2018 оны Пёнчаны өвлийн Олимпийн наадмын галт бамбарыг өнөөдөр асаана
2018 оны өвлийн олимпийн наадам эхлэхээс 108 хоногийн өмнө буюу өнөөдөр ийнхүү Олимпийн наадмын эх нутаг болох Грекийн Олимпиа хотод галт бамбарыг асаах ёслолын үйл ажиллагаа явагдахаар болсон ба үүний дараагаар бүтэн долоо хоногийн турш галт бамбарыг Грек улсын нутаг дэвсгэрээр 500 орчим тамирчид аялуулах юм байна. Тэдгээрийн дотор Өмнөд Солонгосын хөл бөмбөгчин Пак Жи Сун мөн багтаж байгаа юм байна. Үүний дараагаар Пёнчаны өвлийн Олимпийн наадам эхлэхээс яг 100 хоногийн өмнө буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт галт бамбар зохион байгуулагч Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд газардахаар болсон талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Ирэх долоо хоногийн мягмар гаригт Пёнчаны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зүгээс Грекийн нийслэл Афин хотод галт бамбарыг шилжүүлэн авч Сөүл рүү илгээх юм байна. Галт бамбарыг Сөүлд авчирсны дараагаар яг 100 өдрийн турш 7500 хүн, 2018 км замыг туулан төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашиглан галт бамбарыг аялуулснаар 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Пёнчан хотноо авчран асааж, өвлийн олимпийн наадмыг эхлүүлэх юм. Өмнөд Солонгос улсын газар нутгаар 100 өдрийн турш Олимпийн галт бамбарыг аялуулах энэхүү арга хэмжээ мөн Сөүл хотын төвд орших Гванхамун талбайд зохиогдох "G-100" хэмээх Солонгосын урлаг соёлын алдартнууд, к-поп урсгалын хамтлаг дуучдын оролцох концертын арга хэмжээгээр мөн давхар эхлэх юм. Үүгээрээ Өмнөд Солонгос улсын засгийн газар, ерөнхийлөгч Мүүн Жае Ин-ий засаг захиргаа Пёнчаны өвлийн Олимпийн зохион байгуулалт, бэлтгэл, сурталчилгаа зэрэгт өндөр анхаарлаа хандуулж байгаа нь харагдаж байгаа юм.
