Улаанбаатар · 2026.10.20 Бүх мэдээRSS

Үндэсний мэдээллийн сайт

Эхлэл › ?Miss Mongolia 2017? Дэд мисс Д.АНУНДАРЬ: Залуу нас, бүхнээ

?Miss Mongolia 2017? Дэд мисс Д.АНУНДАРЬ: Залуу нас, бүхнээ надад зориулсан ээжийнхээ ачийг хариулна

TV ZONE : Юуны өмнө Дэд миссийн титмийн эзэн болсонд баяр хүргэе.

АНУНА: Баярлалаа, “Miss Mongolia 2017” тэмцээнээс хойш анхны ярилцлагаа танай сэтгүүлд өгч байгаадаа баяртай байна.

TV ZONE : Аливаа тэмцээн, уралдаан гэдэг хувь хүнд өгөх өгөөж ихтэй байдаг шүү дээ. Миссийн тэмцээндээ хэрхэн оролцов, таны хувьд туршлага болов уу?

АНУНА: Миссийн тэмцээнд 25 хүртэлх насныхан оролцох боломжтой байдаг. Удаан бодож явсан л даа. Тийм болохоор гэнэт шийдээд л нэг сарын хугацаанд 8 кг жин хасч тэмцээндээ оролцсон. Хоолны дуршил өндөр байсан болохоор богино хугацаанд жин хасах хүндхэн байсан ч байсан өөрийгөө ялан дийлж, тэмцээндээ оролцож чадсан.

TV ZONE : Бяцхан охидын мөрөөдөл нь гүнжийн титэм байдаг. Миссийн тэмцээнд амжилт гаргаж “жинхэнэ” титэм тэргүүндээ залах тэр мэдрэмж ямар байв?

АНУНА: Би өмнө нь “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцож байсан. Таван жилийн дараа даагаа нэхэж дахин оролцсон. Мэдээж хүн тэмцээн уралдаанд түрүүлнэ л гэж ордог. Миний хувьд зорилгоосоо арай доохнуур бууж, Дэд миссийн титэм авлаа. Гэхдээ тайзан дээрх миний хичээл зүтгэл, тэр бүгдийг үнэлж өгсөн тэр титмийг тэргүүндээ зүүх мөч бол үнэхээр гоё байдаг юм билээ. Таны хэлснээр багадаа бусад охидын л адил титэм зүүж гүнж гэж тоглодог, мөрөөддөг байлаа. Мөрөөдөл бодит болох тэр агшин үнэхээр баяр жаргалтай сайхан мэдрэмж мэдрүүлсэн.

TV ZONE : Ээжийнх нь урласан усны хувцас аз, амжилт дагуулж “Пикини мисс” болсон, үнэхээр сайхан?

АНУНА: Богино хугацаанд жин хасч тэмцээндээ ороод “Пикини мисс” болсондоо маш их баяртай байна. Манай ээж Д.Наранцэцэг гэж загвар зохион бүтээгч мэргэжилтэй хүн бий. Эмээ маань ч гэсэн юм оёдог байсан. Удмаараа уран гартай хүмүүс байдаг юм. Ямар ч үед, ямар ч тэмцээн уралдаанд оролцоход ээж маань тусалж, дэмжиж ард минь зогсож чаддаг. 14 оролцогчийн дунд ээжийн маань урласан усны хувцас хамгийн гоё, хамгийн содон нь байсан. Тэр үед ээжээрээ маш их бахархаж, маш их хайрласан. Ээжийн маань сэтгэлээ шингээж, гараа гаргаж урласан усны хувцас амжилт гаргахад минь хамгийн гол дөхөм болсон гэж боддог.

TV ZONE : Гоёлын даашинзуудыг нь ч мөн ээж нь урласан уу?

АНУНА: Тэмцээн уралдаанд оролцоход нэлээд хэдэн гоёлын даашинз хэрэг болдог л доо. Чухал тайзан дээр өмсөх даашинзаа Precious мэргэжлийн хувцас загварын салоноор урлуулсан. Бусад даашинзыг ээж маань урласан. Уран гартай ээжтэй болохоор жаахан давруу. Би багаасаа л содон хувцаслалттай, загварлаг ганган охин байсан. Триконоос бусад бүгдийг нь л урлаж өгнө. Сэтгүүл, интернэтээс харсан загвараа бариад л яг ийм загвар, яг ийм материалаар ийм юм хийлгэе гэдэг. Тэр бүгдийг маань ээж хийж өгдөг. Даашинзууд, хавар намрын пальто, цув, зуны хувцас гээд надад хэрэгтэй бүх л хувцсыг ээж маань надад зориулж цор ганц хувь урлаж өгдөг. Тэгэхээр би их азтай.

TV ZONE : Тэгэлгүй яахав. Загвар өмсөх болсон нь ээжтэй чинь холбоотой байх нь ээ?

АНУНА: Тиймээ, ээж маань өөрийн урласан хувцсаараа “Гоёл” наадамд оролцдог байсан. Тэр бүгдийг багаасаа харж өссөн. Ээж маань урт хөлтэй, нарийхан бэлхүүстэй маш гоё модель зураад л дээр нь загвараа зохионо. Зурагнуудыг нь хараад “Ийм гоё эгч нар шиг том болоод гоё хувцас өмсвөл гоё доо...” гээд л боддог байсан. Загвар өмсөж эхэлсэн нь ээжтэй маань холбоотой.

TV ZONE : Өөр мэргэжилтэй юм билээ. Хөтлөгчийн карьерийн хувьд хэрхэн эхлүүлж байв?

АНУНА: Би өөрийнхөө хүсэл сонирхлыг хожуу нээсэн л дээ. 2010 онд 16 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн. ШУТИС-ийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Би багаасаа илтгэх урлагийн тэмцээнд оролцдог, ангийнхан дундаа илүү чөлөөтэй ярьдаг хүүхэд байсан. Хоёрдугаар курсэд сурч байхад “Хүнтэй харилцах чадвар сайтай юм чинь маркетингийн менежерээр ажиллаач” гэсэн ажлын санал хүлээж авсан л даа. Тэгээд “Soft entertainment” студид маркетингийн менежерээр ажиллаад 5 хонож байлаа. Том компаний рекламыг хийхээр цаг авчихсан, хүмүүс нь хүлээгээд байдаг, харин хөтлөгч маань ирэх боломжгүй болчихоод байсан үе л дээ. Тэр үед Гүйцэтгэх захирал “энэ удаагийн хөтлөлтийг чи хий” гэж зоригжуулж, аргагүй байдалд ороод л хөтлөсөн. Эхлэл, дунд, төгсгөл хэсгийнхээ текстийг цээжлээд, микрофон бариад бичүүлсэн. “Болж байна, маш сайн байна, маркетингийн менежер биш хөтлөгч хий, бага зэрэг заавар зөвлөгөө өгье” гэсэн урмын үг сонсож, тэр цагаас хөтлөгч хийж эхэлсэн. Санаандгүй байдлаар өөрийнхөө чадварыг нээж, чин сэтгэлээсээ дуртай ажлаа олсон. Насан туршдаа ажиллах мэргэжлээ хожуу нээсэн.

TV ZONE : Аялал жуулчлал, мисс загвар өмсөгч, хөтлөгч гээд хос морьтой бүсгүй маань цаашдын карьераа хэрхэн харж байгаа бол гэдэг сонирхолтой байна?

АНУНА: Арваннэгдүгээр ангиа төгсөөд юунд тэмүүлж, ямар ажил мэргэжилтэй болохоо мэдэхгүй байсан. Гэр бүлийнхнийхээ зөвлөгөөг дагаж, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж төгссөн. Загвар өмсөгч бол залуу насны ажил. Тэгэхээр хаа хүрч чадах эцсийн цэг хүртлээ загвараа өмсөнө. Телевизийн салбар, загвар өмсөгчийн ажил хоорондоо олон талаараа холбогддог. Тэгэхээр ирээдүйн бүх зүйлийг телевизийн салбараар хардаг. Дуу хоолой нь сонсоход л дүр төрх нь тодордог алдартай хөтлөгчид шигээ болохыг хүсдэг. Өөрийн гэсэн брэнд нэвтрүүлэгтэй болж, зөвхөн Монголдоо төдийгүй Дэлхийд танигдахыг хүсдэг.

TV ZONE : Тун удахгүй загвар өмсөгчдийн хүсэн хүлээдэг “Гоёл” наадам болох гэж байна. Топ моделийн төлөө өрсөлдөж яагаад болохгүй гэж? Ингэж бодож байв уу?

АНУНА: Бодож байсан. Хэдэн жил “Гоёл” наадамд оролцож байсан. Би тийм ч өндөр нуруутай биш, стандартын шаардлага хангасан туранхай биш. Тийм болохоор Топ модель гэхээсээ илүү өөрийн өгөгдөл, биеийн порпорц, сонирхол маань миссийн тэмцээнд чиглэгдсэн. Энэ чиглэлээрээ ч олон тэмцээн уралдаанд оролцъя гэж бодож байгаа. “Misss Mongolia” тэмцээний эхний гурван байрын эзэд гадаадын том тэмцээнд эх орноо төлөөлж оролцох эрхтэй болдог. Тэргүүн титмийн эзэн “Miss international”, Дэд мисс “Miss Asia pacific international” тэмцээнд оролцох эрх авдаг. 11-р сарын 10-аас 12-р сарын 2-нд Филлипинд зохиогдох “Miss Asia pacific international” тэмцээндээ бэлдэж байгаа. Тамирчид тэмцээнд явахаасаа өмнө байнгын бэлтгэл хийдэгтэй адилхан ажлынхаа хажуугаар бэлтгэлээ базааж л байна. Гоёл наадамд оролцох хүсэл байгаа ч тэмцээнд явчих болохоор орж чадахгүй.

TV ZONE : Миссийн тэмцээний авьяасын тэмцээнд юу үзүүлэх гэж байна вэ? Өөрийн чинь сонирхол хобби, авьяас юу вэ?

АНУНА: Ээж маань дизайнер болохоор ч тэр үү би маш гоё зурдаг. Арван жилдээ дүрслэх урлаг, хөдөлмөрийн хичээлдээ сайн байсан. Зурах тал дээрээ авьяаслаг гэж боддог. “Miss Mongolia” тэмцээнд “Өэлүн эх” гэж монгол бичгээр каллиграф зураг зурсан. Филлипинд зохиогдох тэмцээндээ ч гэсэн энэ төрлөөр оролцоно. Төгөлдөр хуур, хийл хөгжим тоглох сонирхолтой ч хөгжим авч явахад овор ихтэй, хөг алдагдах гэх мэт хүндрэл үүснэ. Тийм болохоор үзэгчдэд сонирхолтой, монгол улсынхаа хэл бичгийн онцлогийг илэрхийлэх энэ төрлийг бэлдэж оролцоно.

TV ZONE : Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

АНУНА: Чөлөөт цаг бараг гардаггүй. Маш завгүй байдаг л даа.

TV ZONE : Тэгвэл юунд зорьж цаг гаргаж байна вэ?

АНУНА: Маш завгүй ажилладаг учраас хамгийн түрүүнд арьсаа амраахыг зорьдог. Телевиз, тайзын аль аль нь хурц гэрлийн доор ажилладаг болохоор анхаарахгүй байж болохгүй. Гэрийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэхийг хичээдэг. Чөлөөт цаг гарах юм бол ээжтэйгээ хамт гадуур хооллодог ч юмуу, кино үздэг ч юмуу хамт байх дуртай. Ээж маань чөлөөт сэтгэлгээтэй хүн.

TV ZONE : Ээж нь бүх л анхаарлаа өөрт чинь хандуулдаг болохоор айлын ганц хүүхэд юм болов уу гэж бодож байна.  Гэрийнхэнтэй нь танилцъя.

АНУНА: Тиймээ, би айлын ганц хүүхэд. Аав маань тусдаа амьдрал зохиосон. Би хоёр дүүтэй. Тийм болохоор ээжийнхээ хувьд зөвхөн би л байдаг гэсэн үг. Ээж маань бүх л сэтгэл зүрх, залуу нас, бүх зүйлээ надад зориулсан учраас би чадахаараа ачийг нь хариулахыг хичээдэг. Аль болох хамт байж, хамтдаа цагийг өнгөрүүлэх дуртай. Мэдээж найз нөхөдтэйгээ уулзах цаг зав гаргана л даа. Сүүлийн үед фитнесс, иогаар хичээллэж эхэлсэн. Тэмцээний тайзан дээр эрүүл чийрэг, чанга биетэй харагдахын тулд фитнесс, эрүүл хооллолтонд илүүтэй анхаарч байгаа.

TV ZONE : Миссийн тэмцээнд хандах монголчуудын хандлагыг хэрхэн харж байна вэ?

АНУНА: Өмнөх жилүүдэд сөрөг хандлага их мэдрэгддэг байсан. Сүүлийн хоёр жил завсарлаад эргээд тэмцээнд оролцоход, хүмүүсийн хандлага маш гоё эерэг болсон байна. Орчин үед хүмүүс их гоё чөлөөтэй сэтгэж, хандлага нь ч эерэг болсон. Өмнө нь мисс, моделийн тэмцээний ялгааг тэр бүр анзаардаггүй ч юмуу эсвэл бүр ойшоодоггүй байсан. Нүүрээ гоё будаад л, үсээ янзлуулж, гоё хувцас өмсөж, тайзан дээр гоё алхаж, камерын өмнө инээгээд л болчихдог маш амархан ажил гэж боддог байсан бол жил ирэх тусам зөвөөр ойлгож эхэлж байгаад нь баярладаг. Миссийн тэмцээний зорилго, ямар учраас зохиогддог талаар ойлголт бага байна. Энэ бүгдийн ард маш их хичээл зүтгэл, чармайлт, жижигхэн боловч маш их зүйл байдаг. Миссийн тэмцээн дэлхий дахинд энхтайвныг уриалдаг. Хөгжиж байгаа улс орнууд л миссийн тэмцээн зохион байгуулна шүү дээ. Олон улсад Монгол улсаа төлөөлж оролцох эрхийг хэнд ч хамаагүй өгчихөж болохгүй шүү дээ. Авьяас, Пикини, Спорт ... гээд зургаан төрлөөр 20 гаруй хоногийн турш үргэлжилж, хувь хүнийх нь хүмүүжлийг ч гэсэн таньж, сорьсны үндсэн дээр тэр тэмцээний эрхийг олгодог. Олон улсын нэр хүндтэй тэмцээн уралдаануудад монгол улсынхаа нэрийг гаргах, хүчтэй өрсөлдөгч байж, олон сайхан амжилт гаргаж, сайхан мэдээ дуулгах болно гэдэгтээ итгэлтэй байна. Хичээх болно.

TV ZONE : Ээж, охин хоёр эх орноо төлөөлж “ Miss Asia pacific international ” тэмцээндээ бэлдээд завгүй байх үе таарсан ч бидний урилгыг хүлээж авсанд талархал илэрхийлье. Тэмцээнд нь амжилт хүсье. Дахин сайхан мэдээтэй, эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.

АНУНА: Баярлалаа, ерөөл бат оршиг ээ. Танай сэтгүүлийн хамт олонд хамгийн  сайн сайхан бүхнийг хүсье. Хичээх болно.

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш

Үс засалт: Стилист Г.Сувд-Эрдэнэ