Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Жүжигчин Д.Хосбаяр:Хамтдаа босгосон амьдралын бэрхшээл хүртэ

Жүжигчин Д.Хосбаяр:Хамтдаа босгосон амьдралын бэрхшээл хүртэл үнэ цэнэтэй

Энэ удаад “Дугаарын зочин” ярилцлагын хоймортоо жүжигчин Х.Хосбаярынх хэмээх өнөр гэр бүлийг урилаа . “Амьдрал чиний төлөө”, “Амьдрал чамаас уйдаагүй”, “Ус дээшээ урсдаг”, “Найз”, “Өнөөдөр” зэрэг 20 орчим дэлгэцийн бүтээлд тоглож, хэдийнээ олонд танигдсан чадварлаг уран бүтээлч залуугаар овоглосон энэ өнөр бүлийн гэргий нь хэзээний Дархан бэр болжээ. Мэргэжилдээ өсч яваа чадварлаг жүжигчин хэмээн найруулагчид түүнийг үнэлдэг юм билээ. Ажил мэргэжилдээ эзэн болж яваа энэ залуу бол амьдрал дээрээ сайн хань, сайн аав. Ингээд жүжигчин Х.Хосбаяр болон түүний гэргий Ч.Хонгорзултай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

TV ZONE: Сайн байцгаана уу?  Халуун ам бүлээрээ сэтгүүлийн маань урилгыг хүлээн авсанд баяртай байна.

ХОСБАЯР : Сайн, сайн байна уу?Гэр бүлийг маань урьсанд бид баяртай байна.

ХОНГОРЗУЛ : TV ZONE сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе!

TV ZONE: Гурван хүүгийн ээж, дархан бэр болсон гэргийтэй нь танилцаж яриагаа эхэлье?

ХОНГОРЗУЛ : “Монгол аялал жуулчлал” компанид аялал жуулчлалын менежерээр ажиллаж байна. Бага хүү маань ой 11 сартай, дунд хүү дөрөвтэй, том хүү маань долоо настай. Хүүхдээ асрах амралтаа дуусгаад ажилдаа ороод хагас жил болж байна.

TV ZONE: Гурван тэрсхэн хүү бужигнуулдаг байх даа? Бага нь хоёр ахыгаа дагаад л буулгаж өгч байна уу?

ХОНГОРЗУЛ : Тиймээ, манайх гэдэг айл хором ч чимээгүй байна гэж байхгүй шдээ. Байнга дуу шуутай, бужигнаан дунд л өдөр бүр өнгөрдөг. Том хүү Х.Дэлгэрмөрөн маань энэ жил хоёрдугаар ангид орно. Дунд хүү Х.Энхмөрөн маань цэцэрлэгийн ахлах анги. Бага хүү Х.Идэрмөрөнгөө энэ жил цэцэрлэгт өгнө дөө.

ХОСБАЯР : Бага хүүгээ цэцэрлэгт өгчихвөл энэ жилээс манайх гэдэг айл өдөртөө нам гүн байх гээд байна. /Инээв/ Манайх гэдэг айл талаар нэг тоглоом тарсан, бужигнасан байдалтай. Манайд ирсэн хүмүүс ядраад л гарна даа.

TV ZONE: Залуухан, гэсэн хэрнээ 3 хүүхэдтэй. Анх аав ээж болж байсан тэр үеэ эргэн нэг дурсъя...

ХОСБАЯР : Би 25-ны жил дээрээ, эхнэр маань 22 настайдаа анх аав, ээж болж байлаа. Би СУИС-ийн жүжигчний анги, манай хүн менежментийн ангийн доод курс байсан юм. Доод курсынхээ охиныг аваад суучихсан даа. Манай том хүү их урлагийн мэдрэмжтэй, оюунлаг болох байхаа гэж боддог шдээ. Учир нь, би сургуулиа төгсөөд шалгалт өгч, театрт орсон юм. Театрт дагалдан жүжигчин хийдэг байхад манай хүн дөрөвдүгээр курс, төгсөхийнхөө өмнө жирэмсэн боллоо. Том гэдэстэй дуурийн театрт дадлага хийгээд. Тэр үед манай хүү хэвлийдээ хоёр сар сонгодог урлагаар амьсгалсан. Орой бүр дуурийн театрт дуурь үзэж, үзвэргүй үедээ би драмын театр дээрээ авчирч, “Эдип хаан”, “Парисын Дарь эхийн сүм”, “Атга нөж” гэх зэрэг Монгол, гадаадын сонгодог жүжгүүдийг үзүүлдэг байсан. Тэр үед нь би олны хэсэгт болон ганц нэг жижиг дүр авсан залуу жүжигчин байлаа. Эхнэр маань төгсөхдөө тогоо шиг том гэдэстэй байсныг сайн санадаг юм. Төгсөөд л сарын дараа том хүү Дэлгэрмөрөн маань мэндэлсэн дээ.

ХОНГОРЗУЛ : Хүүгээ жаахан том болгож байгаад ажилд оръё доо гэж бодож байтал хоёр жилийн дараа дунд хүү маань аав, ээж дээрээ ирсэн. Хүүхэд бол бурхны илгээсэн бэлэг шүү дээ.

ХОСБАЯР : Энэ хооронд би кинонд тоглож, телевизд ажилласан гээд урлагаасаа ер холдоогүй. Мөн завсар зайндаа арга хэмжээнүүд хөтөлнө. Энэ чинь залуучуудын л амьдрал шүү дээ. За хоёулаа хоёр хүүтэй болчихлоо гээд эхнэр маань ажил төрөлд оръё гээд ярилцаж байтал бага хүү маань бидэн дээр ирсэн. Ингээд манайх гэдэг айл гурван бяцхан залуутай өнөр өтгөн айл болжээ.

TV ZONE: Гэрт шинэ хүн нэмэгдэх тутамд аав, ээжийн хариуцлага нэмэгддэг. Тэр дундаа гэр бүлээ авч яваа эр хүний хувьд илүү их үүрэг хариуцлага нэмэгддэг шүү дээ...

ХОСБАЯР : Тэгэлгүй яах вэ. Нарийн ширийн зүйл олон гарч ирнэ ээ. Хамгийн наад зах нь боов талх, таргаар нь таслахгүй юмсан гээд л зүтгэнэ шүү дээ. Гэхдээ их гоё оо. Анх хүүтэй болоод би чадах болов уу, яах бол гэж жаахан санаа зовж байсан. Дөнгөж сургуулиа төгсөөд цалин ч байхгүй, туршилтын маягаар явж байсан болохоор тэр шүү дээ. Хамгийн гоё нь хүүхэд өөрөө бэлэг юм билээ. Бүх юмаа өөрөө бэлдээд ирчихдэг юм байна даа гэж би ойлгосон юм. Хүү маань төрөөд л бүх юм цаанаасаа ундраад эхэлсэн. Ах эгч нар хэрэгтэй зүйлс тал талаас авч өгөөд л, ажил төрөлтэй ч болж, кинонд явж, уран бүтээлийн саналууд хүртэл ирээд, их сонин. Ингээд нэг л мэдэхэд хүү минь хоёр ой хүрчихсэн явж байх жишээтэй. Саяхан л хүү минь төрж байсан чинь нэг л мэдэхэд аавтайгаа янз бүрийн юм яриад явах том залуу болсон байна.

Том хүү маань жүжигчин. Дөнгөж төрөөд өлгийтэй байхдаа Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн “Үл таних эмэгтэй” кинонд тоглосон байдаг. Энэ кинон дээр өлгийтэй хүүхэд тэврээд яваад байдаг шүү дээ, тэр хүүхэд нь манай том хүү байгаа юм. Өнгөрсөн 12-р сард “Ланз” энтермайнментийн бүтээл “Өвлийн тууж” кино дэлгэцнээ гарсан юм. Энэ кинонд би том хүүтэйгээ хамт тоглосон. Энэ киноны эхний хэсэгт хүүхэд насны тухай гардаг, талаас хойш хэсэгт нь гол дүрийн том нас нь явдаг. Хүүхэд насны хэсэгт нь манай том хүү тоглосон юм. Би ч нүдээ аниад найруулагчийнхаа хажууд чимээгүй л байсан. Гайгүй ээ. Үүнээс хойш манай хүү кинонд тоглоно оо гэдэг болсон байна лээ.

TV ZONE: Гэр бүл зохиох тал дээр зарим залуус карьераа хөөж, байр сууриа бий болгосны дараа гэдэг бол зарим нь эрт гэр бүлээ төвхнүүлчихээд дараа нь карьертаа анхаарна гэдэг.

ХОНГОРЗУЛ : Гоё шүү дээ. Учраа мэдэхгүй байхдаа хүүхэдтэй болсон ч хамтдаа өсч хөгжөөд сайхан байдаг. Хувь хүнийхээ хувьд хөгжих нь бага ч гэр бүлтэй болж, үр хүүхдээ төрүүлж өсгөнө гэдэг маш том зүйл. Миний хувьд харамсах юм байдаггүй. Харин ч хөөрхөн хөвгүүдтэй болсондоо үргэлж баярладаг. Долоон жил гэрт суусан ч тэр хоног хугацааг ерөөсөө харамсаж, уйтгарлаж өнгөрөөгөөгүй. Өдөр бүр баяр жаргалтайгаар өнгөрүүлдэг байсан. Ер нь, хүүхдээ хараад гэрт суухад хоног хугацаа ч маш хурдан өнгөрдөг.

ХОСБАЯР : Гэр бүл төлөвлөх тал дээр орчин үеийн залуус маань өөр өөрийн бодолтой л байгаа. Миний хувьд бол, би ингэж эрт гэр бүлтэй болсноороо хожсон юм болов уу гэж боддог. Би чинь сургуулиа төгсөөд жил ч болоогүй байхдаа аав болсон хүн. Тэгэхээр надад хүүхэдтэй болсноор маш том хариуцлага ноогдож байгаа юм. Би бас эхнэртээ “Миний хань долоон жил гэртээ суусан ч зүгээр суугаагүй шүү. Гурван том уран бүтээл дээр ажилласан байна аа” гэж урам зориг өгдөг. Үнэхээр тийм шүү дээ. Хүүхэд асарч халамжилна гэдэг маш том үүрэг хариуцлага. Манай хүн ажилдаа ороод удаагүй байна. Одоо би зав чөлөө гарвал өдөр хүүхдүүдээ харж байгаа. Энэ бол маш том, маш хэцүү ажил. Хоол ундыг нь хийж өгнө, өдөр салхинд гаргана, алив наашаа, цаашаа гээд л явж өгнө. Хүн математикч болох албагүй, харин аав, ээж болох ёстой гэдэг шүү дээ. Тэгэхээр эрт хүүхэдтэй болох нь зүгээр санагддаг юм. Саяхан л 30 настай хүн хөгшин мэт санагддаг байсан бол миний үеийнхэн хэдийнээ энэ насыг өнгөрөөд явчихжээ. Найз нөхөд дунд маань гэр бүл зохиогоогүй хүмүүс бий. Тэд маань хүнтэй уулзаж болзохоор энэ ч болохгүй юм, тэр нь ч тийм байна гээд ярьдаг л даа. Тэгэхээр залуудаа гэр бүл зохиочихвол хоёулаа амьдралынхаа төлөө зүтгээд сайхан байдаг. Эхнэр бид хоёр чинь нэг гэрт ороод найман жил, танилцаж үерхээд арван жил болж байна.

TV ZONE: Хоёр бие хүн гэр бүл болоод нэг цул болох гэж эхэндээ багагүй маргалдаж зөрчилддөг нь бичигдээгүй хууль. Та хоёрын хувьд, маргааныг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

ХОНГОРЗУЛ : Буулт хийхийн хувьд манай хүн дандаа буулт хийдэг. Би их огцом ааштай. Нэг дүрсхийж уурлаад, удалгүй уур маань гарчихдаг. Манай хүн их зөөлөн. Уучлалт гуйж аргадаад л маргааныг шийдвэрлэчихдэг шдээ. Намайг юм хэлж, хэчнээн уурлаж байсан ч дуугүй л байж байдаг. Хүн өөдөөс й дуугүй байгаад байхаар ганцаараа уурлаад байх нь утгагүй шүү дээ. Тэгээд л уур гарчихдаг. Гэхдээ бид хоёр олон хоногоор бие биедээ уурлаж туньж байсан үе байхгүй ээ.

ХОСБАЯР : Бид хоёрын амьдралд олон бэрхшээл асуудал үүсч байсан уу гэвэл байсан. Наад зах нь, би хөдөө зураг авалт сунаад л, энд миний хэрэг их гараад л энэ мэт жижиг сажиг асуудлууд бол байдаг. Энэ үед маргалдах үе гардаг хэдий ч маргааныг дэврээчихгүй юмсан гэж үргэлж боддог. Манай хүн ч гэсэн маш хаттай эмэгтэй. Намайг чинь хааяа бас чангалах үе дээрээ чангална. Урам зориг өгнө. Гэхдээ хамгийн том гэр бүлийг нягт уяж зангидаж байгаа зүйл нь хүүхдүүд л юм. Эхнэр бид хоёр ямар ч харилцаатай байсан хүүхдүүдээ харахаар маш гоё ертөнц байдаг. Бид тус тусдаа бие хүн байгаад явж чадах уу гэвэл чадна. Гэхдээ гурван хүүхдээ бүтэн хайранд өсгөнө гэдэг маш том зүйл. Хүүхэдгүй байхдаа эхнэртэйгээ их романчиклана аа. Харин хүүхэдтэй болоод ирэхээр энэ харилцаа холдоод эхэлдэг юм билээ. Хариуцлага руугаа орчихдог юм билээ. Жишээ нь, эхнэрийн төрсөн өдөр боллоо гэхэд өмнө нь найз нөхдөөрөө тэмдэглэдэг байсан бол одоо хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ тэмдэглэе гэдэг болсон. Ингээд хоёулхнаа байх цаг хугацаа холдоод явчихдаг юм билээ. Гэхдээ манай хадмууд их сайн хүмүүс байдаг. Хүүхдүүдийг маань харж өгч, бид хоёрт хамтдаа байх цаг хугацаа гараад байгаа шүү.

ААВЫГ МААНЬ МЭДРҮҮЛСЭН “СЭТГЭЛИЙН ГЭРЭЛ” КИНОНЫ ХАШ-ЭРДЭНЭ ДҮРДЭЭ ХАЙРТАЙ  ~

TV ZONE: Хосоогоор сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

ХОСБАЯР : Өнгөрсөн дөрөвдүгээр сард NTV телевизтэй хамтран гэрээгээр “Зөн билгийн тулаан” төсөл дээр ажиллаж, наадмын өмнөхөн дууслаа. Үүний дараа “Orange” энтертайнментийн бүтээл 20 ангит телевизийн олон ангит кинонд тоглолоо. Зураг авалт маань хоёрхон хоногийн өмнө дуусч, ирэх есөн сараас цацагдах байх. NTV телевиз олон ажил хийж байгаа. “Orange” энтертайнмент гудамжны бүжигчин залуусын ур чадварыг харуулсан кино хийж байна. “Step Up” гээд гудамжны бүжигчдийн тухай америкийн кино байдаг даа. Яг тэр кино шиг, бүжгийн маш өндөр түвшинд хийж байна. Зураг авалт маань хараахан дуусаагүй. Би орой энэ киноныхоо зурагтай. Зургийнхаа дундуур ингээд ажлаа амжуулаад явж байна даа. Уг кинонд маань “Аймар” продакшны Төөгөө, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогчид болох Шижирбат, Цэнгүүн гээд орчин үеийн бүжгийн мундагууд ажиллаж байна. Эл кино маань ирэх арван сард цацагдах байх. Яг энэ хоёр уран бүтээл гээд саяхныг хүртэл маш завгүй гүйж байлаа. Нэгнийх нь зураг дуусч, одоо нэг киноны зураг авалт үлдэж, ажил арай хөнгөрсөн байна. Энэ хоёр киноны өмнө “Надаар тоглосон хайр” гээд сайхан жүжиг байдаг. Эл жүжиг уран сайхны кино болоход нь нэг дүр дээр ажиллаа. Уг кино маань ирэх есөн сард нээнэ гэсэн. Ийм сонин сайхантай байна даа.

TV ZONE: Телевизд ямар статусаар ажилласан бэ?

ХОСБАЯР : Би чинь жүжигчин хүн шүү дээ. NTV телевизийн “Зөн билгийн тулаан” телевизийн төсөл чинь Английн албан ёсны эрхтэй нэвтрүүлэг юм билээ. Англид анх хийгдэхдээ хөтлөгчөөр нь гурван үеийн төлөөлөл жүжигчид ажилласан юм байна лээ. Энэ нэвтрүүлгийн цаанаасаа ирсэн формат нь хөтлөгч нь жүжигчин байх ёстой гээд заачихсан юм билээ. Тийм учраас NTV телевизийнхэн надад санал тавьснаар уг нэвтрүүлэгт хөтлөгчөөр ажиллаа. Түүнээс биш, телевизд бол ажиллахгүй байгаа. Хувь уран бүтээлээ хийгээд явж байна. Хувь уран бүтээл гэснээс би нэг найз, нэг эгчтэйгээ нийлээд “Green entertainment” нэртэй студи байгуулсан. Бүх мэргэжлийн техникүүдээ өөрсдөө оруулж ирээд, сонгуулийн хэдэн ажил дээр ажиллаж, бага ч гэсэн туршлага хуримтлууллаа. Уран сайхны киноны ажилд энэ ондоо бол орохгүй гэж бодож байгаа. Өнгөрсөн оны өмнө богино хэмжээний кино хийж, сошиал дээр тавьсан.

TV ZONE: Хосоо төгссөнөөсөө хойш чамгүй олон ангит кинонд тогложээ. Олон ангит кинонд ажиллах баг бүрэлдчихсэн байдаг юм уу, эсвэл энэ жанр таны сонирхол уу?

ХОСБАЯР : Ерөөсөө л найруулагчдын харсан өнцгөөс л болдог юм. Хамгийн анх 2011 онд ЦЕГ-ын 90 жилийн ойд зориулсан “Амьдрал чиний төлөө” нэртэй цагдаагийн тухай кинонд тоглосон. Энэ кинонд тоглох олон хүнийг уг нь пробонд оруулсан юм билээ. Тэр үед нь “Гэгээн Муза” болж таараад, би хөтлөгчөөр нь ажилласан юм. Тэгэхэд найруулагч нь ирж үзээд, энэ хүүтэй нэг ярилцаж үзье гээд дараа нь ярьж байсан. Ингэж найруулагчтайгаа таарч, тус кинонд тоглох боломж олдсон. Үүний дараа NTV телевизийн олон ангит кинонд тоглосон. Энэ мэтчилэн олон ангит кинонд баг баг болоод ажиллах биш, найруулагчид нь зохиол, дүртэйгээ танилцаад, ийм дүр төрх тохирох юм байна гэсний үндсэн дээр жүжигчдээ сонгодог юм. Өөрөөр хэлбэл, найруулагчдын харсан өнцөг юм.

TV ZONE: Өнгөрсөн онд анх удаа инээдмийн төрлийн кинонд тоглосон шүү дээ. Үргэлж драмын төрлийн кинонд тоглодог таны хувьд төрөл жанраа өөрчлөхөд ямар хүндрэл гарсан бэ?

ХОСБАЯР : Тиймээ, өнгөрсөн жил дэлгэцэнд гарсан “Эхнэрийн эзгүйд” инээдмийн кинонд тоглосон маань учиртай. Эл киног СУИС-ийн нэг анги хамт олноороо хийсэн юм. Би чинь СУИС-ийн жүжигчний ангийг 2009 онд АЖ Б.Мөнхдорж найруулагчийн гар дээр төгссөн улс. Төгссөнөөсөө хойш тус тусын уран бүтээл дээрээ ажиллаж байлаа. Харин өнгөрсөн жил ангийн маань нэг залуу зохиолыг нь бичиж, нэг нь найруулаад, бусад нь тоглосон гээд анги хамт олноороо нэг бүтээл дээр ажилласан. Бидний хамтын бүтээлийг хүмүүс ч сайхан хүлээж авсан. Энэ киноны хувьд миний дүр хошин биш, зохиол нь өөрөө хошин байсан. Гэхдээ инээдмийн кинонд тоглох жаахан хэцүү юм билээ. Хүнийг уйлуулах амархан, харин инээлгэх хэцүү гэдэг шүү дээ. Үүнтэй яг ижил юм билээ. Миний хувьд, бага зэргийн айдастай байснаа нуухгүй ээ. Энэ киног үзээд намайг хараад хүмүүс инээх болов уу, энэ нэг юм ийм дүрд тоглож байхаар өөр дүрд тоглож болоогүй юм байхдаа гэж бодох вий гэхээс жаахан эмээж байлаа. Бид чинь үзэгчдээс ямар сэтгэгдэл ирэх бол гэдгийг их төсөөлж бодно оо. Кино дэлгэцэнд гарсны дараа бодсноос гайгүй байсан шүү.

TV ZONE: Хүмүүсийн урт хугацаанд ойлгож, ухаарч байдаг амьдралын ухааныг жүжигчид дүр дээрээ ажиллахдаа, эсвэл кинондоо тоглож байхдаа ойлгож авдаг. Энэ нь жүжигчний нэг сайхан тал санагддаг. Таны хувьд, амьдралын гүн рүү орсон драмын чамгүй олон кинонд тоглосон. Эдгээрээс хамгийн их ухаарлыг өгсөн кино, дүр аль нь байсан бэ?

ХОСБАЯР : Ямар сайхан асуулт вэ! 2011 оны сүүлээр юм байна. УБЦТС-ын 80 жилийн ой болж, байгууллагынхаа 80 жилийн ойд зориулж “Сэтгэлийн гэрэл” нэртэй кино хийсэн юм. Энэ кинон дээр айлуудаар явж гэрэл цахилгаан залгадаг Хаш-Эрдэнэ гээд цахилгаанчны дүрд тоглосон юм. Энэ дүр надад маш ихийг ойлгуулж ухааруулсан. Ямар утгаар вэ гэвэл, тэр үед би аавыгаа алдсан байсан юм. Аав минь цахилгаанчин мэргэжилтэй хүн байсан. Байнга цахилгааны хувцас өмсчихсөн, бүсэлхийндээ багаж хэрэгслүүдээ зүүчихээд явдаг хүн байсан л даа. Хүүхэд байсан болоод ч тэр үү юу хийгээд, яагаад яваад байдгийг тэр бүр сайн мэддэггүй байлаа. Дараа нь энэ дүрд тоглоод аав минь ийм ажил хийдэг байж, аав минь айлуудад гэрэл гэгээ түгээдэг байсан юм байна гэдгийг ойлгосон. Ажлынх нь утга учир ийм юм байна гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас “Сэтгэлийн гэрэл” кино, надад оногдсон дүр сайхан санагддаг юм. Бодоод байх нь ээ, дээр байгаа аавынхаа захиасыг биелүүлсэн ч юм шиг. Тэр хүний амьдралаар сар хагасын хугацаанд амьдарсан маань сэтгэлд өег сайхан.

TV ZONE: Өөрийн гэсэн студиэ нээсэнд нь баяр хүргэе! Одоо студи, хувийн уран бүтээл гээд тун завгүй ажиллах нь ээ.

ХОСБАЯР : Хийх ажил их байна. Студиэ нээгээд удаагүй ч бужигнуулаад ажиллаж байна. Ер нь, уран сайхны кино хийнэ гэж төлөвлөсөн байгаа. Кино уран бүтээл дотроо олон төрөл жанр руу хөвөрч болно шүү дээ. Гэхдээ шууд кино хийх биш, залуу хүмүүс үүнд бэлдэж хөгжих ёстой. Биеэ даан ажиллахдаа алдаа гаргаж, алдаан дээрээ суралцаж, туршлага хуримтлуулах ёстой. Одоо бол бид цаанаасаа бүх зүйлийг зохион байгуулж төлөвлөсөн кинонд ажиллаж байна. Харин эл студиэ нээснээр бид өөрсдөө үйлдвэрлэл явуулах гээд байгаа юм. Тиймээс өөрсдийгөө бэлдэж, реклам, жижиг сажиг ажлууд дээр ажиллаж туршлагажиж байна.

TV ZONE: Бидний урилгыг халуун ам бүлээрээ хүлээн авч, сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал, уран бүтээлд нь амжилт хүсье!

Ярилцсан: Б.Баяржаргал