Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Дуучин Б.Маралжингоо: Миний амьдралд час хийсэн ганц л хайры

Дуучин Б.Маралжингоо: Миний амьдралд час хийсэн ганц л хайрын түүх бий

TV ZONE: Анхны бие даасан тоглолтынх нь сонин сайхнаас яриагаа эхэлье?

Б.Маралжингоо: Тоглолтоо зургаадугаар сарын 17-нд амжилттай хийсэн. Миний бодож байснаас ч илүү амжилттай болсон болохоор маш их сэтгэл хангалуун байна. Нэлээд удаан хугацаанд төлөвлөж, чамгүй бэлдэж хийсэн л дээ. Тоглолтынхоо араас хэсэг хугацаанд завсарлага аваад эргээд ажилдаа орчихсон явж байна.

TV ZONE: Тоглолтын мэдээлэл хүртээмжтэй цацагдаагүй юм шиг санагдсан. Гэнэтийн шийдсэн юм болов уу гэж бодсон шүү?

Б.Маралжингоо: Тоглолтын хувьд төлөвлөж байснаасаа жаахан өөрчлөгдсөн. Улирал болон зарим зүйлээс шалтгаалаад солигдчихсон л доо. Хэдийгээр миний төлөвлөж байснаас наана болсон боловч тухайн цаг үедээ тааруулаад сурталчилгаагаа хийгээд, бүх хөгжим, амьд тоглох бэлтгэл гээд нэлээд их зүйлийг богино хугацаанд хийх хэрэгтэй болсон. Миний тоглолтыг продюсерлож, найруулсан Р.Мөнхсайхан ах маань өмнө нь А.Хишигдалай, С.Зоригт гээд олон тоглолтыг амжилттай зохион байгуулж, найруулсан. Баг маань маш сайн байсан учраас олон юманд түүртэлгүй даваад гарлаа.

TV ZONE: Тоглолтоо дахиж хийгээч гэсэн хүсэлт хэр их ирж байна вэ?

Б.Маралжингоо: Энэ тоглолтоо дахиж тоглож магадгүй байгаа. Европ болон Америк дахь монголчуудаас хүсэлтүүд ирсэн. Монголдоо ч гэсэн энэ тоглолтоо дахиж тавиач, заавал том газар биш, жижигхэн ч хамаагүй газар болох юм бол дахиад үзмээр байна гэсэн хүмүүс болон үзэж амжаагүй хүмүүсээс нэлээд хүсэлт ирсэн. Тэгэхээр дахиж тоглолт хийх талаар бодолцож үзэж байгаа л даа. Нэгэнт ард нь гараад, бүх юмаа базчихсан тоглолт учраас дахиад тавихад арай хөнгөвчилсөн байна л даа.

TV ZONE: Тийм шүү, эртхэн мэдсэн бол хоцормооргүй очиж үзэх тоглолтуудын нэг гэж би хувьдаа бодсон. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

Б.Маралжингоо: Хамгийн сүүлд Ганг ах, Дэйзи эгч хоёрын үг, ая “Огторгуйд замхрахаас өмнө” нэртэй уран бүтээлээ дүрсжүүлж гаргасан. Тэрнээс өмнө “Miss you” дуугаа гаргасан гэх мэтчилэн уран бүтээлээ тасралтгүй хүргэж байна. Жилийн эхэн хагас гэхэд хоёр шинэ дуу, анхны бие даасан тоглолттой явж байна. Одоо шинэ төсөл эхлүүлчихсэн байгаа. Тун удахгүй үзэгчиддээ хүргэхээр тун шахуу ачаалалтай ажиллаж байна.

TV ZONE: Өөрийн чинь хувьд хэр төлөвлөж, тухайн төлөвлөгөөгөө барьж ажилладаг вэ? Хүн дор хаяж гурван жилийн төлөвлөгөөтэй байх ёстой гэж нэг ярилцлагандаа хэлсэн байсан. Ойрын төлөвлөгөөнөөсөө хуваалцвал?

Б.Маралжингоо: Хүн бүр амьдралын утга учиртай, төлөвлөгөөтэй байдаг. Тэгэхгүй бол цаг хугацаа нисээд л өнгөрчихдөг. Европчууд тухайн жилийнхээ үзэх үзвэрээ хүртэл, ер нь бүх юмаа детальчлаад төлөвлөчихсөн байдаг шиг надад тийм айхтар нарийн төлөвлөгөө байхгүй л дээ. Урлагийн болон олон төрлийн ажил давхцаж явдаг болохоор хийж байгаа ажлуудынхаа маршрутыг гаргаад, өөр хоорондынх нь зайг харж байгаад, энэнээс энэ хүртэл ийм зүйлийг хийсэн байна гэдэг ч юм уу зураглалаа гаргаж байгаад тэр төлөвлөгөөнийхөө дагуу явдаг л даа.

TV ZONE: Өөрийн чинь хувьд ЖИНХЭНЭ УРАН БҮТЭЭЛ бүтэх нюансыг маш тэвчээртэй хүлээж чаддаг дуучин гэж харагддаг. Гэтэл сонсогчдын зүгээс байнга л шинэ уран бүтээл нэхэж, шахалт үзүүлж байдаг шүү дээ.

Б.Маралжингоо: Харин тиймээ. Яах вэ, өмнө нь уран бүтээлчдийн цомгууд 10-15 дуутай, тэдгээрээс 2-3 нь л хүмүүст хүрдэг. Үлдсэн нь цомгийн бонус юм шиг болчихсон байсан. Одоо бол ихэнх уран бүтээлчид цомогтоо 4-6 дуутай, тэдгээртээ бүгдэд нь промоушн хийж, нэг ч гэсэн уран бүтээлээ чанартай бөгөөд үлдэцтэй байлгах гэж бодож хийдэг болчихсон юм болов уу гэж би бодож байна. Хэрвээ сайн уран бүтээл хийгээд, маш сайн продюсертай, мундаг багтай байж чадах юм бол дэлхийн хэмжээний дуучид шиг байж болно л доо. Ар араас нь шинэ уран бүтээл маш шахуу гаргадаг боловч тэдгээр нь тухайн цаг үеэ эзлээд, тэр үеийнхээ ХИТ байж чадаад, төлөвлөснийхөө дагуу “Гоол” хийж байгаа юм шиг уран бүтээлүүдээ амжилттай хийж болдог. Гэхдээ Монголын хувьд жаахан хүндрэлтэй. Нэг талаасаа маш авьяаслаг уран бүтээлч, нөгөө талаас ур чадвартай маш том продюсерийн баг шаардагддаг гэхчилэн олон зүйл байна л даа.

TV ZONE: Өдөр бүр маш олон дуу шинээр гарч, чихэнд хоногшиж амжаагүй шахуу байтал дараагийнх нь түрэн гарч байна шүү дээ. Өөрийн чинь хувьд цөөхөн мөртлөө сонсогчдын сэтгэлд буусан ХИТ дуунуудтай, чадварлаг уран бүтээлчдийн нэг гэж дүгнэдэг л дээ...

Б.Маралжингоо: За баярлалаа. Солонгосын хэмжээнд гэх юм бол уран бүтээл, урлаг болон тухайн бараа бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахын тулд улсаасаа дэмждэг. Тиймдээ ч уран бүтээлчиддээ тооны хязгаар заачихсан байдаг. Уран бүтээлч мундаг “Од” болоод явж байтал дараагийн шинэ “Од” гарах ёстой бол өмнөхийгөө шууд хасдаг. Тэрнээсээ болоод том том одод нь амиа хорлолт маш их гардаг. Манайд бол харьцангуй чөлөөтэй. Авьяаслаг, уран бүтээлч сэтгэлгээтэй хүүхэд уран бүтээл хийхийг хүсвэл өөрөө л тэмцээд, өөрөө л юмаа хүргэж чадаж байвал ямар нэг хүн саад болдоггүй. Төрөөс зохицуулсан бодлого байдаггүй. Энэ нь муу гэсэн үг биш л дээ. Яагаад гэхээр, хэчнээн хоёр сая хүнд 200 мянган уран бүтээлч байлаа ч гэсэн сонсогч нар сонсохоо л сонсоод, үлдэх ёстой нь үлддэг учраас чанарын ялгаа байдаггүй юм болов уу гэж боддог.

TV ZONE: Өмнө нь уран бүтээлээсээ хэсэг завсарлаж, эргэн ирж байсан. Одоогоор уран бүтээлдээ эрчимтэй ороод байна. Дахиж завсарлахгүй биз дээ? Уран бүтээлийн төлөвлөгөөгөө хуваалцахгүй юу?

Б.Маралжингоо: Би дахиад шинэ цомог гаргахаар ажиллаж байна. Ирэх жил шинэ найруулгатайгаар амьд хөгжимтэй шинэ тоглолт хийх юмсан гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол яг товлоод тогтчихоогүй байна. Тэр хүртэл явахын тулд би уран бүтээлүүдээ маш шаргуу хийж, прожект хийх хэрэгтэй болно гэхчилэн төлөвлөсөн маш их ажил байна л даа. Одоо бол уран бүтээлчидтэйгээ хөгжмийнхөө найруулга болон бүтээлээ яриад явж байна. Нэг эхлэчихээрээ уран бүтээлүүд урамтай явчихдаг. Намраас эхлээд шинэхэн уран бүтээлүүдээ гаргаад эхлэнэ дээ.

TV ZONE: Удаан хугацаанд хамтарч ажилласан уран бүтээлийн багтайгаа ажиллаж байгаа гэж хардаг. Уран бүтээлчдээс өөр хэнтэй хамтарч ажиллахыг хүсдэг вэ?

Б.Маралжингоо: Одоогоор яг тэрэнтэй, энэнтэй хамтрах юмсан гэж бодож амжаагүй л байна. Манай Монголд маш олон авьяастай залуучууд байгаа шүү дээ. Жишээ нь би Чойжоог сонсох дуртай. Хөгжмийн маш өндөр мэдрэмжтэй. Гарч байгаа хөгжмүүд нь үнэхээр сайн, өөр хоорондоо адилгүй хэрнээ давтагдашгүй. Хөгжимдөө бүхнээ зориулчихсан залуу байдаг. Гэх мэтчилэн тэдэнтэй хамтраад маш гоё гоё уран бүтээлүүдийг гаргах юмсан гэж боддог. Хийхийг хүссэн, хийх гэж байгаа, хийж байгаа маш олон зүйл байгаа учраас урамтай сайхан өдөр хоногууд хөвөрч байна.

TV ZONE: Олон ажлыг зэрэг хийдэг гэж байсан. Нууц биш бол тэдгээрээсээ дурьдаж болох уу?

Б.Маралжингоо: Миний хувийн ажил байдаг. Үүнээс гадна урлагийн ажил гээд салаалаад явчихаар нэг хүнд бол ойлгомжтой их болоод л явчихна л даа. Аль алийг нь тэнцүүхэн амжуулаад явж байгаа болохоор жаахан зав муутай болчихдог. Зэрэг зэрэг ажил амжуулаад сурчихаар, зүгээр суухаараа стрессдээд эхэлдэг. Тэгэхээр хэмнэлээрээ л байхгүй бол болдоггүй.

TV ZONE: Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? Иогаар хичээллэдэг гэсэн. Эрүүл мэнд, биеийн галбир, спортлог байдалдаа хэрхэн анхаардаг вэ?

Б.Маралжингоо: Би спортоор нэг их хичээллээд байдаггүй. Мярайлаг байж байгаад турж байх явцдаа фитнессэр хичээллэдэг байсан. Одоо бол өдөр тутмын дэглэм бариад, хөдөлгөөнтэй, дээр нь залуу хүн болохоор бодисын солилцоо хурдан явагдаж болоод л байна даа. Иогаар хичээллэх надад их зүгээр санагдсан. Иог биеийн хүч шаардахгүй хэрнээ биеийг тайвшруулж хийдэг. Булчин суллаж, биеийн жин хасаад, сэтгэл санааны түвшинг ч гэсэн тэнцвэржүүлж, олон талын эерэг өөрчлөлт өгдөг юм билээ. Болж өгвөл манай залуучууд өглөөд гараад гүйчихдэг, иогаар хичээллээсэй гэж боддог. Би нэг зүйл анзаардаг л даа. Манай залуучууд замын хөдөлгөөнд оролцож байхдаа ч тэр, жижиг зүйл дээрээс маргалдаж байхдаа ч тэр маш их стресстэй, муйхар уцаарын түр панеканд орж байна. Энэ нь тэр хүн сэтгэл дотроо буглаатай, тавигдаагүй стресстэй байгаагийн шинж л дээ. Хүн спортын аль нэг төрлөөр хичээллээд эхлэхээр цаанаасаа өөр болоод явчихдаг. Төрөлхийн ноомой, гутранги байдалтай үгүйгээс шалтгаалахгүйгээр фитнесст гүйчихээр тэр хүний сэтгэл санаа өөдрөг болчихдог. Тэгэхээр залуучууд иог хийгээд амьдралдаа хэвшүүлчихвэл нийгмийн уур амьсгал өөр болох болов уу гэж боддог.

TV ZONE: Оюун санаагаа юугаар цэнэглэдэг вэ?

Б.Маралжингоо: Оюун санаагаа хөгжүүлэх, цэнэглэх тал дээр яг нэг барьж авсан зүйл байдаггүй л дээ. Олон зүйлээс цэнэглэгддэг шүү дээ. Сүүлийн үед гэх юм бол  Ошогийн номыг уншсан. Уншиж байхад яг тийм шүү дээ, нээрээ л тиймдээ гэсэн олон зүйлүүд гарч ирж, тайвшруулж байсан. Хүн зөв мэдээллийг авахдаа нээрээ тийм гэж өмнө нь мэдэж байсан юм шиг хүлээж авдаг шдээ. Тэгсэн хэрнээ өнөөх мэдээлэл нь өөрийг нь тэлээд оюунлаг болгож байдаг. Яг тэр тал дээр Ошогийн ном эерэг, юмыг тултал нь тайлбарладаг юм шиг санагдсан. Урлагийн төрлүүд оюуныг маш их хөгжүүлдэг. Хөгжим бүжгийн коллежийн урлагийн ангийн хүүхдүүд илүү оюунлаг байдаг. 3, 4 настайгаасаа эхлээд Бах, Шопен, Чайковскийн бүтээлүүдийг тоглохоор нюанс, хүний сэтгэл хөдлөлийг маш нарийн гаргаж ирдэг. Тоглохдоо хүүхдийн сэтгэлгээгээр хандах боломжгүй болчихдог. Хөгжмийн өргөлт босолтуудыг мэдрэхийн тулд өөрийгөө маш сайн хөгжүүлж байж, тухайн бүтээлийн сэтгэлзүйд өөрийгөө аваачиж байж, тэр хөгжмийг илэрхийлж тоглодог. Ялангуяа сонгодог хөгжим хувь хүний төвөлшил, оюуны хөгжилд маш их эерэг нөлөөлдөг.

TV ZONE: Айдас гэдэг өөрийн чинь хувьд юу вэ? Кинонд тоглох хүсэлтэй ч үүнийгээ олон жил дотроо хадгалж яваа нь өөрийн чинь айдастай холбоотой юу?

Б.Маралжингоо: Кино гэхээр мэдэхгүй зүйл олон. Яах вэ,  айх ч шаардлагатай л даа. Би ёстой айхгүй байна, ард нь даваад л гарна гээд бодохоор нэг талдаа явцуу. Гэхдээ хэзээ ч хойш сууж болохгүй л дээ. Би яг одоо кинонд тоглохыг хүсч байна. Надад кино олдох нь уу гэж биш, хэрвээ болвол цаанаасаа тохиол нь бүрдээд, дүр нь надад ойрхон, эсвэл ойрхон биш хэрнээ үнэн тоглохоор бууж чадаж байвал ямар ч дүрд тоглож болно. Яагаад гэхээр кино урлаг бол маш сонирхолтой шүү дээ. Цаг нь болоод, тохиол бүрдвэл тоглоно оо.

TV ZONE: Аав нь уран бүтээлд чинь оролцоод байхгүй ч гэсэн байнга сэтгэл тавьж, их дотно харилцаатай байдаг “Аавын охин” юм болов уу гэж хардаг.

Б.Маралжингоо: Тиймээ, аав маань Замын-Үүдэд байгаа л даа. Өчигдөр Аавуудын баярын өдрөөр аавтайгаа утсаар ярьсан. Дотны хувьд бол аав, ээж хоёртойгоо маш дотно. Аав маань хүүхдүүдээ өөрөөр нь байлгаад, үеийн юм шиг харьцаж чаддаг. Ээж маань ч гэсэн ах, дүү бид гуравт амь байж чаддаг учраас тэдэнтэйгээ нэлээд ойр. Магадгүй тусдаа байсан чиг л аав, ээжтэйгээ хамт өтлөх тийм дотно гэх юм уу даа.

TV ZONE: Аавтайгаа хамт пянз цуглуулдаг гэж байсан. Өөр юу юуг хамт хийх дуртай вэ?

Б.Маралжингоо: Аав маань Led Zeaplin, хуучны LCDC гээд дээр үеийн гранж хамтлагууд болон мэдэхгүй олон сонин хамтлагийн пянзны цуглуулгатай. Багадаа хипстер сэтгэлгээгээр тэдгээрийг сонирхож, сонсож байсан болохоос биш дууг нь цээжлээд, автаж байгаагүй. Ингээд бодохоор манай аав надаас илүү урлагийн хүн байгаа байхгүй юу. Саяхан нэг найз маань ярилцлага уншсан уу яасан, надад пянз тоглуулагч бэлэглэсэн. Хадгалчихсан байсан пянзнуудаа авчирч ажиллагаанд оруулах гээд л... Ярилцлага, бас зөв мессежүүдийг хүргээд, маш үр дүнтэй байдаг юм билээ /инээв/. Пянз гэснээс тэр найздаа баярласнаа хэлье.

TV ZONE: Гэр бүлийн тал дээр хэрхэн төлөвлөж байгаа вэ?

Б.Маралжингоо: Яг айхтар төлөвлөсөн юм байхгүй л байна. Нэг их айхтар оройтчихлоо гэж ч боддоггүй л дээ. Эрт амьдрал эхлүүлчихсэн сайхан амьдарч байгаа хүмүүс байна. Орой учирсан ч гэсэн хоёр талаасаа бүр илүү боловсронгуй болчихсон арай илүү үнэн бөгөөд, илүү барьцтай харилцаа үүсгэж байгаа хүмүүс ч байдаг. Би бодохдоо оройтлоо гэх ч юм уу тиймэрхүү зүйлд ач холбогдол өгдөггүй. Хувийн харилцаа юм чинь явж байгаад л болно гэж боддог.

TV ZONE: Дурлаж, хайрласан үедээ Маралжингоо ямар эмоци, сэтгэлийн хөдөлгөөн гаргадаг бол...

Б.Маралжингоо: Дурлаж хайрласан үе бол хүнийг аз жаргалтай болгодог шүү дээ. Цаанаасаа инээд хүрээд л, хүн амьтны хажууд инээчих гээд л... Өөр болгодог. МУГЖ, дуучин Т.Ариунаа эгч “Эгч нь дахиад нэг дурлачихмаар байна. Дурлах шиг сайхан юм байхгүй...” гэж ярьсан ярилцлагыг нь уншиж байсан. Тэгэхээр хамгийн аз жаргалтай болгодог, хүний амьдралд цөөхөн хэрнээ маш үнэ цэнэтэй үлддэг зүйл юм уу даа. Би амьдралдаа айхтар хүнд дурлаад, буцаж унтраад л, буцаж дурлаад л байсангүй. Харилцаа ч гэсэн цөөхөн. Миний амьдралд час хийсэн ганц л түүх бий.

TV ZONE: Час хийсэн дурлалаа ямар уран бүтээлдээ шингээсэн бол? Нэрлэж болох уу?

Б.Маралжингоо: Тиймээ, нэг дуу байдаг. Тухайн үйл явцын үед гарч байсан дуу л даа. “Би нисч явна” дуундаа маш их дуртай. Тэр дуугаа сонсохоор маш хөнгөн. Би уул нь дуу дуулахдаа драматик, арай нэг өтгөн доош нь дуулдаг. Тэр дуугаа сонсохоор хөвөөд л, хөвөөд л, маш хөнгөн хэрнээ жаргалтай, гэгэлзүүр сонсогддог. Тэгэхээр хайр дурлал хүнд маш их нөлөөлсөн байгаа биз. Уран бүтээлд ч гэсэн маш их контрас үүсгэдэг.

TV ZONE: Сэтгэлээр унасан үедээ хэрхэн босч ирдэг вэ?

Б.Маралжингоо: Би сэтгэлээр унахдаа амархан л даа. Сэтгэлээр маш их унаж, тэрэндээ цаг их алдах зүйл байдаг. Сэтгэлээр унасан үедээ аливаа асуудалтайгаа яг нүүр тулаад бодох дуртай. За за энийг хурдан мартъя гэхээсээ илүү бясалгаад, асуудлаа ойлгоод, хүлээн зөвшөөрөөд, үнэхээр чадахгүй юмаа ойлгоод хаях, эсвэл тэрийгээ ахиж өөр дээрээ аваад, ажиллаж цаг алдахгүй нүүр тулах нь чухал юм шиг санагддаг л даа. Асуудлаас зугтах, нүүрээ буруулах нь тэгээд дараагийн л асуудлыг дууддаг юм шиг санагддаг. Тухайн үедээ тайван байхыг хүсч байгаа ч тэр тусмаа дотроо байгаа юмнаасаа маш сайн ангижрах нь зөв. Зурагт үзэж юм уу, хальтхан үзсэн үзэгдлээр өөрийгөө хуурахаасаа илүүтэй дотроо байгаагаа цэгцэлчихээд тэгээд тайвшрах нь чамд урт удаан бөгөөд үнэн тайвширал юм.

TV ZONE: Ярилцлагаа залуучуудад хандаж хэлэх таны уриалгаар өндөрлүүлье.

Б.Маралжингоо: За, миний хувьд залуучуудад хамгийн хэрэгтэй зүйл юу гэж санагддаг вэ гэхээр хүн тухайн үеийнхээ нөхцөл байдалд хязгаарлагдаад аливаа юмыг өргөн дэлгэр харж чаддаггүй. Боловсролтой ч бай, боловсролгүй ч бай, баян ч бай, ядуу ч бай, ямар ч тохиолдолд сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Ямарваа нэг зүйлийг эхлүүлэхэд, хийж эхлэх, алдаа гаргаад буцаад босгоход хэзээ ч оройтддоггүй. Галт тэрэг явчихлаа гэж санаа зовохын оронд сэтгэлийн хатаараа даван туулж чадна. Ямарваа нэг юмныхаа ард нь гарч, дараагийн үр дүнг нь үзэж байж дараагийнхаа зүйлийг эхлүүлж сураарай. Юманд битгий шантарч байгаарай гэж хэлмээр байдаг. Хүний амьдралд энгийн юм шиг хэрнээ хамгийн хэрэгтэй зүйл бол явж явж энэ л байдаг. Бусад зүйл бол аяндаа өөрийн чинь хичээл зүтгэлээр, адал явдлаар цэцэглээд л явчихна. Тэр тусмаа өнөөдрийн Монголд тэвчээртэй, сэтгэлийн хаттай байх ёстой юм болов уу гэж би боддог.

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш