Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › Эзэн Хаан Бумибол Адулядежийг сүүлчийн замд нь үдэх гэж байн

Эзэн Хаан Бумибол Адулядежийг сүүлчийн замд нь үдэх гэж байна

Тайландын Эзэн хаан Бумибол Адулядеж жилийн өмнө 88 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл эзэн хааны шарилыг чандарлаж эцсийн замд нь үдэх ёслол энэ 7 хоногийн лхагва гаригт эхлэх гэж байна. 5 хоног үргэлжлэх оршуулгын ёслолд Тайландчууд бэлтгэл сайтай байна. Бумибол хааныг 9 дүгээр Рама хаан ч гэж нэрлэдэг байсан юм. 70 жилийн турш хаан ширээнд суусан тэрээр өнөөгийн Тайланд улсын 9 дэх хаан байжээ. Хэдийгээр Парламентын засаглалтай ч эзэн хаан бол сүр жавхлан, итгэл найдварын агуу том бэлгэдэл юм. Тиймээс хааны удмынхныг бүхнээс дээгүүрт хүндэлдэг байна. Эзэн хааныг таалал төгссөнөөс хойш ариун биеийг нь хадгалж бүтэн жил эмгэнэн гашуудаж ийнхүү эцсийн замд нь үдэх гэж байна.Пүрэв гаригт хааны биеийг 2,000 гаруй цэргийн хамт чандарлах газарт авчрах юм. Өглөөний 10 цагт 3 үе шаттай үргэлжлэх чандарлах үйл явц эхэлнэ. Улс орон даяар шууд дамжуулж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах юм байна. Бумибол хаан Тайландын түүхэнд хамгийн удаан хаан ширээнд суусан хүн. Хүйтэн дайны үеийн коммунист дэглэмтэй улс орныг өнөөгийн аялал жуулчлал хөгжсөн орчин цагийн улс болгож чадсан гавьяатай юм. Түүний чандрыг Сумэру уулын Буддын шашны сүм хийдийн төвд 50 метр өндөр суваргад хадгалахаар болсон байна. Гол суваргыг тойроод 8 жижгэвтэр суварга босгожээ. Эзэн хааны бунханг барихаар олон зуун урчууд бараг жилийн турш ажиллаж хааны хайртай 2 нохойны хөшөөг гол суваргын дэргэд урласан байна.