан шүү дээ.

ЭНХСАЙХАН : Нохойны зан характарыг ярихаасаа өмнө эхлээд нохой тэжээх тухай ярих нь зөв болов уу. Нохой тэжээнэ гэдэг маш өндөр хариуцлага. Нохойг 15 жил хайрлаж, өдөр шөнөгүй гаргаж, цагаар хооллож, угааж цэвэрлэх гээд энэ өндөр хариуцлагыг үүрэх болно. Нохой хөгшрөхөөрөө хараа нь муудаж, юм мөргөхөөс эхлээд их өрөвдмөөр болдог байхгүй юу. Үүнийг нь ойлгож чадна гэсэн сэтгэхүйгээр нохой авч тэжээх хэрэгтэй. Зугаа цэнгэлийн юм шиг зүйл биш гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хараад байхад их л сайхан нохой яриад байдаг байрны айлууд нь хэсэг зугаацаж байгаад хүнд өгчихдөг, хашааны айлууд нь гадаа уячихдаг. Наад зах нь өдөржин уяатай байгаа нохойны зан аашинд өөрчлөлт ордог. Уяанд орсон нохой ярдаг болдог ч гэж хөгшчүүл ярьдаг шдээ. Малчин айлууд нохойгоо уясны хэрэггүй гэдэг. Хоточ нохой гэдэг чинь шөнө дөлөөр чоноос малаа хамгаална уу гэхээс хүнээс хамгаална гэдэг зүйл байгаагүй байхгүй юу. Уях тусам улам л хүн рүү ноцох нь ихэсдэг. Хашааны айлууд ихэнхдээ гадаа уячихдаг, бүр хэдэн жилээр ч уяулсан нохой бий. Олон жил уяулсан нохой хараад сэтгэл эмтэрч, өрөвддөг. Нохой тэжээнэ гэдэг хариуцлага төдийгүй эргээд үүрэг гэдэг зүйлийг дагуулж байдаг. Манай нохойнууд бол хүнд эрхэлнэ үү л гэхээс дайрна гэж байхгүй. Сул л явж байдаг. Харин хашаа руу нь гэнэт халдвал ямар ч нохой өөрийн гэрээ харамлаж, хамгаалдаг.

TV ZONE : Тэгэхээр нохойгоо зөв сургачихвал хашаанд заавал уяад байх шаардлага байхгүй байх нь ээ?

ЭНХСАЙХАН : Тиймээ, зөв сургачихвал уяад байх шаардлагагүй. Уяатай байсан нохой руу нь ойртож очоод хазуулсан тухай сонсч л байсан. Уяулсан л бол зан ааш нь эвдэрч эхэлдэг. Гэхдээ бас том масстай болдог том нохойнуудад зангарга хэрэгтэй. Би эзэн гэдэг зүйлийг жаахан гөлөг байхаас нь мэдрүүлж байх хэрэгтэй. “Чимээгүй байгаарай. Яагаад үймүүлэлдээд байна” гэдэг ч юм уу. Ингэж эзнээсээ айдаг, эмээх зүйл сууна л даа. Сайхан харьцаад байх тусам л толгой дээр гарна. Харин зодно гэдэг бол муухай зан шүү.

TV ZONE : Эзний зангарга гэж та ярилаа. Энэ л магадгүй нохой сургах нэг ухаан болов уу.

ЭНХСАЙХАН : Яг тийм. Нохойтойгоо байнгын ярьж байх хэрэгтэй. Нохой ойлгодог байхгүй юу. Уурлах үедээ жаахан чангахан ярьж, эрхлүүлэх үедээ эрхлүүлж байх нь зөв.

TV ZONE : Таныг нэг нохойгоо тэмцээнд сойж байгаа гэж сонссон юм байна?

ЭНХСАЙХАН : Үндэсний улсын аваргад нэг нохойгоо сойхоор бэлдэж байгаа. Энэ тэмцээнд Монголд байгаа удмын бичигтэй ноход оролцдог. Дуртай нохой нь очоод оролцчихдоггүй. Өмнө нь ямар ч тэмцээнд оролцож байгаагүй. Одоо л хайрлаж өсгөсөн нэг нохойгоо сойж үзэх гэж байгаа маань энэ. Манайх Монголдоо анхдагч нохойн хоол үлдвэрлэдэг юм. Нохойгоо энэ хоолоороо өсгөж бойжуулсан. Нэг ёсондоо Монголдоо үйлдвэрлэсэн хоолоор бойжуулсан нохой ийм байна гэдгийг олон түмэнд харуулах зорилготой.

TV ZONE : Нохойн хоол ярьсных гадуур зарагддаг бэлэн хоол болон гэртээ хийж өгдөг хоол хоёрын хооронд ялгаа байдаг уу? Манайхан ихэвчлэн гэртээ хоол хийгээд өгчихдөг шүү дээ.

ЭНХСАЙХАН : Нохойны зориулалтын хоол нь гөлөг өвчлөх эрсдлээс хамгаалж байдаг. Гөлгөнд тохиолддог маш олон төрлийн өвчнүүд бий. Тэр дундаа хоолноос болж, гөлгөн нохой хордлогод орох нь элбэг тохиолддог. Ихэнх айл нохойныхоо хоолыг гэртээ хийж өгдөг. Тэр нь тос ихтэй байвал том нохойны хувьд гайгүй ч гөлөгний хувьд хордлого болж, үхэх хүртэл аюултай. Заримдаа бүр үлдэгдэл, хонуулсан хоолоо өгөх нь ч энгийн үзэгдэл. Үүнээс болж манайд нохой, гөлөгний хоолны хордлого түгээмэл байгаа юм. Тиймээс заавал өдөр бүр нохойндоо хоол хийж өгөх гэж цаг заваа зарцуулах хэрэггүй юм. Тэр цагаа гэр бүлдээ зарцуул л даа. Эсвэл бэлэн хоолыг нь өгчихөөд үлдсэн хугацаанд нохойтойгоо гарч зугаалсан нь дээр. Хоол хийж өгөх, бэлэн хоол авч өгөхийн хооронд санхүүгийн хувьд бараг ялгаагүй. Хөдөө нохойгоо аваад явлаа гэхэд хоолыг нь яах вэ гэхээс эхлээд хоол тойрсон асуудал ундагдаг. Эндээс л би нохой сонирхогч, хобби нэгтнүүдийнхээ ажлыг бага ч гэсэн хөнгөвчилж, бэлэн хэрэглэх хоол байгаасай гэсэндээ монгол хоолоо үйлдвэрлэж эхэлсэн юм.

Шим тэжээлийн хувьд ч бэлэн хоол нь хийж өгснөөс илүү. Манайхан ихэвчлэн нохойндоо гэдэс дотор, шар будаатай хольж өгдөг. Гэдэс дотор бүтээгдэхүүнд агуулагдах хэмжээ ердөө л 15 гаруй хувь. Нохойн хуурай хоолыг хийхдээ тодорхой хэмжээний мах оруулж, дээр нь 90 хувийн уургийг нэмж хийж өгдөг. Нохой уураглаг хоолыг л сонгож иддэг. Тэгээд ч цэвэр байдлынхаа хувьд хуурай хоол нь илүү байдаг. Өсч яваа нохой уураг бага идвэл өсөлт нь удааширна гэсэн үг.

TV ZONE : Нохой тэжээхээр төлөвлөж яваа уншигчдад маань ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь, нохой тэжээснээр ямар ач тустай вэ?

ЭНХСАЙХАН : Нохойг хүүхдэд ханьтай гэж авсан боловч эцэстээ хамаг арчилгаа, маллагаа, хариуцлага аав, ээж дээр нь л буудаг. Тиймээс хүүхдээ жаахан байхад нь биш, өсвөр насанд нь нохой авч өгвөл илүү ашиг тустай. Тухайлбал, нохойг нэг цагт гаргаад баалгаж шээлгэж, мөн хооллоод сургачих юм бол яг л тэр цагтаа бүгдийг хийдэг. Тиймээс хүүхэд хэчнээн гадуур явж байсан ч миний нохойг гаргах, хооллох хүн байхгүй гээд гэр рүүгээ яарна. Энэ мэтчилэн ухамсарт нь цаг баримтлах, аливаад хариуцлагатай байх хандлага суудаг. Мөн сүүлийн үеийн хүүхдүүд компьютерт хэт их донтож байна. Нохойтой болбол дэлгэц ширтээд суухгүйгээр нохойтойгоо гадаа салхилж, тоглож наадна шүү дээ. Энэ мэтчилэн оюун санаа болон хүмүүжилд нь эерэгээр нөлөөлдөг гэсэн үг.

TV ZONE : Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Нохой тэжээх талаар олон сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа.

ЭНХСАЙХАН : Урьж ярилцсан танай сэтгүүлд баярлалаа.

Ярилцсан: Б.Баяржаргал

Гэрэл зургийг: В.Цэнд-Аюуш