Графитич Жэй.Ар: Миний бүтээл улс төрийг хүртэл хөдөлгөж чадсан
“Шоубиз” булангаар ойрд уран бүтээлчийн сонирхолтой ярилцлага хүргээгүй. Энэ удаад ЖР гэх уран бүтээлчийн нэгэн сонирхолтой ярилцлагийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Миний хувьд өөрөө графити урлагийг арван жилд байхаас л сонирхож өөрөө зурахыг оролдож ирсэн. Тиймээс энэ ярилцлагийг хүргэхэд тун сонирхолтой байлаа. Түүний хувьд Франц улсын иргэн бөгөөд нэр нь Jean Rene. Тиймээс өөрийгөө нэрийнхээ эхний хоёр үсгээр хочилж, уран бүтээлчийн нэрээ олж авсан. Түүний хувьд дэлхий даяар уран бүтээлээ хийдэг бөгөөд алдартай газруудын хана болон шалыг гайхалтай зургаар дүүргэж өнгө нэмсэн байдаг.
Сур: Өмнө нь та өөрийнхөө уран бүтээлийг улс төрийн өнгө аясгүй гэж байсан. Хэдий тийм боловч хууль бус хэмээн тооцогддог тул улс төртэй шууд холбогдох тал байдаг уу?
Жэй.Ар: Энэ нь гудамжинд үйлдэгдэх тул магадгүй шууд улс төртэй холбогддог. Хэдий тийм ч би өөрийнхөө ажлыг хууль ёсны хэмээн хэлэх дуртай. Учир нь хэдий засгийн газраас зөвшөөрөл авч асуухгүй ч, тухайн газар оршин сууж буй иргэдээс нь заавал асууж байдаг. Ерөнхийдөө хүмүүсээс асуух нь бяцхан санал асуулга явуулж байна гэсэн үг. Тиймээс үүнийг зөвшөөрөлд тооцож болно.
Сур: Гэхдээ заримдаа засгийн газартай нь хамтран ажиллах тохиолдол бий юу?
Жэй.Ар: Хэдэн жилийн өмнө Истанбулд бид хууль ёсоор нь хийхийг хүссэн юм. Хэдий тийм боловч хотын дарга нь бидэнтэй огт уулзаагүй. Тэд тийм, эсвэл үгүй ч гэж хэлээгүй. Барааг нь хараагүй. Хүнд суртал гэдэг зүйлтэй тулгарсан. Нэг өдөр бодлогширон суухдаа "Ядаж л бид оролдлоо шүү дээ" хэмээн өөртөө хэлсэн. Гэвч бид үргэлжлүүлэн өөрсдийн төлөвлөгөөгөө дагасан. Ерөнхий бүтээлийн хүрээнд тухайн хотын бүх түүхэн хүмүүсийг оруулж өгсөн. Тухайн зургийн хувьд тэр чигтээ улс төртэй шууд холбоотой байсан хэдий ч, огтхон ч засгийн газрын эсрэг эсэргүүцэх сөргөлдөх зорилго агуулаагүй.
Сур: Засгийн газрын зүгээс ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэн үү? Тэд хэрхэн хүлээж авсан бэ?
Жэй.Ар: Үнэндээ тухайн улсын хувьд тийм ч таатай хүлээж аваагүйгээр зогсохгүй, биднийг торгосон. Хэдий тийм ч гудамжин дахь иргэд бүгд биднийг дэмжиж байсан. Хэн нэгэн бидэнд зарим хэсгийг нь давхарлаж будсан зургийг илгээхэд, миний зүгээс өмнөх болон дараах зургийг твиттер хуудаснаа жиргэж Турк даяар хандалт авсан. Улмаар хандалт бараг улсын өнцөг булан бүрт хүрч, хотын зүгээс бидэнтэй холбогдож уучлалт гуйсан бөгөөд торгуулиа болиулсан. Хамгийн гол нь тухайн зургийг ахин пост хийхгүй байхыг хүсч, ахин өөр нэг ханан дээр бүтээл туурвиж үнэ хөлсийг нь хүртэл өгөхийг хүссэн. Зүгээр нэг саарал ханан дээр үүсгэсэн миний бяцхан бүтээл тэр олон хүнд хүрч, дээрээс нь улс төрийг хүртэл хөдөлгөж чадсан гэхээр гайхалтай байсан.
Сур: Берлинд үлдээсэн бүтээлүүд тань одоо хүртэл байж л байгаа. Ардчилал, ярих эрх чөлөө илүү хязгаарлагддаг Турк маягийн улсуудаас таны уран бүтээлүүд илүү түргэн хандалт авч буй мэт санагдаж байсан уу?
Жэй.Ар: Хяналт илүү ихтэй газруудад хийсэн миний бүтээлүүдийг тэр даруйд нь арилгуулж байсан. Гэвч миний хувьд үүнд огтхон ч гомдолтой байдаггүй. Олон нийтийн ярианы сэдэв болж, аливаа хүнд бага ч гэсэн бодол төрүүлж байвал миний зорилго биелсэн гэсэн үг. Тиймээс хэн нэгэн дээр нь зурж, шээж, будаж байсан ч нэг их асуудал байхгүй. Бүтээлүүд минь тухайн нийгэмтэй аажмаар уусч нэгдэж байдаг. Заримдаа бүтэл олно, заримдаа бүтэлгүйтнэ. Энэ бол миний уран бүтээлийн үйл явц. Заримдаа аливаа хүмүүсийг миний бүтээлийн талаар ярилцаж байх үед нь дундуур нь орж хамт ярилцахыг хүсдэг. Миний мөрөөдөл бол бүтээл агуулж буй гудамж бүрт нэгэн зэрэг очиж тухайн гудамжинд алхаж буй хүмүүстэй ярилцах явдал.
Сур: Гудамжийг нь хараад хэр ардчилсан улс болохыг тодорхойлох боломжтой юу?
Жэй.Ар: Миний аялж байсан улсуудаас хамгийн цэвэрхэн цагаан ханатай улсуудад л ардчилал хамгийн бага оршиж байдаг. Хэн нэгэн ханан дээр өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа нь тэнд ардчилал гэсэн нэртэй хоосон цаас оршиж буй мэт. Тийм газруудаас би хамгаас айдаг, бүтээлээ ханан дээр үйлдсэнийхээ төлөө үнэхээр том асуудалд орж ч мэднэ.
Сур: Гудамжийг яагаад дуу хоолойгоо хүргэх хамгийн чухал хэсэг хэмээн боддог вэ?
Жэй.Ар: Гудамж нь хүмүүсийн улс төрийн дуу хоолойгоо хүргэх чухал газар байсаар ирсэн. Графитийн урлагаар дамжуулан хүмүүс өөрийн илэрхийлэхийг хүссэн зүйлээ илэрхийлдэг. Зарим улсуудад энэ нь дуу хоолойгоо хүргэх магадгүй цорын ганц цам болдог. Тиймээс газруудыг ажиглаж явах сонирхолтой байдаг. Нэг газар ханан дээр цагаан хар зураг сараачих нь гэмт хэрэгт тооцогдож байхад, нөгөөд урлага хэмээн хүлээн зөвшөөрөгддөг.
