Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгийг хуурай газарт туршихаа анхааруулав
Өнгөрсөн сард Умард Солонгос улс Номхон далайд устөрөгчийн цөмийн бөмбөг туршсанаас хойш Солонгосын хйогийн зөрчил хурцадмал байдалтай байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгос улстай дайсагнаж, ямар ч тохиолдолд Умардыг дарахад бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа.
Тэгвэл Умард Солонгосын албаны төлөөлөгч тун удахгүй дахин цөмийн туршилт хийх гэж байгаа тухай анхаарууллаа. Пхеньян дахь CNN мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа манай улс энэ удаагийн цөмийн туршилтаа усанд биш хуурай газарт хийнэ гэж мэдэгдсэн байна. Ри Ён Пил үргэлжлүүлэн манай улсын эрх баригчид хэзээ ч хоосон амладаггүй, өнгөрсөн сард Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн хэлсэн үг биеллээ олж бид устөрөгчийн хошуугаар цэнэглэсэн цөмийн бөмбөг туршсаныг мартаагүй байх гэсэн юм. Түүнчлэн АНУ-ын Засгийн газар цэргийн ажиллагаа болон цэргийн сургуулилалтын талаар ярьж, бидний эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь биднийг дарамтлах гэсэн оролдлого байх. Хэрэв ийм аргаар дипломат ажиллагаа явуулах нь зөв гэж бодож байгаа бол та бүгд маш их эндүүрч байна хэмээн Ри Ён Пил ууртайгаар хэлжээ. Трамп АНУ цэргийн ажиллагаанд бэлэн гэж өнгөрсөн 7 хоногт мэдэгдсэний хариуд Умард Солонгос улс ч мөн та бүгдийн бодож төсөөлөөгүйгээр дайны үйл ажиллагаанд бэлтгэгдсэн, удахгүй юу болохыг харах болно гэж үргэлжлүүлэн анхааруулсан байна. Умард Солонгос улс Солонгосын хойгоос гадна Номхон далайн хөрш зэргэлдээх орнуудад аюулзаналхийлсээр байгаа. Ирэх сард Ерөнхийлөгч Трамд Ази тивд айлчлахдаа хоёр Солонгосын хилийн заагт байрладаг зэвсэггүйжүүлсэн бүсэд зочилж магадгүй юм.
